Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Харилцан үр ашигтай Транзит тээврийн эхлэлийг тавьсан айлчлал




Г.Идэрхангай

“Монгол улс далайд гарцтай бол дэлхийд үйлчилнэ. Далайд гарцгүй бол хоёр хөршдөө л үйлчилнэ” гэсэн үг бий. Байгалийн баялгаа дэлхийн зах зээл дээр үнэ хүргэж, бүс нутагтаа  эдийн засгийн томоохон өрсөлдөгч улс болохын тулд Монгол улс хоёр хөршөө транзит тээврийн сүлжээгээр холбож, дамжин өнгөрүүлэх бодлогыг нь хангаж өгөх стратегийн бодлого баримталж байгаа.

Ганц Монгол ч бус Орос, Энэтхэг, Хятад, Монгол дөрвөн улсын оролцоотойгоор Ази, Европыг холбосон транзит тээвэр, эдийн засгийн үр ашигтай томоохон сүлжээ бий болох учиртай. Үүнийг “Торгоны зам“ гэж нэрлэж байна. Ази, Европын хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр, хоёр дахин урт замыг 2-3 дахин их хугацаанд тээвэрлэдэг.

Нөгөөтэйгүүр, сүүлийн жилүүдэд БНХАУ-ын зүүн эргийн боомтуудын ачаалал ихэсч буй ч Ази, Европын хоорондын худалдааны эргэлтийг эрчимжүүлэхэд газрын тээвэр, тодруулбал Дамжин өнгөрөх тээврийн сүлжээ юу юунаас чухал болж байна.

НҮБ-ын ивээл дор Зүүн хойд Азид “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн хүрээнд энэ бүс нутагт тээврийн сүлжээг хөгжүүлэх төслүүд ч эхнээсээ хэрэгжээд эхэлчихсэн. Яг ийм онцгой цаг үед Хятадын удирдагчид ОХУ, Энэтхэг, Монголын Ерөнхий сайдуудыг Бээжин хотноо урьж, талуудтай бүс нутгийн хэмжээний тээвэр логистикийн  нэгдсэн ойлголцолд хүрч чадлаа.

Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн дөрвөн гол замнал байдгийн хамгийн дөт нь Монгол улсаар дайран өнгөрдөг тул Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн айлчлал олон улсын анхаарлыг татахаас аргагүй байв. Тийм ч учраас Хятадын удирдагчид “Монгол улс манайхтай 4710 км зурвасаар хиллэдэг тул манай хамгийн том хөрш” хэмээн онцлон хэлсэн юм.
Хятад улс Ази-Европыг холбосон эдийн засаг худалдааны томоохон сүлжээ бий болгох, үүгээрээ дамжуулан эх газрын орнуудыг түшиглэсэн хөгжлийн асар том дэд бүтцийг бий болгохоор чармайж байгаа.

Монгол улсын Ерөнхий сайдын танилцуулсан “Транзит Монгол” үндэсний хөтөлбөрийг Хятадын тал дэмжиж, төмөр зам болон авто зам, холбооны шугам зэрэг дэд бүтцийн салбарт хамтарч ажиллахаа ч бүрэн дүүрэн илэрхийллээ.
Энэ бүхнийгээ хоёр улсын удирдагч нар “Стратегийн түншлэлийн дунд, урт хугацааны хөтөлбөр”, түүнийг дагалдах арваад бичиг баримтын хүрээнд шийдвэрлэхээр хамтын тохиролцоогоо хийсэн юм.  
Хятад улсад 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс олборлон нийлүүлэх,  Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, уг үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд борлуулах гэх мэтээр уул уурхайн салбарын  харилцааны  шинэ эхлэлүүдийг тавьсан юм.    

Тиймээс хоёр улсын Ерөнхий сайд нар ашигт малтмалын экспортыг үлэмж нэмэгдүүлсэн энэхүү алхмыг илүү бодит ажил хэрэг болгох үүднээс хилийн гарцуудаа тодорхой болгож,  боомтын хүчин чадлуудыг нэмэхээр тохиролцоонд хүрсэн.
Тухайлбал, айлчлалын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК болон БНХАУ-ын төрийн өмчит “Шинхуа” групп корпораци Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам барихаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсгээ зурлаа. Уг санамж бичгийн хүрээнд “Шинхуа” группээр ахлуулсан концорциум Монголын Гашуунсухайт боомтын өртөөг Хятадын Ганцмодны боомттой холбосон ачаа тээврийн боомтын төмөр зам барьж, “Монголын төмөр зам” төрийн өмчит  компанид хүлээлгэн өгөх юм.

