Дэлхийн төмрийн хүдрийн зах зээлийн эрэлтийн 70 орчим хувийг бүрдүүлдэг Хятад улс өнгөрсөн 2013 онд 820 сая тонн төмрийн хүдэр импортолжээ. Энэ нь тус улсын хувьд төмрийн хүдрийн импортын дээд үзүүлэлтэд тооцогдож байна. Өнгөрсөн 2012 оны импортын хэмжээтэй 2013 оныхыг харьцуулахад даруй 10 хувиар өссөн дүн гарчээ. Хэдийгээр Хятадын төмрийн хүдрийн дотоодын үйлдвэрлэл өнгөрсөн онд чамгүй өсч, эхний арваннэгэн сарын байдлаар 1.3 тэрбум тоннд хүрсэн ч импорт бүр ч илүү өсчээ.
Гэхдээ Хятадын арванхоёрдугаар сарын төмрийн хүдрийн импорт өнгөрсөн арваннэгдүгээр сарынхаас ялимгүй буурч, 73.4 сая тонн болжээ.
Түүнчлэн өнгөрсөн баасан гаригийн байдлаар Хятадын боомтууд дээр төмрийн хүдрийн үнэ нэг тонн нь 130 ам.доллар байсан нь сүүлийн таван сарын хугацаан дахь хамгийн доогуур үзүүлэлт болж байна.
Ийнхүү төмрийн хүдрийн зах зээл шинэ оны эхээр тийм ч сайнгүй байдалтайгаар эхэлж байна. Хятадын төмрийн хүдрийн агуулахуудад өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар 89 сая орчим тонн түүхий эд хадгалаастай байсан нь жилийн өмнөх үзүүлэлттэй харьцуулахад 20 гаруй хувиар өндөр үзүүлэлт ажээ.
Энэ жил Австрали, Бразил зэрэг төмрийн хүдэр экспортлогчдын нийлүүлэлт маш ихээр нэмэгдэх тул төмрийн хүдрийн зах зээл бүрхэг байх төлөвтэй байгааг шинжээчид анхааруулж байна. Нөгөөтэйгүүр төмрийн хүдэр экспортлогчид Хятадын эрэлтэд тун итгэлтэй хэвээр байгаа нь тэдний үйлдвэрлэлийн өргөтгөлийн дүнгээс харагдаж байна.
2014 онд Австралийн төмрийн хүдрийн
баялаг бүсэд үйл ажиллагаа явуулж буй “Рио Тинто”, Fortescue Metals, BHP гурав
нийлээд 709 сая тонн хүдэр экспортлох төлөвтэй байна. Бразилын Вале ирэх жил
352 сая тонн төмрийн хүдэр экспортлохоор төлөвлөжээ.
Б.Төгс