Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

С.Одонтуяа: Бид ямар цаг үед Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой болсноо ухамсарлах ёстой

УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.

УИХ “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын тогтоолын төслийг баталлаа.  Таны ахалсан Ажлын хэсэг салбарын хөгжлийг бүхэлд нь тодорхойлох энэхүү баримт бичгийг боловсруулахдаа  мэргэжлийн байгууллага, эрдэмтэн мэргэд, аж ахуйн нэгжийн төлөөллүүдийг татан оролцуулж, нэлээд чамбай ажилласан. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд Бодлогын баримтыг хэрхэн үнэлж байна вэ? 

Баярлалаа. Эрдэс баялгийн салбар нь Монгол улсын эдийн засгийн хөгжилд өнөөдөр болон ойрын ирээдүйд их чухал ач холбогдолтой. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн УИХ-ын тогтоолын төслийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ салбартай ажил мэргэжлээ холбосон эрдэмтэд, мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл, Улс төрийн хүчнийхний санал бодлыг аль болох ихээр оролцуулж, “долоо төөлж нэг огтол, бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдгийн адил маш хариуцлагатай хандахыг хичээж ажилласан.

Эрдэс баялгийн салбар нь олон жил бодлогогүй явж ирсэн. Үе үеийн Засгийн газарт энэ салбарын бодлогын баримт бичгийг боловсруулах үүргийг УИХ-аас  өгч байсан ч  өнөөдрийг хүртэл батлагдаагүй байсан юм.

Чухамдаа Монгол улсын уул уурхайн салбарын өнөөг хүртэлх хөгжлийн явц дахь бодлого шийдвэрт  янз бүрийн туйлшрал алдаа оноо хариуцлагагүй хандлагууд  гарсаар байсан. Тэгвэл  энэ Бодлогын баримт бичиг цаг хугацааны хувьд оройтон батлагдаж байгаа  мэт боловч нөгөө талаас  манай эрдэс баялгийн салбарт тодорхой бэрхшээлүүд тулгарчихаад байгаа өнөө үед  урьдын туршлага,  алдаа оноон дээрээ суурилсан, бусад орны бодлогын баримт бичгүүдтэй сайтар харьцуулагдсан, манай улсын онцлогт нийцүүлсэн, энэ салбараа жинхэнэ утгаар нь хөгжүүлэх цоо шинэ бодлого болж чадсан гэж хэлэх байна. Харин 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль тус салбарын чухал суурь болж ирснийг энд тэмдэглэж хэлэх нь зүйтэй болов уу.

Бодлогын баримт бичигт онцлууштай шинэлэг ямар зарчмуудыг суулгасан бэ?

Онцлох зарчмуудаас гэвэл төр хувийн хэвшлийн түншлэл, тогтвортой байдлын тухай, байгаль орчны хамгаалал, орон нутгийн иргэдтэй харьцах харилцаа, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байгуулах, олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн стандартад шилжих, геологийн салбарын хөгжил зэрэг олон асуудлыг оруулсныг  дэлгэрүүлбэл:

Тогтвортой байдлын тухай заалтууд, Жишээ нь бодлогын нийтлэг үндэслэлд “ ... 1.2.Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын зорилго нь хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлж, ....”  цаашилбал эрдэс баялгийн салбарт баримтлах зарчимд   “ .... 2.1.1.эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор эрх зүй, татварын орчны талаар аливаа шийдвэр гаргахдаа судалгаа, шинжилгээнд суурилж, оролцогч талуудын хууль ёсны эрх ашгийг хохироохгүй байх; ”  зэрэг заалтууд байгаа.

Уул уурхайн салбарт маш их маргаан гардаг.  Тиймээс маргаан шийдвэрлэх журам маш тодорхой, ойлгомжтой байх ёстой.  Ордын нөөц, нөөц үнэлгээний аргачлал , мэргэшсэн шинжээчдийн олон улсын итгэх итгэлцэл энэ бүх зүйл дандаа олон улсын стандартад нийцсэн байх учиртай.  Товчоор хэлбэл, энэ салбарт олон улсын туршлагатай эдийн засагчид, хуульчид арбитарчид ажиллах хэрэгтэй. Нөгөө талаас энэ салбарын хамгийн том хүндрэл бол баахан давхардсан төлбөр хураамж авдаг тогтолцоо. Мэргэжлийн хяналтаас байцаагч ирж зохих хураамж авна, өөр нэг газраас бас нэг юм нэхнэ.  Энэ хүнд суртал, давхардлыг арилгах талаар  Бодлогын баримт бичигтээ мөн тусгалаа. 

