Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Роснефть Хятадтай газрын тосны худалдаагаа нэмэгдүүлнэ

Оросын төрийн өмчийн газрын тосны магнат “Роснефть” компани энэ жил Хятад руу жилд 9 сая тонн буюу өдөрт 180 мянган баррель газрын тосны нэмэлт нийлүүлэлт хийнэ гэж мэдэгджээ. Тус компани өнгөрсөн жил Хятадын CNPC компанид Зүүн Сибирь-Номхон далайн хоолойгоор дамжуулан өдөрт 330 мянган баррель нефть нийлүүлж байжээ. Харин энэ жил уг хэмжээгээ 2 сая тонноор нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн Казахстанаар дамжуулан Хятад руу нэмж 7 сая тонн тос нийлүүлэхээр болжээ.  

“Роснефть”-ийн Ерөнхийлөгч Игорь Сечин ирээдүйд Хятад руу өдөрт нэг сая баррель нефть нийлүүлэх ажил бодитой болсныг дурджээ.

Тус компани Хятадын “Sinopec” компанитай 10 жилийн хугацаанд жилд дунджаар 10 сая тонн газрын тос нийлүүлэх санамж бичиг үйлдээд буй билээ. Гэхдээ гэрээг эцэслэж амжаагүй байгаа юм.

Түүнчлэн “Роснефть” Номхон далайн эргийн Козминогийн боомтоос Хятад руу өдөрт 440-460 мянган баррель нефть нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ. Өмнөх жил нь уг боомтоор Хятад руу өдөрт 426 мянган баррель газрын тос экспортолжээ.

Оросын хувьд Европын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлдэг байдал нь харьцангуй эмзэг болж буйгаас гадна Зүүн Сибирь дэх олборлолт нь нэмэгдэхийн хэрээр Азийн зах зээлд эзлэх хүрээгээ нэмэгдүүлэхийг зорих болжээ.

 

Б.Төгс