Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Mining Journal Awards 2013

“Багануур”-ыг өндөр амжилт нь “ШИЛДЭГ УУРХАЙ” болголоо

“Шилдэг уурхай” номина­цид дөрвөн компани нэр дэвшиж, материалаа ирүүлэв. Энэ үзүүлэлтэд Монголд төдийгүй дэлхийд тэргүүлэх уурхай болох “Оюутолгой” ХХК, Монголын коксжих нүүрсний хамгийн том олборлогч, экспортлогч “Энержи Ресурс” ХХК, эрчим хүчний нүүрсний олборлогч “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК тус тус нэр дэвшсэн юм. Mining Journal Awards 2012-ын “Шилдэг уурхай”-д “Энержи Ресурс”, “Шарын гол” гэсэн хоёрхон уурхай нэр дэвшиж байв. Тухайн жилд уул уурхайн салбарын уналт хүчтэй эхэлсэн нь компаниудад хүндхэн тусч, олон компани уг номинацид өрсөлдөхөөс татгалзаж байв. Тиймээс өнгөрсөн жил “Шилдэг уурхай” номинацид ялагчийг тодруулаагүй юм.

Харин энэ жил нэлээд өөрчлөлт оржээ. Монголын уул уурхайн өнгийг тодорхойлж байгаа шилдэг уурхайн жишиг болсон “Энержи Ресурс” компани дөрөв дэх жилдээ Mining Journal Awards-т нэр дэвшиж байгаа. Өмнөх жилүүдэд номинаци бүрт хүчтэй өрсөлдөж, шилдгийн шагналуудыг авч байсан тус компанитай энэ жил гурван ч компани өрсөлдсөн. 2013 оноос экспорт нь эхэлсэн “Оюутолгой” компани “Шилдэг уурхай” номинацид анх удаа нэр дэвшив. Хэдий далд уурхайн бүтээн байгуулалт нь түр зогсоод байгаа ч ил уурхайн олборлолт хэвийн явагдаж, баяжуулах үйлдвэр нь ажиллаж эхэлсэн нь “Оюутолгой” нэр дэвших хангалттай үндэслэл болсон. Мөн энэ жилийн онцлог гэж болох хоёр компани уг номинацид нэр дэвшсэн нь “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК байв. Хоёул эрчим хүчний нүүрсний чиглэлээр ажилладаг, стратегийн ордод үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит компани. “Багануур” ХК Mining Journal Awards 2010 буюу анхны ажилд “Шилдэг олборлогч” бол “Шивээ Овоо” ХК энэ жил анх удаа тоосоо өргөж байгаа компани.

Mining Journal Awards 2010, 2011-ийн “Шилдэг Уурхай” номинацид МАК-ийн Нарийн сухайт, Эрдэнэтийн хүдрийн ил уурхай тэргүүлж байсан. Энэ жил “Энержи Ресурс”, “Оюутолгой” хоёр хүчтэй өрсөлдөнө гэсэн таамаглал байсан юм. Гэсэн ч шүүгчдийн олонхийн санал, онооны давуугаар “Багануур” ХК Mining Journal Awards 2013 шалгаруулалтын “Шилдэг Уурхай”-гаар шалгарсан юм.

Шүүгчдийн бүрэлдэхүүний зарим гишүүн “Шивээ-Овоо” ХК болон “Оюутолгой” ХХК-ийн ирүүлсэн материал шаардлагыг хангаагүй учир дүгнэх боломжгүй гэдэг шийдвэр гаргасан. “Шивээ-Овоо” ХК гэхэд үндсэн таван шалгуур үзүүлэлтийн эдийн засгийн үзүүлэлтүүд болон хөдөлмөр аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүдийг огт бөглөөгүй байв. Хэдий 2013 оны эхний 10 сарын байдлаар 1,6 сая тонн нүүрс олборлож, өнгөрсөн оныхоос 23 хувиар өссөн үзүүлэлттэй байсан ч бусад үзүүлэлт нь байхгүй учир шүүгчид оноо өгөх боломжгүй гэж үзэв. “Оюутолгой” ХХК-ийн хувьд үзүүлэлтээ 2013 оны эхний хагас жилийн байдлаар ирүүлсэн нь харьцуулж дүгнэх боломжгүй байсан юм. Мөн Ашиглалтын үеийн хаягдал бохирдол, эдийн засгийн зарим үзүүлэлтийг бичээгүй болохоор зарим шүүгч мөн л дүгнэх боломжгүй гэж үзэв. Ингэснээр дээрх хоёр компани маш бага оноо авч, өрсөлдөөнөөс хасагдсан гэхэд болно.