Орон нутагтай харьцах харилцааг ч тодорхой болгосон. Дөтийг харж дөрөв хононо гэдэгтэй адил  зарим уул уурхайн төслийн талаар ард иргэдэд зөв мэдээ мэдээллийг олигтой танилцуулдаггүй. Гэтэл яг орон нутагт яваад очихоор асах их эсэргүүцэл  тулгардаг.  Энэ нь явсаар буу шийдэм гээд янз бүрийн асуудал болж хувирдаг.  Бодлогын баримт бичигт энэ талын зохицуулалтыг оруулж өгсөн.

Орон нутгийн удирдлага нэгэнт гэрээ байгуулсан бол хариуцлага хүлээж, тухайн уул уурхайн төслийг иргэдэд танилцуулан  байгаль орчинд нөхөн сэргээлтийн талаар хийх ажил, улсын төсөвт төвлөрүүлэх татвар болон нийгмийн хариуцлагын хүрээнд сум, орон нутагт хийх  бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулах ёстой. Ер нь сум орон нутгийн удирдлагууд  баяр наадмын болон төрөл бүрийн арга хэмжээнд хандив мөнгө авах замаар хөрөнгө оруулагчдад  дарамт шахалт үзүүлдэг.

Стратегийн ач холбогдол бүхий ордуудтай холбоотой  зохицуулалтуудыг хэрхэн тусгасан бэ?

УИХ-ын 27 дугаар тогтоолд дурьдагдсан ашигт малтмалын ордуудын асуудлыг нэг мөр цэгцэлж, үр ашгийг нэмэгдүүлэх талаар баримт бичигт тусгасан. Тогтоолын хавсралтаар өргөн баригдсан ордуудад ажлын хэсэг гарч, нэг бүрчлэн судалж дүгнэлт гаргах ажлыг ойрын үед хийх хэрэгтэй. 

Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлье, тэгэхдээ бүр 2025 он хүртэл хөгжүүлсэн шиг хөгжүүлье. Энэ цаг үеийг сайн ашиглаад, уул уурхайгаас орж ирсэн орлогоороо эдийн засгаа олон тулгуурт болгоод авах хэрэгтэй. Ирэх 10 жил бол бидний алтан боломж юм.

Өнгөрсөн жил төр “алаагүй баавгайн арьсыг 10 хуваана” гэдгийн адилаар газрын хэвлийд бэлэн мөнгө хэвтэж байгаа мэтээр ярьж, энэхүү баялгаа хэрхэн зарцуулахаа л мөрөөддөг байсан. Гэвч энэ салбарт ашиг орлого олохын тулд хөрөнгө оруулагчид ямар их эрсдэл гаргадаг, ямар хүнд бэрхшээлийг туулж байж хөрөнгө босгодог, зээл авдаг, өндөр үнэтэй техник технологи оруулж ирдгийг огт ярьдаггүй,тэднийг  ойлгодоггүй байсан. Харин ч төр яагаад хийж болдоггүй юм гээд хувийнхантайгаа зэрэгцээд оролцож, эцэст нь төрийн өмчийн компаниуд авилгал, өрийн уурхай болсон. Нөгөө талаас төр өмчтэй байж болно. Гэхдээ төр өмчөө захиран зарцуулахдаа ерөнхий гэрээлэгчийн зарчмаар төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлаж,  хамгийн үр ашигтай эдийн засгийн эргэлтийг бий болгох ёстой.

Жишээ хэлэхэд, Төр газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулдаг.  Төр хэдийгээр өмчийн эзэн ч гэлээ тухайн компанийн дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй, хяналтаа сайн тавьдаг. Тухайн компани хөрөнгө мөнгө босгох, зээл босгох зэргээр их эрсдэл туулдаг. Энэ бүхнийг хөрөнгө оруулагч л хариуцдаг. Харин Монгол улс Бүтээгдэхүүн хуваах  гэрээний дагуу мөнгө авдаг, улсын төсөвт олон тэрбум төгрөг орж ирдэг. Энэ нь төр өөрийнхөө өмчийг яаж ухаалаг, зөв эргэлтэд оруулж байгаагийн нэг тод жишээ юм.

Гэтэл ашигт малтмалын бусад ордын үйл ажиллагааг ажиглаад байхад татвар ч олигтой авдаггүй, ордынхоо үнэ цэнийг ч олон улсын зах зээл дээр  нэмэгдүүлж чаддаггүй, бөөн өрөнд автсан  байдалтай. Тийм учраас Эрдэс баялгийн бодлогод энэ талаарх  заалтуудыг тодорхой оруулж өгсөн.

Намын бүлгүүд Бодлогын баримт бичигт тусгасан тодорхой заалтуудаас болж хоёр ч удаа завсарлага авч байсан?

Нэгдүгээрт,  Би Ажлын хэсгийн ахлагчийн хувьд зөвшилцлийг их эрхэмлэж ажилласан. Олон хүнтэй уулзсан, санаа бодлыг нь сонссон. Ажлын хэсгийн бүх гишүүдтэй байнгын холбоотой ажиллалаа.  Ажлын хэсэг ч олон удаа хуралдлаа. Энэ хугацаанд нам, эвслийн бүлгүүд ч тодорхой асуудлуудаар тухай бүр завсарлага авч байсан.