Шивээхүрэн-Сэхээ,  Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүн Хатавч, Сүмбэр-Рашаант зэрэг төмөр замын боомт болон тэдгээрийн хил дамнасан төмөр замын гарцын бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэхээр хоёр тал мөн санамж бичиг үзэглэсэн.
Үүнтэй холбоотойгоор 1991 онд байгуулсан хоёр улсын Дамжин өнгөрөх тээврийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ч шинэчлэхээр боллоо. 1955 онд байгуулсан “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” ч мөн  давхар шинэчлэгдэнэ.  1991 оны хэлэлцээр бол  зөвхөн далайд гарцгүй орнуудад үзүүлэх хөнгөлөлтийн чиг баримжаатай байсан ба өмнөд хөршийн Тяньжин боомтоор дамжин өнгөрөх эрх л манай талд үүсдэг. Тэгвэл Хятадын Дандонг, Чиньжоу, Чиньхуандао, Тяньжин, Хуанхуа зэрэг долоон боомтыг ашиглан Монгол улс далайд гарах шинэ боломж нөхцөл энэхүү гэрээ хэлэлцээр шинэчлэгдсэнээр бүрдэх юм.  Ерөнхий сайдын айлчлал энэ бүхэнд томоохон түлхэц өгөв. 

Айлчлалын үеэр хоёр талаас Ажлын хэсгүүд байгуулж, Дамжин өнгөрүүлэх тээвэр, төмөр замын боомтууд, ачаа тээврийн үнэ тариф, хил гаалийн хэлэлцээрүүд зэрэг маш олон ажлыг судалж, холбогдох гэрээ хэлэлцээрүүдийг шинэчлэхээр тогтсон.   
Хятадын төр засаг босоо удирдлагын зарчимтай тул Ажлын хэсгүүд нь шууд байгуулагдан, ажилдаа оржээ. Манай талаас ч цаг алдахыг хүссэнгүй. Зам тээврийн яам Хятадын талтай зам, тээврийн салбарт хамтран ажиллах төлөвлөгөөгөө боловсруулж буй бөгөөд мөд удахгүй Хятадын зохих шатны хүмүүст танилцуулахаар бэлтгэж  байна.


Транзит тээвэр ба Зүүн босоо тэнхлэгийн төмөр зам

“Стратегийн түншлэлийн харилцаатай мөнхийн хөршийн хувьд харилцан үр ашигтай хамтран ажиллах нь чухал” хэмээн Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Хятадын талд байр сууриа удаа дараа илэрхийлж байсан. Хоёр улсын хооронд шинээр үүсэн бүрэлдэх Транзит тээврийн сүлжээ ч мөнхүү  харилцан үр ашигтай байхыг тэрээр тэмдэглэсэн хэрэг биз ээ.

Зүүн хойд Азид эдийн засгийн асар их үр өгөөжтэй төмөр замын тээвэр, логистикийн шинэ бүтцийг бий болгох “Их Түмэн санаачилга” хөтөлбөрийн хүрээнд Монгол улс Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын дэд бүтцийг өргөжүүлэхээр зорьж байгаа. Хэдийгээр хойд, урд хөрш манай нутаг дэвсгэрийг тойруулан төмөр замын тээвэрлэлт хийдэг ч Зүүн босоо тэнхлэгээр дамжуулан Хятадын далайн боомтуудад очих боломж бүрдэж эхэлжээ.

Энэ нь хоёр хөрш төдийгүй манай улсад ч ашигтай. Учир нь, Монгол улс зүүн босоо тэнхлэгийн тээврийн сүлжээгээр дамжин ОХУ, Хятад руу тээвэрлэлт хийх бололцоотой.  Сүхбаатар аймгийн удирдлага Хятадын холбогдох албаны хүмүүстэй энэ чиглэлд хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн нь Зүүн хойд Хятад руу нэвтрэх транзит тээврийн эхлэл байв. 

Мөд удалгүй  Хятадын төмөр зам Бичигтийн боомттой холбогдох ба энэхүү төмөр замын сүлжээ Чойбалсангийн төмөр зам, улмаар ОХУ руу босоо тэнхлэгийн төмөр замтай нэгдэх юм.  Ингээд Зүүн босоо тэнхлэгийн төмөр замын шинэ сүлжээ бий болно.
Юутай ч ойрын хугацаанд Зүүн босоо тэнхлэгийн төмөр замтай болох төслийн ажлыг ”Монголын төмөр зам” ТӨХК эхлүүлэхээр төлөвлөсөн ба энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ Засгийн газраас 400 сая ам.долларыг бондын мөнгөөс гаргаж, хэрэгжүүлэгч компани гурван тэрбум долларын зээлийг банкуудаас авч, 1,4-1,5 тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагчдаас босгох тооцоо гаргасныг Зам, тээврийн яамны холбогдох албаны хүмүүс мэдээлсэн.