Материалаа бүрэн ирүүлсэн “Энержи Ресурс” болон “Багануур”-ын хооронд өрсөлдөөн явагдсан.

“Энержи Ресурс”-ын Ухаахудаг уурхайгаас эхний 10 сарын байдлаар 7.8 сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.5 хувиар өссөн үзүүлэлт. Оны эцэст 10.1 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй бөгөөд төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой гэж үзжээ. Харин “Багануур” ХК эхний 12 сарын гүйцэтгэлээр 3.8 сая тонн нүүрс олборлож, өнгөрсөн оныхоос долоон хувиар өсгөжээ.Ашиглалтын үеийн бодит хаягдлын үзүүлэлт “Энержи Ресурс”-ын хувьд 3 хувьтай байснаа хадгалж чадсан бол “Багануур”4.3 хувиас 4.1 хувь болгож бууруулсан байна.

“Энержи Ресурс” эхний гурван улиралд 58,7 тэрбум төгрөгийн татвар төлж, орон нутгийн хөгжилд 2,95 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Гэхдээ эдгээр үзүүлэлтийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулах үзүүлэлтийг өгөөгүй юм.

Харин “Багануур” ХК-ийн бүтээгдэхүүний орлого 83.1 тэрбум төгрөг болж өнгөрсөн оноос 10 хувиар өсч, энэ оны төлөвлөгөөнөөс 12 хувиар давж биелжээ. Хөрөнгө оруулалт нь 16.9 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оныхоос 347 хувиар өсчээ. Улсын төсөвт төлөх татвар, орон нутгийн төсөвт төлөх татвар, орон нутгийн хөгжилд үзүүлсэн дэмжлэг гээд бүх үзүүлэлт нь 53-166 хувиар өссөн байв. Үүнээс гадна 1000 хүнд ногдох хүний амь эрсэдсэн үйлдвэрлэлийн осол тэг гарсан бол 1000 хүнд ногдох хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан үйлдвэрлэлийн ослын тоо 0,9 гарсан нь “Багануур” ХК  “Шилдэг Уурхай” номинацид түрүүлэх хангалттай үндэслэл болсон юм. Шүүгчид ч үүнийг онцолж байв.

Гэхдээ “Багануур”, “Энержи Ресурс”-ын борлуулалт тал дээр асар том ялгаа байгааг Шүүгч Н.Батбаяр, Н.Алгаа нар онцолж байсан юм. “Багануур” ХК бол төрийн өмчит компани. Олборлосон нүүрсний борлуулалт дээр ямар ч санаа зовох асуудалгүй, худалдан авагч нь бэлэн байдаг гэдгээрээ давуу талтай гэдгийг тэд сануулж хэлсэн. “Энержи Ресурс”-ын хувьд бүтээгдэхүүн борлуулалтын тал дээр нэлээд хүндрэлтэй байгаа. Хятадын зах зээл дээрх нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэн нь үнэ унах үндсэн шалтгаан болж байгаа. Ийм хүнд нөхцөлд бүтэн жилийн турш үйл ажиллагаагаа тасалдуулалгүй ажиллаж, бүтээгдэхүүний борлуулалтаа хийж чадаж байгааг орхигдуулж болохгүй юм.
Ингээд шүүгчдийн онооны дүнгээр “Багануур” ХК 136 оноогоор тэргүүлсэн бол “Энержи Ресурс” 111 оноогоор удаалж, “Оюутолгой” ХХК 92, “Шивээ Овоо” ХК 86 оноо авчээ.

