М-Си-Эс Группын Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргал
Монголын уул уурхайн хөгжилтэй уялдан сэтгүүл зүйд мэргэжлийн түвшинд үнэлэгдэх хэвлэл шинээр мэндэлж, олон улсын стандартын түвшинд хүрсэн нь энэ өдрүүдэд 5 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Mongolian Mining Journal юм.
Өнгөрсөн жилүүдэд тус сэтгүүл нь уул уурхайн салбарт үүсээд байгаа тулгамдсан асуудлыг мэдрэмжтэй гарган ирж, мэргэжлийн төлөөллийг идэвхтэй татаж оролцуулах замаар асуудлыг тал бүрээс нь ажил хэрэгчээр авч үзэн, түүнийг шийдвэрлэх оновчтой гарцуудыг төр засагт олонтаа санал болгож байлаа. Ялангуяа уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын эрсдэл, хууль эрх зүйн тогтвортой орчныг бий болгох зайлшгүй шаардлага, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, улс орны эдийн засаг, нийгэмд хувийн өмчийн компаниудын оруулж байгаа хувь нэмэр, дэд бүтцийн сул хөгжил, байгаль орчны эмзэг байдал зэрэг сэдвээр өнгөрсөн жилүүдэд нийтэлсэн олон материал нь бизнесменүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж байв. Сэтгүүл нь нэг талаас уул уурхай, ашигт малтмал, геологийн салбарынхны нэгдмэл дуу хоолой болох, нөгөө талаас уншигчдад эрэлт хэрэгцээтэй, сонирхолтой, олон эх сурвалжит, анализ сайтай мэдээллийг тогтмол хүргэх үүргийг хариуцлагатай биелүүлж уншигч олон нийт, салбарынхан, бодлого тодорхойлогч талуудыг сэтгүүлийн нүүрэнд уулзуулж чадсан.
Mongolian Mining Journal сэтгүүлийнхэн үүргээ чамбай биелүүлэхдээ үндэсний хөрөнгө оруулагчдаас гадна гадаадын хөрөнгө оруулагчдад цаг үеийн бодит мэдээлэл нэн шаардлагатай байгааг ойлгож гол материалуудаа монгол, англи хэл дээр зэрэг гаргах болсон нь Монголын уул уурхайн сүүлийн үеийн мэдээллийг дотоод, гадаадад хүртээмжтэй хүргэхэд эерэг нөлөө үзүүлсэн.Түүнчлэн сэтгүүлийн бүрэлдэхүүндээ түшиглэн телевизийн “Хөгжил” студи байгуулж нэвтрүүлэг хийн телевизүүдээр цацаж, вэб сайтаар мэдээллээ зэрэгцүүлэн өгч байгаа нь энэ цомхон хамт олон сэтгүүл зүйн чиглэлүүдэд хөрвөж ажиллах чадвар эзэмшин, өсч хөгжсөнийг харуулахын зэрэгцээ уул уурхайн мэдээллийг олон нийтэд цогц сувгаар хүргэх ач холбогдолтой юм.
Сэтгүүлийн хамт олон мэдээлэл хүргэх үүргээ сайн биелүүлснээр үйл ажиллагаагаа хязгаарлалгүй уул уурхайн оны шилдгүүдийг жил бүр тодруулахдаа хараат бус байр сууринаас компаниудыг шударгаар үнэлж шалгаруулалтыг амжилттай хийж байгаа нь тус салбарын олон мянган ажиллагсдад ихээхэн урам зориг өгсөн нэр хүндтэй шагнал болжээ.
Хөгжлийн төлөөх мэдлэгт суурилсан хариуцлагатай сэтгүүл зүйд тэргүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, уншигчдын итгэлийг хүлээж чадаж байгаа Л.Болормаа эрхлэгчтэй Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олонд 5 жилийн ойн мэндийг дэвшүүлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.