Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Алтны үнэ өсч, зэсийнх буурав

Шинэ он гарсаар дэлхийн зах зээл эрдсийн үнэ ханшид харилцан адилгүй “хариу урвал” үзүүлж байна. Алт, цагаан алтны үнэ он гарснаас хойш 5-7 хувиар өсөөд буй юм. Хөгжиж буй орнуудын алтны эрэлт сайн байх төлөвтэй байгаагаас гадна АНУ-ын Холбооны нөөц бонд худалдан авах хэмжээгээ багасгаж магадгүй гэсэн мэдээлэл нөлөөлжээ. Тодруулбал Холбооны нөөц саяхан багасгаад буй бондын худалдан авалтын хэмжээгээ дахин бууруулж сар бүр 75 тэрбум доллар бус 65 тэрбум долларын бонд авдаг болж магадгүй гэсэн мэдээлэл гарчээ. Өнөөдрийн байдлаар нэг унц алт 1269 ам.доллар, цагаан алт 1438 ам.доллараар худалдаалагдаж байна. Харин зэсийн хувьд нэг тонн нь 7500 ам.доллар даваад байсан бол одоогийн байдлаар бараг 200 ам.доллараар буурч 7311 ам.доллараар худалдаалагдаж байна. Холбооны нөөцийн бонд худалдан авалтын хэмжээ багасах сургаар алтны үнэ өссөн бол зэсийнх эсрэгээр буурч эхэлжээ. Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногт 7160 ам.доллар болтлоо буурчээ. Үүнд АНУ, Хятадын аж үйлдвэрийн эрчмийн үзүүлэлт буурсан нь ч ихээхэн нөлөөлжээ. 

Хятадын хувьд аж үйлдвэрийн эрчмийн үзүүлэлтийг илтгэдэг PMIndex-ийн энэ сарын урьдчилсан үзүүлэлт нь 49.6 буюу сүүлийн зургаан сарын хугацаан дахь хамгийн доогуур дүнтэй гарсныг HSBC, Markit өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм. АНУ-ын нэгдүгээр сарын PMIndex-ийг 54-55 байна гэж эдийн засагчид тооцоолж байсан ч 53.7 гарчээ. Харин Евро бүсийн орнуудын PMIndex эсрэгээр өсөлттэй буюу 53.9 болж өмнөх сарынхаасаа 1.2 нэгжээр нэмэгдсэн дүнтэй гарчээ. Ийнхүү зэсийн үнэ буурсан ч хүрэн металын урт хугацааны төлөвт олонх шинжилгээ, судалгааны байгууллага өөдрөг хэвээр байна. Харин “Capital Economics” энэ жил Хятадын үйлдвэрлэлийн үзүүлэлт буурахын хэрээр зэсийн үнэ нэг тонн нь 6500 ам.доллар болж буурч мэднэ гэж үзжээ.


Б.Төгс