2011 онд Япон улсын “Фүкүшима Дайчи” атомын цахилгаан станц /АЦС/-д болсон осол дэлхийн ураны зах зээлд шууд нөлөөлсөн билээ. Ослын дараагаар дэлхийн зах зээл дэх ураны ханш 50%-иар огцом буурсан юм. 2007 онд ураны нэг фунт шар нунтаг 150 ам.доллар байсан бол 2013 онд 38 ам.доллар хүрэхгүй байв. Шинэ он гарснаар ураны шар нунтагийн нэг фунтын үнэ 34,50 ам.доллараас 35,75 ам.доллар болж нэмэгдсэн байна. The Ux Consulting Company” компанийн мэдээлж буйгаар дэлхийн зах зээл дэх ураны үнэ хамгийн доод түвшинд 2006 онд хүрч байжээ.
Атомын эрчим хүчний үйлдвэрлэлээр Ази тивд тэргүүлэгч Япон нь “Фүкүсима Дайчи” АЦС-ын ослын хор хохирлоос бүрэн салж чадаагүй байна. Тус бүс нутагт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар цөмийн хор хохирлыг арилгахад хамгийн багадаа 30-40 жил шаардлагатай аж. Ослын дараагаар Япон улсын эрчим хүчний гол түүхий эд байгалийн хий болоод байгаа юм. 2012 онд 87 сая тонн байгалийн хий импортлохдоо 6 их наяд иен төлжээ. Газрын тос, байгалийн хий болоод нүүрсний импорт нь Японы эдийн засагт маш их хохиролтой хэдий ч цөмийн эрчим хүч цаашид ашиглах талаар хүлээлттэй байгаа бөгөөд одоогоор таван жилийн хугацааны ураны нөөцөө ашиглаж байна.
“Фүкүшима Дайчи” АЦС-ын осол нь Герман, Япон болон Европын орнуудыг цөмийн эрчим хүчнээс татгалзахад хүргэсэн ч Их Британи энхийн атомыг ашиглах болсноо мэдэгдээд байгаа юм. Дэлхийн улс орнуудад ч АЦС шинээр барих төслүүд төдийлөн буурахгүй байна. БНХАУ, Энэтхэг, ОХУ, АНУ, Өмнөд Солонгос, Их Британи, Франц, Канад, Арабын Эмират, Вьетнам, Йордани, Малайз, Египет, Бангладеш, Тайланд зэрэг дэлхийн 40 гаруй улс ирэх 5 жилд шинээр АЦС-уудыг ашиглалтад оруулах гэж байна.
ОХУ-ын “Росатом” компани өнгөрөгч оны есдүгээр сард Хятадын Тяньванийн АЦС-ын дөрөв дэх реактор, аравдугаар сард Бангладешийн АЦС-ын барилгын ажлуудыг тус тус эхлүүлээд байгаа юм. Бангладеш дахь анхны АЦС нь 2ГВт хүчин чадалтай бөгөөд бүтээн байгуулалтын нийт өртөг нь 10 тэрбум ам.доллар аж. Мөн “Росатом” компани Йорданы анхны АЦС-ыг барих 10 тэрбум ам.долларын тендерт ялсан байна. 2011 онд зарлагдсан уг тендерт Оросын компанитай хамт Канадын AECL компани болон Франц-Японы “Mitsubishi Heavy Industries - Areva”консерциум өрсөлджээ. ОХУ-ын ураны олборлолтыг тодорхойлдог “Росатом” компани 2013 онд 8,4 мянган тонн уран олборлосон болохыг компанийн тэргүүн Сергей Кириенко мэдэгдэв. Ураны олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Казахстан улсын хувьд 2012 онд 20,9 мянган тонн уран олборлож байсан бол 2013 онд 22,5 мянган тонн болгон нэмэгдүүлжээ.
Орос “Витимск” /2013 он/, Австрали “Фоор Майл” /2013 он/, Канад “Сигар Лейк” /2013 он/, Нигер “Имоурарен”/2015/, Намиби “Хусаб” /2015 он/ зэрэг шинэ уурхайнуудыг эхлүүлж, эхлүүлэхээр төлөвлөж байна.
Э.Од