Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 15-нд буюу нөгөөдөр зохион байгуулах гэж байна. “Иргэд, олон нийтэд уул уурхайн салбарын талаар бодит ойлголт өгч, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, түүнчлэн 2025 он хүртэлх зорилтоо тодорхойлоход хурлын гол зорилго оршиж байна” хэмээн Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид “Ил тод уул уурхай” хэвлэлийн үеэр онцоллоо.
Өнгөрсөн нэг сарын хугацаанд уг хэлэлцүүлэгтэй холбоотойгоор төмөр, алт, нүүрс, геологи, газрын тосны чиглэлээр салбар хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулжээ. Дэд хэлэлцүүлгүүдээс гарсан зөвлөмжийг “Эрдэс баялгийн салбар 2025” хэлэлцүүлгээс гарах уриалгад тусгана хэмээн тэрээр ярьлаа.
“Туушин” зочид буудалд болох энэхүү хэлэлцүүлэгт одоогоор 300 орчим зочид төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд хөдөө орон нутгаас хүрэлцэн ирж, өөрсдийн байр сууриа илэрхийлэх сонирхолтой хүмүүс их байна хэмээн Уул уурхайн яамныхан мэдэгдсэн.
Цаашид энэ хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулах гэнэ. Энэ удаагийн хэлэлцүүлгээс гарсан үр дүн, цаашид хийх ажлуудын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан тогтмол санал авч, дараагийн хурлаараа хэлэлцэж байх ажээ. Одоогоор мэдээллийн сайтуудаар уул уурхайн салбарын гол 19 асуудлаар санал асуулга явагдаж байгаа бөгөөд эдгээрийг “Эрдэс баялгийн салбар 2025” хэлэлцүүлгийн үеэр танилцуулах юм байна.