“Эрнст энд Янг” компани дэлхийн хөрөнгийн биржүүдийн улирал тутмын судалгааг гаргадаг бөгөөд энэ оны нэгдүгээр улирлын төлөв байдлыг танилцуулжээ. Оны эхний улиралд олон улсын хөрөнгийн бирж дээр 300 орчим компани нийт 55 тэрбум еврогийн хөрөнгө босгох төлөвтэй байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 80 хувиар илүү үзүүлэлт юм. Бүс нутгийн хувьд Европын биржүүд өндөр үзүүлэлттэй байгааг шинжээчид онцолж байна. “Goldman Sachs” банкны шинжээч Аласдэр Уоррэны мэдээлж буйгаар, Европын хөрөнгийн зах дээр эхний улиралд 25 орчим компани IPO буюу анхдагч хувьцаагаа гаргахаас ихэнх нь Лондоны хөрөнгийн биржийг сонгох аж. Европын биржүүд дээр IPO гаргалт идэвхжиж байгаа нь Евро бүсийн эдийн засгийн байдал сайжирч, тогтворжиж буйг харуулж байгаа юм. Хятад улс дотоодын хөрөнгийн бирж дээр IPO гаргах талаар 2012 оноос тавьсан хоригоо энэ сард цуцалснаар Азийн хөрөнгийн зах идэвхжинэ гэж шинжээчид үзэж байна. 2012 онд Азийн хөрөнгийн биржүүд дээр нийт 414 IPO гаргаж байсан бол Хятадын хоригийн улмаас 2013 онд IPO гаргалт 347 болж буурчээ.
“Эрнст энд Янг” компаниас мэдээлж буйгаар олон улсын хөрөнгийн бирж дээрх IPO гаргалтын идэвх буурдаг хоёр жилийн үечлэл 2013 онд дууссан байна.
Э.Од