Мөн Ажлын хэсэгт ороогүй гишүүдтэй ч уулзаж, нэмж хасах санал болон өөр ямар зарчмын асуудлууд байна вэ гэх зэргээр хангалтай ярилцсан. Гэвч цаг тухайд нь өгөгдөөгүй олон саналууд сүүлд нэмж оруулахаар ирүүлсээр байсан. УИХ дэгээрээ явах  ёстой. Маш олон өөр өөр санал гэнэт гарч ирж дуртай үедээ өөрчлөлт оруулах шаардлага тавьж болохгүй шүү дээ.

Хоёрдугаарт, байгалийн баялгийг хойч үедээ нөөцлөн хадгална гэсэн заалт  байсан. Гэтэл “Шударга ёс” эвслийн бүлгийн зарим гишүүдээс бүр лавшруулсан заалт оруулна гэж  зүтгэсэн.  Хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг улс нөхөн төлбөрийг нь өгөөд хурааж авах хэрэгтэй гэсэн заалт ороод ирэх жишээтэй. Тиймээс нэгдүгээрт үүнийг эцсийн хэлэлцүүлэгт оруулах боломжгүй, хоёрдугаарт энэ нь хүмүүсийн эргэлзээг төрүүлэх учраас энэ мэт эргэлзээтэй олон заалтыг хасъя, тэртээ тэргүй Ашигт малтмалын хуулийн 13 дугаар зүйлд талбайг нөөцлөх тухай заалтууд тодорхой байдаг.

Эцэст нь төрийн бус байгууллагууд шүүхэд хандаж, байгаль орчинд учруулсан хор хохирлоос урамшуулал авна гэснийг маш олон гишүүн эсэргүүцсэн. Яагаад гэвэл  үүнтэй холбоотойгоор уул уурхай дагаад олон тооны төрийн бус байгууллага бий болж, сүүлдээ энэ нь мөнгө олох хэрэгсэл болно. Энэ бол асар их сөрөг үр дагавар дагуулна.

Энэ тал дээр миний баримталсан гол зарчим юу вэ гэхээр аливаа зүйлийг хохирол учруулсны дараа биш, өмнө нь шийдвэрлэн зохицуулж чадах энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудыг ихээр дэмжих нь зүйтэй гэж үздэг. Байгаль орчны тухай хуулийн 32 дугаар зүйл дээр ч энэ талын тодорхой заалт бий. Энэ нь төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх үүднээс төрийн бус байгууллагуудыг дэмжиж, санхүүжилтийг нь Засгийн газраас олгож болно гэсэн заалт юм.

“Төрийн оролцоог хязгаарлъя” гэсэн байр суурьтай гишүүд нэлээд байсан ч эсэргүүцэгчид ч цөөнгүй  байсан. Нэлээд маргаантай зохицуулалт байсан байх?

Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн хэлэлцүүлэг болохоос өмнө энэ бас л хэцүү байсан.

Уг нь бол тэд дотроо төрийн оролцоог хязгаарлах нь зүйтэй гэдэг саналтай байсан боловч үнэнийг хэлэхэд  дараагийн сонгуулиа боддог ч юм уу, нэг намын бүлэг, нөгөө намын улс төрийн дайралтаас айдаг ч юм уу, эдийн засгийн зоригтой реформыг хийхдээ тээнэглзээд байсан.  Харин  гишүүдийн үзэл бодлыг өөрчлөхөд “Том төрөөс ухаалаг төр рүү” уулзалт түлхэц өгсөн болов уу гэж Ажлын хэсгийн ахлагчийн хувьд бодож байна.

Тодруулж хэлэхэд, Бодлогын баримт бичигт маань ухаалаг төртэй холбоотой олон заалтууд орж, батлагдсан байгаа.

Төрийн зохицуулалтыг бүртгэл, зөвшөөрөл, хяналтын түвшинд төгөлдөржүүлж, ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд төрийн оролцоог цаашид нэмэгдүүлэхгүй гэсэн заалт Бодлогын баримт бичигт орсон. Төрд хийх ёстой ажлууд хангалттай байна. Төр тогтвортой татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэхийн төлөө явах ёстой.

Бид ямар цаг үед Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг баталснаа сайн ухамсарлах ёстой гэж та хэллээ?

Тийм ээ, бид ямар цаг үед Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо баталснаа ухамсарлах ёстой.  Зарим улс орон уул уурхайн хөгжлийн дээд цэгтээ тулаад, байгаль экологийн даац хэтэрлээ гэх байдлаар хандаж байгаа үеийн Эрдэс баялгийн бодлого нэг өөр.  Гэтэл Монгол улсын нутаг дэвсгэрийн 0,6 хувьд дээр ашиглалтын лиценз байна. Үүний 20 хувь нь л идэвхтэй үйл ажиллагаанд байдгийн ихэнх нь дампуураад, хаагдаад дуусч байна.

