Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Алтны салбарыг ногооруулахаар төр, хувийнхан хамтарна

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам (БОНХЯ) болон Алт үйлдвэрлэгчдийн холбоо өнөөдөр Алтны үйлдвэрлэлийн салбарт нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхайг нэвтрүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь уг салбарт хариуцлагатай уул уурхайг нэвтрүүлэх болон метал авалтын түвшинг хамгийн дээд хэмжээнд байлгахуйц дэвшилтэт техник технологийг ашиглах үндсэн зорилтыг тусгажээ.

Мөн энэ үеэр “Алтан Дорнод Монгол” компани нөхөн сэргээлтийн чиглэлд үлгэр дууриал болохуйц ажилласныг үнэлж, БОНХЯ тус компанид өргөмжлөл олгосон юм. Өргөмжлөлийг Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд сайд Б.Тулга тус компанийн Гүйцэтгэх захирал Т.Ганболдод гардууллаа. “Алтан Дорнод Монгол” компани нь Заамар сумын нутаг дахь Бага Хайлааст, Дунд ар Намган, Ар Намган зэрэг гурван газрын эвдэгдэж орхигдсон нийт 330 га газарт техникийн, 187.8 га газарт биологийн нөхөн сэргээлтийг өөрсдийн санхүүжилтээр хийсэн амжилтаар 2014 оныг угтаж буй тул ийнхүү өргөмжлөл олгохоор шийдвэрлэжээ.

Харин алтны салбарт хариуцлагатай уул уурхайг нэвтрүүлэхэд хамтран ажиллах энэхүү санамж бичигт төрийн зүгээс БОНХЯ-ын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат болон хувийн хэвшлийн зүгээс Алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Т.Ганболд нар гарын үсэг зурсан юм.

Тус холбооны тэргүүн Т.Ганболд шинэ оны эхний өдөр ийм чухал үйл явдал давхцаж буйд бэлгэшээж буйгаа илэрхийлээд өмнөх жилүүдэд санхүүгийн хүндрэлээс болоод байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг зарим алтны компани орхигдуулснаас болж салбарын нэр хүнд унаж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд нэлээд хэдэн томоохон компани нөхөн сэргээлтийг өндөр хариуцлагатайгаар хийж эхэлж байгаа. Алт үйлдвэрлэгчдийн холбооны хувьд нэг жилийн өмнө 11 компани нэгдэн байгуулагдаж байсан бол одоогоор 50 гаруй идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй компанийн гишүүнчлэлтэй болтлоо өргөжжээ. Тус холбоо асуудлуудаа нэг тийш нь болгож шийдвэрлэх, зөв зүйлээ олон нийтэд ойлгуулах, буруу зүйл, алдаа дутагдлуудаа засч залруулахад төр, хувийн хэвшил гар гараасаа барилцаад нэгдсэн зорилго-амжилт, нэг эдийн засгийн үр өгөөж рүү чиглэх бодлоготойгоор үйл ажиллагаа явуулж байгааг танилцуулсан юм. Өнгөрсөн онд “Урт нэртэй” хуулийн журамд өөрчлөлт оруулах, Алтны худалдааны ил тод байдлын тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэх гэж буйтай холбоотойгоор компаниуд Монгол банкинд нийт 9 тн алт тушаасан сайн үзүүлэлт гарсныг ч тэрбээр тэмдэглэлээ. Энэ тоог өсгөж ажиллах боломж нь цаашид хэлэлцэгдэх гэж буй хуулиудтай холбоотой ажээ.

БОНХЯ-ын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбат, энэхүү санамж бичигт гарын үсэг зурсны дараа хоёр тал нарийвчилсан төлөвлөгөө гаргаад хамтран ажиллахыг тайлбарласан юм. Санамж бичгийн гол зорилго нь байгаль орчны холбогдох хууль тогтоомж, мөн 2009 онд батлагдсан “Урт нэртэй” хуулийн хүрээн дэх болон бусад асуудлыг нэг чигт болгоход оршиж буй ажээ. Байгаль орчин хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлд цаашид нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгийг боловсруулаад батлуулах шатанд буйг тэрбээр онцолсон юм. Мөн нөхөн сэргээлтийн стандартуудыг шинэчлэн боловсруулаад буй бөгөөд энэ жилдээ багтаан эцэслэн батлуулах юм байна. 

БОНХЯ-ны мэдээлж буйгаар сүүлийн жилүүдэд алтны компаниудын нөхөн сэргээлтийн ажилд хандах хандлага мэдэгдэхүйц дээшилжээ. Бараг бүх компаниуд дотооддоо уг ажлыг хариуцсан хэлтэстэй болоод байгаа ажээ.

 


Б.Төгс