Монгол улс дэлхийн жоншны зах зээлд томоохон байр суурийг эзэлдэг. Дэлхийн хэмжээнд жилд ойролцоогоор 6 сая тонн жонш үйлдвэрлэж буйн 7 хувийг Монголын үйлдвэрлэл эзэлдэг. Манай улсын тухайд сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл нь нэмэгдэж жилд дунджаар 420-430 мянган тонн жоншны баяжмал болон хүдэр үйлдвэрлэдэг болоод байна. Тэгвэл өнгөрсөн 2013 онд улсын нийт экспортод жоншны бүтээгдэхүүний орлогын эзлэх хувь 1.9 хувь болж өмнөх 2012 оны түвшинтэй харьцуулахад 0.4 хувиар буурчээ. Тодруулбал өнгөрсөн онд Монгол улсын жоншны салбарын орлого 81 сая ам.доллар байсан дүнтэй гарчээ. Энэ нь манайх нэг тонн жоншны бүтээгдэхүүнийг дунджаар 188.7 ам.доллараар гаргасан гэсэн үг юм. Дэлхийн зах зээлд өнөөдөр жоншны бүтээгдэхүүний үнэ агуулгын хэмжээ, боловсруулалтын түвшнээсээ хамаараад нэг тонн нь 180-400 орчим долларын үнэтэй байгаа юм. Тиймээс манайх бүтээгдэхүүнээ боловсруулаад худалдаалбал асар их боломж байгааг харуулж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр 120-130 мянган тонн жоншны баяжмал буюу нийт экспортын бүтээгдэхүүний 30 хувийг үйлдвэрлэн худалдаалж буй ч, боловсруулаагүй эсвэл хэт доогуур боловсруулалттай бүтээгдэхүүний экспорт давамгайлж байна. Одоогоор “Монросцветмет” нэгдлийн эзэмшлийн “Бор-Өндөр” үйлдвэрээс гадна “MonCzechMetal” нийт үйлдвэрлэлийн 11% хувь, “Kevin Invest” 8% хувь, “Баялаг жонш” 4%, “Наймган орд” 4%-ийг тус тус үйлдвэрлэж буй ажээ. Харин үлдсэн хэсгийг бусад жижиг үйлдвэрлэгч болон гар аргаар олборлогчдын бэлтгэдэг түүхий хүдэр эзэлж байна.
Жоншны баяжмал бүтээгдэхүүн нэлээд өндөр агуулгатай буюу 95-97 хувь хүртэлх агуулгатай болгож боловсруулсан нь нэг тонн нь 400 хүртэлх түүнээс ч илүү ам.долларын үнэтэй байдаг. Хэдий өнгөрсөн жил зах зээл “суларсан”-тай холбоотойгоор энэ үнэ 320 ам.доллар болтлоо буурсан ч жоншны ач холбогдол, хэрэглээний үнэ харин нэмэгдсээр.
Өнгөрсөн жилийн хувьд эрдсийн зах зээл бүхэлдээ тааруухан байсан нь жоншны бүтээгдэхүүний зах зээлд ч нөлөөлсөн. Жоншны бүтээгдэхүүний Хятадын экспортын үнэ өнгөрсөн аравдугаар сарын байдлаар мөн оны нэгдүгээр сарынхтай харьцуулахад 25-35 хувиар буурсан тухай “Industrial Minerals” мэдээлжээ. Энэ нь Монголын жоншны экспортын үнэд ч шууд нөлөөлж Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ 15-17 хувиар буурсныг ч мөн тэмдэглэжээ.
Гэсэн ч ган, хөнгөн цагааны үйлдвэрлэл, шил линз, болон олон төрлийн үйлдвэрлэлд өргөнөөр ашиглагддаг энэ түүхий эдийн нөөц дэлхийд ердөө 240 сая тонн ажээ. Жоншны нөөц дэлхийд ховор болохыг шинжээчид анхааруулаад эхэлчихсэн. Эрчим хүчний нүүрс, зэс, төмрийн хүдэр зэргийг бодвол энэ баялгийг дэлхийн улс орнууд, тэр дундаа Хятад аль хэдийнэ тусгайлсан бодлогоор ашиглаж буй.
Манай улсын хувьд нөөцийн хэмжээ 22 сая тонн гэдэг нь арвин сонсогдох ч бид бүтээгдэхүүнээ илүү сайн боловсруулан экспортолж чадвал 2012 онд 100 сая долларын орлоготой ажилласан энэ салбарын орлогыг даруй хоёроос гурав дахин өсгөх боломж байна.
Ирэх жилүүдэд Монгол улс жоншны 25-30 хувийн агуулгатай түүхий хүдэр гаргадаг, мөн 75 хувийн агуулгатай бүхэллэг жонш гаргадаг улс байхаа зогсоож байж энэ эрдсийн үр ашгийг хийх нь тодорхой байгааг Монголын Экспортлогчдын холбоо анхааруулдаг.