Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
MMJ-5

Аль нэг тал руу хэлбийлгүй эдийн засгийн үр ашиг, мэргэжлийн талаас ханддаг нь зөв хандлага юм

“Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Б.ЭНЭБИШ

“Mongolian Mining Journal” сэтгүүлийн нийт хамт олонд 5 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

2008 он бол шинэ мянганы  хоёр, гуравдугаар оны орчмоос эхэлсэн геологийн хайгуул, судалгааны шинэ давалгааны үр дүнд ашигт малтмалын ордууд шинээр нээгдэж, хуучны орд газруудын нөөц нэмэгдэн шинээр тогтоогдож, Оюутолгой, Тавантолгой ордыг ашиглаж эхлэх тухай эрчимтэй яригдаж байсан он байв. Түүнчлэн олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарал Монголын уул уурхай руу хандан, монголчууд  уул уурхайн салбарыг улс орныхоо ирээдүйн хөгжлийн тулгуур  гэж найдаж эхэлсэн үе байлаа.

Энэ үед уул уурхайн хөгжил, хөрөнгө оруулалтын асуудлаар төрөлжсөн, хуучны мэргэжлийн сэтгүүл шиг нэг хэвийн, явцуурсан уйтгартай биш, шинэлэг сэтгүүл шинээр мэндэлсэн нь “Mongolian Mining Journal” байв.

Дээр дурдсанчлан геологийн хайгуул судалгааны өргөн хүрээтэй ажил, хөрөнгө оруулалтын үр дүнд олон төслүүд ашиглалтын үе шатандаа шилжих энэ үед уул уурхай, түүний дэд бүтэц, бүтээгдэхүүний зах зээл, хөрөнгө оруулалтын талаарх бодитой мэдээлэл олон нийтэд төдийгүй энэ салбарынханд чухал хэрэгтэй зүйл байв.

Танай сэтгүүлд Монгол орны ашигт малтмалын орд газрууд хийгээд тэдгээрийн ашиглалт, хөгжлийн загваруудын тухай цаг үеийн сонирхолтой ярилцлагууд гардгаас гадна хөрөнгө оруулалт, геологи, уул уурхайн ерөнхий ойлголт, мэдлэгээс эхлээд бусад орнуудын жишээ болохуйц олон улсын төслүүдийн талаар нийтэлдэг нь мэдээллийн их ач холбогдолтой байдаг. Уул уурхайн хөгжлийн талаарх  засаг төрийн бодлого, дотоодын санал зөрөлдөөний талаар танай сэтгүүл аль нэг тал уруу хэлбийлгүй эдийн засгийн үр ашиг, мэргэжлийн талаас ханддаг нь зөв хандлага гэж бодож байна. Цаашид энэ чиглэлээ бүү алдаарай гэж хүсье.

Миний хувьд 2008-2012 онд “Эрдэнэс МГЛ”,“Эрдэнэс Тавантолгой”компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж Тавантолгой, Оюутолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг компанийн түвшинд гардан хариуцаж байсны хувьд дэлхийн хэмжээний эдгээр  уул уурхайн том төслүүдийн  ашиглалтын явцын талаар өргөн хүрээтэй далайцтай, хүмүүст зөв мэдээлэл өгсөн ярилцлага,нийтлэл гаргаж байсанд тань, бас хамтран ажиллаж, бидний ажлыг дэмжиж ирсэнд танай сэтгүүлд талархаж байдгаа хэлмээр байна.  

Ингээд Монгол Улс бүс нутагтаа уул уурхайн нэгэн  томоохон тоглогч болохын цагт  зөвхөн дотооддоо төдийгүй олон улсад  нэр хүнд бүхий сэтгүүл болох ирээдүйг ерөөж, “Mongolian Mining Journal” сэтгүүлийн зөвлөл, хамт олонд  ажлын  өндөр амжилт хүсье.