Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
MMJ-5

ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЭХ СЭТГҮҮЛ БОЛНО ГЭДЭГТ ЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙНА

Нээлттэй нийгэм форумын менежер Н.Дорждарь:

Mongolian Mining Journal бол агуулгын хувьд маш нарийн мэдээллүүд шингээдэг сэтгүүл. Өөрөөр хэлбэл, мэдээллүүдээ мэргэжлийн түвшинд цуглуулж, боловсруулж, олны хүртээл болгож чаддаг. Ялангуяа тодорхой асуудлаар олон талын байр суурийг тэнцвэртэй гаргаж өгдгөөрөө онцлог. Ер нь бие даасан, хараат бус байдлаа хадгалж чадсан сэтгүүл гэж би үнэлдэг юм.

Уул уурхайн бодлого сүүлийн жилүүдэд ихээхэн хувьсан өөрчлөгдөж ирлээ. Энэ  хугацаанд Mongolian Mining Journal өрнөж байгаа үйл явдалтай холбоотой мэдээллүүдийг маш шуурхай, үнэн бодитойгоор уншигчдад хүргэсээр ирсэн. Тэр тусмаа Ашигт малтмалын тухай хуулийн төсөлтэй холбоотой хэлэлцүүлгүүдийг цаг тухайд нь шуурхай, үр дүнтэй зохион байгуулж ирсэнд би талархаж байгаа. Бодлого боловсруулагчид энэ сэтгүүлээс олон санааг авч, ажил хэрэгтээ тусгах боломжтой.

Хариуцлагатай уул уурхай хэмээн ярьж байгаа тохиолдолд мэдээллийн хурд, чанар маш чухал юм. Миний хувьд бодлого боловсруулагчдын өгсөн ярилцлага, салбарынхны байр суурь, мэдээ мэдээллүүдийг хөндлөнгийн ажиглагчийн хувиар тогтмол уншдаг.

Монголын уул уурхай дэлхийн хэмжээнд хүрч хөгжих үүд хаалга нээгдэж байх шиг байна. Тийм учраас Mongolian Mining Journal дэлхийн хэмжээний сэтгүүл болно гэдэгт эргэлзэхгүй байгаа. Сэтгүүлийн хамт олонд сайн сайхныг хүсэн ерөөе.