Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Эх нутгийн хэвлийг судлах нь үндэсний аюулгүй байдлын хэмжээний нандин асуудал

Сурвалжилсан Э.Оджаргал


Алтан дэлхийд наран мандахад
Алхны тогшилт дуунд уянгална
Аавын хүүгийн, ээжийн охины
Алдар гавьяа хайгуулчин гэнэ лээ
Хайгуулчдын явсан замаар
Хорвоо дэлхий нууцаа нээнэ
Эрэлчдийн алхсан жимээр
Эрдэс баялаг үүцээ нээнэ...

Гадаа гандаж, хөдөө хөхөрч явах геологичийн ажил хөдөлмөр зориг тэвчээр шаардсан, хүнд хүчир хэдий ч эх орныхоо газар шороог судлах, эрдсийн санг нэмэгдүүлэхэд өөрийн бие сэтгэлийг зориулсан эгэл гавьяатай. “Эрдэнэсийн эрэлч” тэдний олон жилийн нөр  хөдөлмөрийн үр дүнд тогтоосон эрдэс баялгийн төрөл, нөөц өнөөдөр Монгол улсыг дэлхийн нийтийн анхаарлын төвд оруулаад байна. Шинэчлэлийн Засгийн газар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогодоо геологийн салбарыг ихээхэн анхаарахаар тусгаад буй.

Тодруулбал, геологийн судалгааны ажилд улсын төсвөөс зарцуулах хөрөнгийг жил бүр нэмэгдүүлэх замаар геологийн зүй тогтол, ашигт малтмалын тархацыг судалснаар улсын эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах зорилготой. Гэхдээ геологи нь зөвхөн эрдэс баялаг гэлтгүй дэлхийн үүсэл хөгжил, бүтэц, тогтцын үйл явцыг судалдаг томоохон шинжлэх ухаан учир дан ганц уул уурхайтай холбон ойлгож боломгүй юм.

70 гаруй жилийн түүхтэй Монголын геологийн салбарт тус мэргэжлийг эзэмшсэн 10 мянган орчим хүн бий гэсэн тоо баримт бий ч эх орондоо идэвхтэй ажиллаж буй нь 1000 гаруй аж. Үндэсний геологичдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор ажил мэргэжлийн уралдааныг Геологийн судалгааны төв /ТӨҮГ/ байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулав. Ийм төрлийн тэмцээнийг социализмын үеэс зохион байгуулдаг байсан боловч сүүлийн жилүүдэд орхигдсоныг эргэн сэргээсэн нь энэ.       

Байгалийн сайхан цогцолсон Элсэн тасархайн Хөгнө-Тарнайн дүүрэг дэх ШУТИС-ийн геологийн зураглалын хээрийн дадлагын талбайд энэхүү уралдааныг зохион явуулсан юм. Геологийн бүхий л тогтоц бүрдсэн тус газар нутагт өмнө нь геологийн судалгаа хийгдсэн учир тэмцээнд оролцогчдын үзүүлэлтийг харьцуулан шалгаруулахад нэн тохиромжтой хэмээн сонгосон учиртай. Гурван өдрийн турш үргэлжилсэн тус уралдааныг Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монголын геологийн холбоо, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монголын өрөмдлөгийн холбоо, Монголын геофизикчдийн холбоо хамтран зохион байгуулав. Үндэсний 20 гаруй компанийн нийт 29 баг болон хуваагдсан 200 орчим үе үеийн геологичид геологийн зураглал, эрлийн ажил, геофизикийн судалгаа гэсэн үндсэн гурван төрөлд ур чадвар, мэдлэгээ сорин өрсөлдсөн юм.

Геологич хүн байгалийн ямар ч үзэгдэл, хүнд нөхцөлийг үл ажран асар өргөн, том талбайд явган явж судалгаа шинжилгээ хийдэг. Тэмцээний өдрүүдэд ч нартай, хуртай, салхитай гээд байгаль дэлхий бүхий л үзэгдлээрээ хувьсан бас нэгэн шалгуур болж байлаа.
Жилийн зургаан сард хөдөө хэрээр гэр хийж явах геологич хүн өдөрт хамгийн багадаа 10-18 км алхдаг байна. Тийм болоод ч тэрүү арга хэмжээнд цугласан үе үеийн геологичид дунд спортын цол хэргэмтэй нь олон. Тэдний нэг бол тэмцээний ерөнхий зохицуулагч ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн багш, доктор Д.Чулуун гуай юм. Гүйлтийн спортын мастер цолтой тэрбээр өдгөө 70 насыг зооглож байгаа ч оюутан сурагчдад геологийн зураглалын хээрийн дадлагаар өөрийн мэдлэг чадварыг 45 жилийн турш харамгүй зориулж яваа ачтан. “Геологич хүн их тэвчээр, хатуужилтай байх ёстой. Маш их зовлон, бэрхшээл туулна шүү. Явган нүцгэн, хоолтой, хоолгүй зүтгэнэ.  Ийм бэрхшээлийг дааж гарахаар өөрийн мэргэжлийн сайхныг мэдэрдэг. Тэгж гэмээнэ жинхэнэ геологич болно доо. Геологич хүн сургуулиас онолын мэдлэг сайн авсан байх ёстой. Харин хээр хөдөө явахдаа жинхэнэ туршлага, чадварыг олж авдаг. Геологи нь танин мэдэх, шинжлэн судлах ухаан юм. Эрдэс баялгийг олдог нь геологи, олборлодог нь уул уурхай юм” хэмээн Д.Чулуун гуай өгүүлэв. Насандаа баймгүй хөнгөн шингэн энэ буурал Багууд тэмцээндээ хэрхэн оролцож байгааг газар дээр нь очиж сурвалжлагчдад танилцуулж явлаа.

