Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид:
Юуны өмнө таван жилийн ойгоо тэмдэглэж буй Mongolian Mining Journal-ын хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Аливаа сэтгүүл өөрийн гэсэн өнгө төрх, орон зайтайгаар янз бүрийн цаг хугацаанд амьдардаг. Миний хувьд Mongolian Mining Journal-ыг Монголын шинэ сэтгүүл зүйд шинэ өнгө төрх авчирсан, цоо шинэ, мэргэжлийн стандартыг бий болгосон сэтгүүл гэж хардаг. Нэрнээс нь болоод мөнгөтэй холбох зэргээр манайхан янз бүрээр ойлгодог юм шиг байна лээ. Би тэгж хардаггүй. Яагаад гэхээр сэтгүүл зүй өөрөө бизнес. Энэ бизнесийг яг орчин үеийн шаардлагынх нь дагуу хийх ёстой. Түүнээс биш мөнгө өгвөл магтана гэдэг тэр үе өнгөрсөн байна. Өнөөдөр бизнес утгаар нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг байгуулан, жинхэнэ мэргэжлийн түвшний сэтгүүл гаргаж, хамгийн гол нь асуудлыг мэргэжлийн түвшинд гаргаж тавьдаг цөөхөн сэтгүүлийн нэг нь Mongolian Mining Journal.
Манай шинэ сэтгүүл зүйд, ялангуяа сэтгүүлийн төрөлд ирээдүйн чиг хандлага ийм л байна шүү гэдэг тэр стандартыг тодорхойлсон сэтгүүл бол Mongolian Mining Journal гэж хэлмээр байна. Монголын сэтгүүл зүй сүүлийн жилүүдэд технологийн хувьд, стандартын хувьд урагшаа том алхаж байгааг хэлэх хэрэгтэй. Жишээ нь, телевизийн салбарт маш олон дэвшил гарч байна. Сэтгүүлийн салбарт бас том дэвшлүүд бий болж байна. Гадаадын нэр хүндтэй брэнд болсон сэтгүүлүүд орж ирж байна. Үүнтэй зэрэгцээд Монголын сэтгүүлчид өөрсдөө яг тэр түвшний, салбарын мэргэшсэн сэтгүүлийг гаргаж байгаад МСЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд баяртай байдаг. Танай сэтгүүл асуудлыг тавьж чаддаг, мэргэжлийн түвшинд хөндөж чаддаг, мөн асуудлыг олж харж чаддаг. Мэргэжлийн ийм сайн хамт олонд таван жилийн ойгоо тэмдэглэж байгаад нь баяр хүргэе.