Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Гадаад худалдааны алдагдал хамгийн бага байжээ

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний сарын статистик мэдээллийг гаргажээ. Нэгдүгээр сард гадаад худалдааны эргэлт 658.3 сая доллар болж, өнгөрсөн оны нэгдүгээр сараас 15.5%-иар, өнгөрөгч арванхоёрдугаар сараас 27.7%-иар тус тус буурчээ.

Үүнээс экспорт 321.2 сая доллар болж, 3 сар дараалан буурсан ч өмнөх оны нэгдүгээр сараас 14%-иар нэмэгджээ.

Импортын хувьд 337.1 сая доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 162 сая доллар буюу 34 %-иар буурчээ. 2013 оны долдугаар сараас хойш 6 сар дараалан импорт буурч байна.

Гадаад худалдааны тэнцлийн алдагдал 15,9 сая доллар болсон байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард гадаад худалдааны тэнцэл 114 сая доллар, өнгөрсөн оны нэгдүгээр сард 216 сая доллар байсантай харьцуулахад ихээхэн буурсан үзүүлэлт юм. Мөн энэ үзүүлэлт нь сүүлийн 36 сарын хамгийн бага алдагдал болж байна.

Эрдэс бүтээгдэхүүний экспорт 252.3 сая доллар болж, нийт экспортын 78.5%-ийг эзэлж байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сард 247.6 сая долларын эрдэс бүтээгдэхүүн экспортолж байсан нь нийт экспортын 87.9%-ийг эзэлж байжээ. Эрдэс бүтээгдэхүүний экспортын нийт экспортод эзлэх хэмжээ тогтмол буурсаар байгаа юм.

Нэгдүгээр сард 1 тонн алт экспортолж, 39.5 сая долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеэс бараг 3 дахин нэмэгджээ. Зэсийн баяжмалын экспорт ч өнгөрсөн оны мөн үеэс 33%-иар нэмэгдэж, 63.5  мянган тонн болсон байна. Экспортын орлого 71.3 сая доллараас 95.8 сая доллар болж 34%-иар өсчээ. Өсөлттэй байгаа түүхий эдийн нэг нь газрын тос. Нэгдүгээр сард 513.7 мянган баррель газрын тос экспортолж, 48.2 сая долларын орлого олсон нь өнгөрсөн оны нэгдүгээр сартай харьцуулахад биет хэмжээ 46.7%, орлого 43%-иар өссөн байна.

Харин төмрийн хүдрийн экспорт ялимгүй буурсан бол нүүрсний экспортын бууралт үргэлжилсээр байна. Нэгдүгээр сард 1.255 мянган тонн чулуун нүүрс экспортолж, 61. 1 сая долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээ 2%, орлого 30%-иар буурсан байна.


С.Болд-Эрдэнэ

  • Зочин (202.70.36.70)
    Гадаад худалдааны эргэлт буурч байгаам чинь алдагдал энэ тэр үзүүлэлт нь буурнашдээ Мангар тайвшируулсан гарчиг тавих юмаа ккк
    2014 оны 02 сарын 12 | Хариулах