Өнөөдрийн байдлаар уул уурхайн компаниудын нефтийн компаниудад төлөх шатахууны өр олон тэрбум төгрөгөөр яригдаж байна. Уул уурхайн компаниуд хаагдаад эхэллээ.  Энэ салбарт ажиллаж байсан хүмүүс цомхотголд орсоор байна.

Ийм цаг үед бид Бодлогоо баталсан учраас гадна, дотны хөрөнгө оруулагчдыг уриалан дуудаж, хөрөнгөө оруулаач, эрх зүйн хамгийн таатай нөхцөлийг бүрдүүллээ гэсэн мессеж өгсөн.

Ер нь бид Ашигт малтмалын тухай хуулийн ийм ийм заалтууд 2025 он хүртэл өөрчлөгдөхгүй гээд зарлачих хэрэгтэй байгаа юм. Энэ нь өөрөө олон улсад тогтвортой байдлын зөв дохио болж очно.

Тийм ч учраас Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго чиг үүрэг бүхий төрийн байгууллага, хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоод болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн тэгш байдлыг хангасан Бодлогын зөвлөлийг байгуулж, ажиллуулна гэсэн заалтыг бодлогодоо оруулсан.  Энэ бол дэлхийн жишиг.  Санаачлах гэж байгаа бүх хуулийг Бодлогын зөвлөлөөрөө оруулж зөвлөмж гаргах ёстой. Мэргэжлийн хүмүүсээ сонсохгүй хууль санаачилдгаа болих хэрэгтэй.

Монголд нэмүү өртөг  шингээсэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх сонирхол төр засаг гэлтгүй хувийн хэвшлийнхэнд ч их бий. Энэ талын зохицуулалт хэр туссан бэ?

Боловсруулах салбарыг хөгжүүлэх уриан дор бүгд шуураад заавал боловсруулах үйлдвэр барина гээд байх биш, бүх талын  судалгаа хийгдэх ёстой.  Хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах юм, эдийн засгийн үр ашигтай эсэх, усны нөөц байгаа эсэх, үйлдвэрлэлээс гарах хог хаягдал байгаль орчинд ямар үр нөлөөтэй юм,   бүтээгдэхүүн гаргалаа гэхэд олон улсын зах зээл дээр үнэхээр өрсөлдөх чадвартай байх уу, үгүй юу гэдгийг цогцоор нь шийдэх хэрэгтэй. 

Бодлогын баримт бичигт Баялгийн сангийн тухай ойлголт тодорхой орж ирлээ. Энэ талаар Та тодруулна уу?

Баялгийн сан гэдэг бол эрдэс баялгийн салбараас орж ирэх орлогыг хойч үедээ нөөцлөн хадгална гэж ойлгож болно.  Баялгаас олсон орлого улсынхаа олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэхэд хэрэгтэй. Эс бөгөөс Монгол улс зөвхөн уул уурхайгаас хараат улс болж хувирна. Баялгаас олсон ашгаа улстөрчдийн амлалтыг биелүүлэхэд зориулж, бэлэн мөнгө хэлбэрээр цацахгүй байя л гэсэн санаа. 

Баялгаас орж ирдэг ашгийг Хүний хөгжил сан, Тогтворжуулалтын санд төвлөрүүлж байгаа. Монгол улс удахгүй  Баялгийн сантай болно. Уул уурхайгаас орж ирэх орлогоо төвлөрүүлж, уул уурхайн  салбараас олсон ашгаасаа Баялгийн санд төвлөрүүлж хадгалдаг улс орнуудын жишиг  байна.

Бодлогын баримт бичгийг батлахтай зэрэгцэн дагалдах Дэд хөтөлбөрүүдийг Уул уурхай яам,  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам  эхнээс нь боловсруулж дуусч байх шиг байна?

Дэд хөтөлбөрүүдийг бид Бодлогын баримт бичигт нэг бүрчлэн зааж оруулаагүй. Ашигт малтмалын төрөл болгон дээр батлах хөтөлбөрөө бодлогын баримт бичигт нэр зааж тусгах нь шаардлагагүй гэж үзсэн.  Ерөнхийдөө бол бодлогын хүрээндээ цаашид улсын геологийн зураглал, нүүрс, төмөр, хайлуур жонш, газрын ховор элемент, зэс, эрдэс баялгийн эрх зүйн орчин гэх зэрэг дэд хөтөлбөрүүдийг боловсруулж батлах юм.

Ярилцлага өгсөн Танд баярлалаа.




Г.Идэрхангай