Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Бодлогын хүүг 10.5% хэвээр үлдээлээ

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын 7-11-ний өдөр хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Юуны түрүүнд Бодлогын хүүг 10.5%-д хэвээр үлдээхээр болсон байна. “2013 онд хэрэгжүүлсэн эдийн засгийг идэвхжүүлэх бодлого байгаа оносон гэж үзэж байгаа болохоор энэхүү бодлогыг цаашид үргэлжлүүлэх нь зөв гэж үзсэн. Нөгөө талд мөнгөний бодлогын хүүг бууруулах боломж хомс байсан учир бодлогын хүүг хэвээр үлдээлээ” хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал мэдэгдлээ. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, эдийн засагт өндөр ач холбогдол бүхий томоохон төслүүдийн хэрэгжилт удааширч байгаа нь эдийн засгийн дархлааг сулруулж байна хэмээн Төв банк байгаа үзэж байна.

Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүнээр шинээр томилогдсон Монголын банкны холбооны Ерөнхийлөгч М.Болд “Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн бодлогыг цаашид үргэлжлүүлнэ гэдэг нь жижиг дунд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэнд эерэг дохио болж очно гэж найдаж байна” хэмээн нэмж хэлсэн юм.

Мөн олон улсын зах зээл дээрээс 3 болон түүнээс дээш хугацаатай бонд болон зээл хэлбэрээр банкны татсан гадаад валютын эх үүсвэрийг Заавал байлгах нөөцийн шаардлагаас чөлөөлөхөөр болсон байна. Энэхүү шийдвэрийг Монголд дунд болон урт хугацаанд орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулан дэмжиж байгаа нэг хэлбэр хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал онцоллоо.

Энэ удаагийн хурлаас эхлэн Монголын банкны холбооны Ерөнхийлөгч М.Болд, Санхүүгийн зах зээлийн холбооны Ерөнхийлөгч Ө.Ганзориг нар Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүнээр ажиллахаар болсон байна.


С.Болд