Далайд гарах шинэ боломж буюу Зиньжоу, Дандонг...

Ерөнхий сайд Хятадын зүүн хойд Ляонин мужид зочилсон. Монголд хамгийн ойр далайн боомт болох Зиньжоу энд оршдог. Тодруулбал, Бичигт-Зүүн Хатавчийн боомтоос Бохайн булангийн Зиньжоу боомт хүрэхэд 1000 километр. Эдүгээ Бичигтийн боомтыг хоёр дахь Замын-Үүд болгож, олон улсын байнгын ажиллагаатай транзит төмөр зам бүхий боомт болгох төрийн бодлого бий.  Ирээдүйд Ази, Европыг, тодруулбал  Орос, Хятадыг холбосон  транзит төмөр зам Бичигтийн боомтоор  дайран өнгөрөх юм.
Ляонин мужийн удирдлага Монгол улсын төмөр замын бүтээн байгуулалтад оролцож, боломжийн хэрээр хөрөнгө оруулалт хийж, далайн боомтуудаа ашиглуулах саналаа  илэрхийлж байсан. Тэгвэл энэ удаад тэд бүр  өөрсдийн  Зиньжоу, Дандон боомтыг нэр заан хэлж,  төмөр замаараа холбогдох боломж бий болсныг илэрхийллээ.

Монгол улс 2010 онд баталсан “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-оороо энэ мужтай Рашаант, Бичигт гэсэн хоёр боомтоор холбогддог. Тиймээс  УИХ-аас баталсан бодлого Ляонин мужийн ирээдүйд хөгжүүлэх гэж буй дэд бүтцийн бодлоготой шууд уялдаж байгаа юм. Хятадын талаас Рашаант боомт дээр төмөр зам нь тулаад ирчихсэн. Бичигтийн боомт руу 70-хан  км төмөр зам дутуу байгаа.  2015 он гэхэд үүнийг бүрэн барьж дуусгах юм байна.  

Манай талаас ч  Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоос Ляонин мужийн Шэньян хот руу төмөр зам татах ажил  давхар  ундарна.
Учир нь, Ляонин муж нь манай улсын зүүн хилтэй ойр учир Сүхбаатар аймагтай бүх талаар хамтран ажиллах боломжтой. Дашрамд, энэ муж Хятадын хамгийн том аж үйлдвэрийн бааз. Өмнөд хөршийн аж үйлдвэрлэлийн хөгжлийн түүхэнд гүйцэтгэсэн гавьяагаараа БНХАУ-ын “Ууган хүү” гэсэн тодотголыг зүүжээ.

Нөгөө талаасаа Хятадын Засгийн газар Зүүн хойд бүс рүүгээ илүүтэй анхаарч, энэхүү хуучин аж үйлдвэрийн төвийг сэргээн босгож, улмаар Ляонин, Жилин, Хэйлунзяань гурван мужийг нэгтгэн томруулсан бүс байгуулах  стратегийн том бодлого баримталж байгаа. Ляонин мужийн   Зиньжоу далайн боомт   нь цаашдаа ОХУ-ын  Алс Дорнод болон  Монгол улсын  далайд гарах хамгийн чухал суваг болон өргөжих  юм. Эдүгээ Зиньжоу боомт нь дэлхийн 80 гаруй улстай далайн тээврийн харилцаа үүсгэж, 2011 оны байдлаар тус боомтын ачаа тээврийн хүчин чадал  72 сая тоннд хүрчээ.

Монгол улсын хувьд далайд гарах бас нэгэн шинэ гарц нь Дандон боомт. Энэ нь Хятадын хойд эргийн цорын ганц хөлддөггүй боомт. Дандон нь мөн л Зүүн Хойд Азийн эдийн засгийн гол цэг бөгөөд ОХУ, Япон, Солонгос, Монгол улсыг холбосон, орчин цагийн хамгийн том  далайн тээвэр логистикийг бүрдүүлэх шаргуу төлөвлөгөөтэйгээр Хятадын Засгийн газраас энэ бүсэд бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнүүлж байна. 2011 онд боомтын ачаа эргэлт 15, 39 сая тоннд хүрч байсан бол одоо 60 сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай. 2016 оноос өмнө үүнийгээ  200 сая тоннд хүргэх аж.  
Тэгэхээр Монголын Зүүн босоо тэнхлэгийн төмөр замтай шууд холбогдох, хоёр улсын худалдааны тэлэлтэд  Сүхбаатар аймаг, Ляонин муж үлэмж нөлөө үзүүлэх болоод байгаа.

