Өнгөрсөн 2013 онд Хятад улс нийтдээ 75.4 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Энэ нь тус улсын түүхэн дэх импортын хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Хэдийгээр тус улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд удаашралтай байсан ч, төмрийн хүдэр, коксжих нүүрсний импортын тухайд дээд амжилт тогтоосон жил байлаа. Үүнээс гадна Хятадын импорт оны сүүл үеэр эрчимтэй нэмэгдсэн юм. Тодруулбал өнгөрсөн арванхоёрдугаар сард тус улсын коксжих нүүрсний импорт 8.02 сая тоннд хүрсэн нь өмнөх арваннэгдүгээр сарынхтай харьцуулахад 21.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Гэхдээ удахгүй Хятадын Цагаан сарын баяр тохиож байгаатай холбоотойгоор коксжих нүүрс болон төмрийн хүдрийн үнэ буурах төлөвтэй байна. Одоогийн байдлаар нэг тонн дээд ангиллын сайн чанарын коксжих нүүрсний FOB нөхцөлтэй үнэ Австралийн эргийн боомт дээр 130 ам.доллар байна. Харин дундаж үзүүлэлттэй нь 118 ам.доллар/тонн болж буурчээ.
Тус улсын Шинхуа групп болон бусад олон компани, үйлдвэрүүд коксжих нүүрс болон коксын үнээ тонн тутамд нь 7-8 ам.доллараар бууруулаад байгаа юм.
Хятадад худалдан авагч тал болон бүтээгдэхүүн
нийлүүлэгчдийн аль аль нь зах зээл хэрхэн эргэхийг тандан харзнасан байдалтай
байгааг шинжээчид тэмдэглэж байна.
Б.Төгс