Шүүгчдийн хурлын тэмдэглэлээс хүргэе.

Д.Дондов: “Оюутолгой”-н нөхдийг зэмлэмээр байна. Материалаа бүрэн дүүрэн өгөхгүй. Онгорхой хүснэгтүүд үлдээсэн. Тайланг маш хариуцлагагүй хийсэн гэж дүгнэж байна.

Г.Шархүү: Би “Оюутолгой”-г хамгийн сүүлд оруулсан.

Д.Дондов: Цаашдаа шилдэг уурхай, тогтвортой ажиллагаа, хариуцлагатай ажиллагаа, шилдэг технологи гээд бүгдийг багтаасан үзүүлэлттэй “Шилдэг уурхай” гэсэн нэг л номинаци баймаар юм шиг байна. “Шилдэг Эко уурхай” бол тусдаа байж болно. Давхцаад  харьцуулахад хэцүү. Үнэхээр шилдэг уурхай юм бол технологи нь шилдэг, үйл ажиллагаа нь хариуцлагатай л байж таарна. Шүүгчид маань саналаа хэлнэ биз.

Н.Алгаа: Энэ бол сэтгүүлийн редакцийн шийдвэрлэх асуудал байх. Бид тийм номинаци гарга гэж хэлэлтэй биш. Орчин үеийн хандлага нь сайн дурын үндсэн дээр мөрдөх компанийн нийгмийн хариуцлагын стандарт гэж 7 зарчимтай батлагдсан. Долоон зарчим нь өөрсдийн шалгуур үзүүлэлттэй. Түүгээр нь шалгаруулахад болоод явчих юм шиг байгаа юм. Түүнээс биш зэсийн уурхайг нүүрсний уурхайтай, алтны шороон ордтой харьцуулж шалгаруулна гэдэг түвэгтэй.

Г.Шархүү: “Шилдэг уурхай” номинаци бидний нэгдсэн саналаар гарсан таван үндсэн шалгуур үзүүлэлттэй.

Н.Алгаа: Хаягдлын норм, эдийн засгийн үзүүлэлтүүд, хөдөлмөр хамгаалал гэсэн гурван үндсэн үзүүлэлт л байна. Бусдыг хооронд нь харьцуулахад хэцүү. “Оюутолгой”-н олборлосон уулын цулыг Баганууртай харьцуулалтай биш. Харьцуулах үзүүлэлт нь дээрх гурав л байна.

Д.Дондов: “Шилдэг Уурхай” номинацид дөрвөн уурхай материал ирүүлсэн байна. Үүн дээр саналаа хэлээд явцгаах уу?

Г.Шархүү:
Уурхайн ажиллагааг Дондов багш шиг сайн мэдэх хүн байхгүй. Та эхлээд саналаа хэлээд явах уу? Үзүүлэлтээрээ “Энержи Ресурс”, “Багануур” ХК хоёр л байгаа.

Д.Дондов:
Миний санал бол “Багануур” л энд тунаж үлдэж байна. Яагаад гэвэл “Багануур” 3.8 сая тонн нүүрс олборлосон байна. Сүүлийн 20 жилд хамгийн өндөр үзүүлэлт нь. Ихэвчлэн 2.9-3.2 сая тонн л байдаг байсан. Хоёрдугаарт, Төвийн эрчим хүчний системийг маш найдвартай хангаж байгаа. Тийм болохоор “Багануур”-ыг энэ жил анхааралдаа авах ёстой юм байна гэж бодож байна. “Энержи Ресурс” бол тэртээ тэргүй өөр номинацид гарч ирнэ. Үзүүлэлтүүдийг ч маш сайн хангасан байна лээ.

Г.Шархүү: “Багануур”-ын бохирдлын коэффициент нь тиймхэн байна. Яахав нормоо л барьсан юм шиг байна.

Д.Дондов: Нормдоо л байна.