Зүүн хойд бүс нутаг, тэр дундаа Монгол улсын хувьд энэ чиглэлд далайд гарах хамгийн ойрын гарц нь  Зиньжоу, Дандонг боомт болж байгаагаас бус өөр бусад далайн боомтуудыг ашиглах боломжуудыг ч айлчлалын үеэр илүү тодорхой болгосон гэдгийг онцлон дурдах хэрэгтэй болов уу.
Монголоос ихэвчлэн нүүрс, төмрийн хүдэр буюу нурмаг ачааг л  урд хөршөөр дамжуулж, далайд буюу Япон, Солонгос хүргэх алс хэтийн зорилготой.

Хятадын Чиньхундао боомт бол зөвхөн нурмаг ачаа нэвтрүүлэх зориулалттай. Ерөөсөө тус улсын нүүрсний нөөцийг бүрдүүлдэг ганц боомт. Нийт хүчин чадлын хувьд ОХУ-ын Владивосток, Ванино, Находко зэрэг далайн дөрвөн боомтыг нийлүүлснээс ч том гэгддэг.

Хуанхуа боомтын тухайд ч мөн  манай далайд гарах нэг гарц.  Гэхдээ  манай улсын   ашигт малтмалыг  Бээжингийн  ачаалал ихтэй  төмөр замын магистралийг тойруулаад Хуанхуа орох боломжтой гэж тооцжээ. Эдгээр боомтын тухайд ч хоёр талаас байгуулагдах Ажлын хэсгүүд нарийвчлан судалж, алинаар нь ямар төрлийн ашигт малтмал экспортлохоо тодорхойлон гаргахаар ажиллах аж.



Айлчлалын өмнө ба хойно

“Манай Алс Дорнодын боомтуудаар дамжуулж Япон, Солонгос руу гаргаач ээ” хэмээсэн  саналыг Оросын тал саяхан  манай УИХ-ын гишүүд болон төмөр замын холбогдох албаны хүмүүсийг хойд хөршид айлчлах үеэр сануулжээ. Тэгэхээр урд, хойд хөрш маань ийнхүү ижил түвшинд далайн боомтуудаа санал болгож байгаа энэ үед Монгол улс транзит тээврийн бодлогодоо илүү нухацтай хандах зайлшгүй шаардлага бий болж байна.

Хоёр хөрш далайн боомтууддаа илүү ач холбогдол өгч буйн хувьд Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлж, худалдаа эдийн засгаа хөгжүүлэх сонирхол нь Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалын дараа бүр ч илүү  идэвхжиж байна.
“Хятадаас Европ руу чиглэсэн транзит тээврийн урсгал харамсалтай нь Монголоор дайрахгүй байна. Транзит тээврийн томоохон урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Улаанбаатар төмөр замын шинэчлэлийг түргэтгэж, хойд логистикийн системийн хүрээнд тээвэрлэлтийг хангах хэрэгтэй” хэмээн “Оросын төмөр зам” нэгдлийн Дэд ерөнхийлөгч Вадим Морозов санууллаа.

Тэрээр, Улаанбаатар төмөр замын шинэчлэлийг өргөн хүрээтэй хийхийн тулд хоёр улсын  хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” компани байгуулснаа дурдаж, уг компаниар дамжуулан Тавантолгой-Сайншандын чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад ихээхэн үүрэгтэй оролцоно гэж тодотгосон. Орос, Хятадын худалдааны эргэлт одоогоор 80 тэрбум ам.доллар бөгөөд тээврийн  нэгдсэн транзит сүлжээ бий болбол 200 тэрбум долларт хүрэх юм. Тийм учраас хоёр улсын тээврийн коридоруудыг түргэвчлэн байгуулахыг Морозов сануулсан.

Хойд логистикийн системийн хүрээнд ОХУ нь Улаан-Үд-Наушки-Эрээн-Жининь тээврийн коридорыг хөгжүүлснээр энэ шугамаар жилд 100 сая тонн  ачаа тээвэрлэх боломж бүрдэх  юм.

Хятад улсын зүгээс ч   Улаанбаатар төмөр замын шинэчлэл хийх, хос төмөр зам барихад Монгол болон бусад улстай олон талын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бэлэн байгаагаа “Стратегийн түншлэлийн урт, дунд хугацааны хөтөлбөр”-өөр баталгаажуулж, Орос, Хятад, Монгол гурван улсыг холбосон транзит тээврийн сүлжээ бий болгоход бүх талаар хамтран ажиллана гэдгээ  илэрхийллээ.   
Энэ бүхэн Монгол улсын хувьд Транзит тээврийн гурван талт хэлэлцээрийг урагшлуулах таатай нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн ажигчлагчид дүгнэж  байна.