Монгол улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
Mongolian Mining Journal сэтгүүл таван нас хүрч байгаа юм байна. Миний хувьд сүүлийн хагас жилээс энэ сэтгүүлийг ихэд амтархан уншиж байгаа.
Ийм сэтгүүл Монголд бий болсноор уул уурхайн соёл, уул уурхайн шинжлэх ухааны ойлголтуудыг Монголд нэвтрүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэж байна. Сэтгүүл их олон талтай. Төрийн бодлогоос эхлээд уул уурхайн үйлдвэрлэлийн технологи, зохион байгуулалт, менежмент, эдийн засгийн асуудлууд бүгд хөндөгддөг. Ийм цогц чанартай мэдээллийн хэрэгсэлтэй байх нь улс орны хөгжилд асар их нөлөөтэй. Магадгүй сайн ч нөлөөтэй байж болно. Маш их эрсдэлтэй ч байж болно. Монголын уул уурхайн салбарын хувьд одоо л тогтсон нэг ойлголттой болох тийшээ хандаж байна. Энэ бол сэтгүүлчдийн оруулж байгаа маш том гавьяа юм. Саяхан болтол уул уурхайн асуудал улс төртэйгээ холилдчихоод, аль нь улс төр, аль нь эдийн засаг, аль нь үйлдвэрлэл юм гэдэг нь мэдэгдэхгүй явж ирсэн. Бүхэнд илэрхий нэг зүйл нь уул уурхайн асуудал маш дорд түвшинд яригдаж байна гэдэг нь л харагддаг байсан.
Уул уурхайн баялаг бол тухайн үндэстний эрхэм үнэт зүйл. Үеэс үе дамжин нутаг оронд нь хадгалагдаж ирсэн баялгийг эргүүлж ашиглаж байгаа хэрэг. Гэхдээ энэ баялаг нөхөн сэргээгддэггүй. Тиймээс уул уурхайн баялгаа нээж ашиглаж байгаа улс үндэстэн бүр хойч үеийнхээ хэрэглэх баялгаас өнөөдөр зээлж байна гэсэн үг юм. Ийм ч учраас уул уурхайн баялгаа ашиглахдаа маш ухаалаг хандах шаардлагатай. Уул уурхайн түүхий эдийг олборлож гаргаад, түүнийгээ өндөр түвшинд боловсруулж гэмээж нь л улс орон хөгжинө үү гэхээс байгалийн хуримталсан баялгийг ухаж гаргаад гадагш нь ачсанаар хөгжил ирэхгүй. Манайд энэ ойлголт их ээдрээтэй явж ирлээ. Үүнийг тайлахад Mongolian Mining Journal сэтгүүл маш их үүрэг гүйцэтгэж байгаа гэж ойлгодог.
Нөгөө талаасаа олон улсын уул уурхайн баялгаа ашиглаж буй туршлага, зохион байгуулалт, технологи, хөгжлийн хандлагыг маш дэлгэрэнгүй тайлбарлаж гаргадаг нь монголчуудад их тус болдог байх гэж боддог. Энэ чанараараа Mongolian Mining Journal сэтгүүл Монголын оюуны ертөнцөд том байр суурьтай. Нэг үе бид малчин монголчууд гэж ярьдаг байлаа. Одоо малчин гэхийн хажуугаар уурхайчин монголчууд гэж ярих болж байх шиг байна. Монголчуудын энэ шинэ үеийг хүмүүжүүлж, оюуныг нь тэлэхэд Mongolian Mining Journal сэтгүүлийн оруулж байгаа хувь нэмрийг үнэлж баршгүй.
Тиймээс би таван жилийн ойг нь тохиолдуулаад сэтгүүлийн хамт олонд, уншигчдад нь чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд талархлаа хүргүүлж байна. Mongolian Mining Journal сэтгүүл цаашид улам өргөжин хөгжиж, мэдээлэл нь олон түмэнд улам өргөн түгэх болтугай.
Бид нээлттэй, хариуцлагатай уул уурхайн тухай их ярьдаг. Чухамхүү нээлттэй, хариуцлагатай уул уурхайн тухай ойлголтыг энэ сэтгүүл Монголд түгээж чадна. Тийм ч учраас Mongolian Mining Journal сэтгүүлд хийж бүтээх зүйл асар их бий. Ирээдүйд хийж бүтээх бүхэнд нь амжилт хүсч байна.