Геологийн шинжлэх ухаан нь 400 гаруй чиглэлтэй бөгөөд геологичийн анхан шатны ажил бол геологийн зураглал ажээ. Уг төрөлд өрсөлдөж буй багууд тус бүр ойролцоогоор 4-5 км талбайд зураглал хийж, хурц чулуулгийн насжилт, хоорондын харьцаа, хувирал, найрлал зэргийг тогтоон газрын зураг дээрээ тэмдэглэх юм. Чулуулгийн насжилтийг тогтоосноор тухайн газарт ямар ашигт малтмал, эрдэс байж  болох нь тодорхой болох аж. Өөрөөр хэлбэл эрдэс баялаг эрж хайх бололцоотой гэсэн чиглэлийг геологийн зураг тодорхойлж өгдөг.

Тэмцээний геологийн зураглалын төрөлд өрсөлдсөн нийт 14 багийг хээрийн тэмдэглэл хөтлөлт, бичиглэл, дүгнэлт, зургаар баяжуулсан байдал гэх зэргийг харгалзан Шинжлэх ухааны академийн доктор Д.Оролмаа, ШУТИС-ийн доктор Д.Чулуун болон Монголын Геологийн холбооны гүйцэтгэх захирал Б.Болд-Эрдэнэ гэсэн шүүгчид шалгаруулснаар “Геосан” компанийн баг болох геологич Л.Чинтогтох,  Б.Мөнхцэрэн, Д.Отгонбаатар нар тэргүүн байрын эздээр тодров. Удаах байруудад “Гурван талст”, “Хөвсгөл Геологи” компанийн баг тус тус шалгарсан юм.

Геологийн зураглалын дараагаар эрлийн ажил хийгддэг ба ямар чулуу эрдэстэй холбоотой болоод гүндээ ямар байрлалтай байж болохыг тогтоодог. Тэмцээний энэ төрөлд нийт 12 баг өрсөлдөж, уулын ажлын баримтжуулалт, эрлийн талбайн зураг зохиосон болоод сорьцлолт хийсэн байдал, хээрийн тэмдэглэлийн хөтлөлт зэргээс шүүгч  Уул уурхайн яамны Алтанхуяг, доктор Г.Ухнаа, Ашигт малтмалын газар А.Дэлгэрсайхан нар шалгаруулснаар нэгдүгээр байранд “Геосан” компанийн геологич Г.Мөнхзул, М.Батчулуун, Г.Гүнбилэг нарын бүрэлдэхүүнтэй баг, хоёрдугаар байр “Алх чулуу” компанийн баг, гуравдугаар байрыг “Гурван талст” компанийн багууд тус тус эзэлсэн юм.  

Эрлийн дараах ажил бол хайгуул буюу геофизикийн судалгаагаар хэр хэмжээний эрдэс, ашигт малтмал газрын гадаргуугаас ямар зайд байршиж буйг тогтоон, тухайн нутаг дэвсгэрийн аль хэсэгт ил аргаар болон далд аргаар ашиглах боломжтой вэ гээд газрын хэвлийг эмх замбараагүй ухаж, сэндийчихгүй, байгаль, экологийн тэнцвэртэй байдлыг хангахад замчлах ач холбогдолтой. Газрын гүнийг судална гэдэг үндэсний аюулгүй байдлын нэг чухал асуудал  болов уу. Энэ удаагийн Геологичдийн ажил мэргэжлийн уралдаанд геологийн судалгааны салшгүй нэг хэсэг болсон геофизикийн судалгааг тэмцээний нэг төрөл болгон шинээр оруулжээ. Уг төрөлд өрсөлдсөн гурван багийг цахилгаан хайгуул, соронзон хайгуул, гамма спектрометрийн хэмжилт болон тэдгээрийн баримтжуулалт зэргийг харгалзан шүүгч Монголын геофизикчдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Цэдэнбалжир, Уул уурхайн яамны ахлах мэргэжилтэн Н.Баатар нар тэргүүн байрт “Мөнхийн вулкан”, удаах байруудад “Татах хүч”, “Гео орон”  компанийн багуудыг тус тус шалгаруулав.

Уул уурхайн яамны өргөмжлөл, шилжин явах цомын эзнээр багийн нийлбэр дүнгээр “Геосан” компани тодорч тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид гардуулсан юм. Баг бүр ахмад, дунд, залуу гээд үе үеийн геологичид, зарим нь багш шавиас бүрдсэн учир тун ч өрсөлдөөнтэй байсан бөгөөд “залуу, дунд ахмад” үеийн шилдгүүдийг тодруулав.

Богцоо үүрч, алхаа барин судалж буй эрдэс чулуутайгаа “ярилцан” явах геологич өдөр бүр алхам тутамдаа шинийг нээн, сонин сайхныг олж харж түүгээрээ бахархаж, сэтгэлээрээ өөдрөг явдаг өвөрмөц хүмүүс. Эх болсон газар нутгаа судлан шинжилж, эрдэс баялгийн сан хөмрөгөө арвижуулах геологичийн мэргэжил бахархмаар... Үндэсний геологичдийн маань гишгэсэн, нээсэн газар бүр хөгжил авчран, Монгол орны ирээдүйг гэрэлтүүлэх болтугай.