Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Mining Journal Awards 2013

”Mining Journal Awards” шагнал гардууллаа

Уул уурхайн салбарын Оны шилдэгийг шалгаруулж, зарлан хүндэтгэдэг Mining Journal Awards шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр  боллоо. Уул уурхайн яамнаас салбарын өрсөлдөх чадвар, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор анх  удаа Туушин зочид буудлын Соёмбо танхимд   зохион байгуулж буй “Эрдэс баялаг 2025” олон нийтийн хэлэлцүүлгийн  үеэр энэхүү нэр хүндтэй арга хэмжээ болсон юм. 2013 оны Mining Journal Awardsт энэ жил “Шилдэг уурхай”, “Шилдэг эко уурхай”, “Тогтвортой үйл ажиллагаа”, “Шилдэг технологи” гэсэн үндсэн дөрвөн номинацид  уул уурхай, ханган нийлүүлэлтийн  компаниуд өрсөлдсөн юм. 

Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх, геологи, уул уурхайн салбарын эрдэмтэн, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн, хараат бус Шүүгчдийн зөвлөлийн шалгуураар “Шилдэг уурхай” номинацид “Багануур” ХК, “Шилдэг эко уурхай”-д  Оюутолгой ХХК, “Шилдэг технологи”-д  “Андриц сепэрэйшн”, “Тогтвортой үйл ажиллагаа”-д  “Вагнер Ази технологи” компани тус тус шалгарсан байна.

Mining Journal Awards-ийн “Оны шилдэг уурхай”-н эзэн “Багануур” ХК-ийн шагналыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг гардуулсан юм.  Тэрээр шагнал гардуулахдаа “2013 оны Шалгаруулалтад Энержи Ресурс ХХК, Оюутолгой ХХК, Багануур ХК, Шивээ Овоо ХК гэсэн дөрвөн компани өрсөлдсөн байна. Эдгээрээс Багануур ХК хамгийн өндөр оноо авч Шилдэг уурхай болсонд баяр хүргэе” гэлээ.

Мөн “Оны эко уурхай” номинацид шалгарсан Оюутолгой ХХК-н  шагналыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун гардууллаа. “Энэ номинацид өрсөлдөгчдийн тоо жилээс жилд олон болж байгаад Байгаль орчин, ногоон хөгжлийн Яам баяртай байдаг. Оюутолгой компани нь байгаль орчны суурь судалгаа, хяналт шинжилгээний хөтөлбөрөө 2010 оноос эхлүүлж, харин 2012 оноос эрсдэл, нөлөөллийн судалгааны ажлынхаа далайцыг ихээхэн нэмэгдүүлэн ажиллаж байна. Олон улсын стандартуудыг мөрдөн, байгаль орчны удирдлагын тогтолцоог уурхайн үйл ажиллагаа эхлүүлэхээс өмнө хэрэгжүүлж иржээ” хэмээн С.Оюун сайд онцоллоо.

 
Г.Идэр