Д.Ачит-Эрдэнэ: Би “Багануур” гэдэгтэй санал нэг байна. Шинээр томилогдсон Отгонбаяр захиралтай уулзаж байсан. Хөрс хуулалтын коэффициент нь өндөр болчихсон хүнд нөхцөлд ажиллаж байгаа хэрнээ тоон үзүүлэлтүүд нь их сайн гарч ирсэн байна лээ.

Д.Галсандорж: “Багануур”-ын хувьд үндэсний уурхай юм. Уул геологийн нөхцөл нь хүнд байгаа. Доошоо ус руу орчихсон. Техник технологио шинэчилж, зардлаа багасгахын тулд Хөрөнгийн бирж дээр зохих хувьцаагаа зарж, хөрөнгө босгоё гэсэн асуудлыг хоёр жил ярьж байна. Ер нь Улаанбаатар хот, ТЭЦ 4-ийг нүүрсээр хангаж байгаа гол уурхай. Төслийн хүчин чадал нь 6 сая тонн байдаг ч зах зээлд шилжсэнээс хойш доошилсон. Энэ жилийн хувьд их өндөр түвшинд хүрсэн юм байна. Цаашдаа ч зардлаа багасгах, хөрөнгө оруулалт татах гээд том том зорилт тавьсан ажиллаж байгаа юм билээ. Тиймээс  “Багануур”-ыг дэмжиж байна.

Г.Шархүү:
Материалаа ирүүлсэн дөрвөн компаниас “Оюутолгой” ХХК, “Шивээ Овоо” ХК хоёр нэр дэвшүүлсэн тайлангаа маш сул хийсэн. Тийм болохоор энэ хоёр компанийг шалгаруулалтад оролцох шаардлага хангаагүй гэж үзэж байгаа. Үлдсэн хоёр уурхай “Багануур”, “Энержи Ресурс” дээр адилхан 16, 16 гэсэн оноо өгсөн. Өмнөх жилүүдийн үйл ажиллагаатай харьцуулахад “Энержи Ресурс”-ын олборлолт буурсан байна. Зах зээлийн уналттай холбоотой байх. “Багануур”-ын уурхайн олборлолт зэрэг үзүүлэлт нь урьд онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа болохоор “Багануур”-ыг шалгаруулах саналтай байна.

Н.Алгаа: Бид өөрсдөө гаргасан үзүүлэлтээ өөрсдөө дагаж мөрдөх хэрэгтэй.

Г.Шархүү: Тэр үзүүлэлтээр чинь л оноо өгөөд дүн тавьчихаад байна.

Н.Алгаа: “Багануур” бол дотоодод хүссэн хүсээгүй зах зээлтэй. Гадаадад зах зээл байхгүй байхад тамаа цайж ажиллаж, хамгийн их татвар төлчихөөд шалгарахгүй байх нь ариун явдал мөн үү? Би хувийн уурхайнуудыг   хоёр гараа өргөн дэмждэг. Гэхдээ энэ удаад би цөөнх учраас ялагдлаа. “Оюутолгой”, “Шивээ Овоо” хоёр тайлан муу бөглөсөн гэдэгтэй санал нийлнэ. Нөгөө хоёр нь уралдаж сурсан морь гэдэг шиг сайн бөглөсөн байна. Би “Энержи Ресурс”-т хамгийн өндөр оноог нь өгсөн. Таван үзүүлэлтийн гурваар нь би оноо өгөөд нөгөө хоёрт нь оноо өгөхгүй байгаа шүү.

Д.Дондов:
За ингээд энэ номинацийн ялагч тодорлоо.

С.Болд-Эрдэнэ

  • зочин (202.179.20.220)
    Манай компани 2012 оноос томоохон уул уурхайн компаниудад биологийн нөхөн сэргээлтийн ажил амжилттай хийсэн туршлагатай Говьхангайн нөхцөлд биологийн нөхөн сэргээлтийн ажил мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэнэ Мөн нөхөн сэргээлтэд зориулж сайн чанарын олон наст тэжээлийн ургамлын үр ОХУ-аас нийлүүлнэ EHSM LLC Утас 70166858 ehsmmongoliagmailcom
    2014 оны 01 сарын 20 | Хариулах