Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Кастодиан банкны журам батлагджээ

Санхүүгийн зохицуулах хорооны хоёрдугаар хуралдаан нэгдүгээр сарын 29-нд болж, Кастодианы тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журам батлахыг зөвшөөрсөн байна. Түүнчлэн нэгдүгээр сарын 15-нд болсон анхны хуралдаанаар “Үнэт цаасны дотоод мэдээлэл, түүнийг эзэмшигчээс үнэт цаасны зах зээл дээр явуулах үйл ажиллагааны тухай журам”, “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээдийн үйл ажиллагааны журам”, “Хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны тухай журам”-ыг батлаад байсан юм. Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль шинээр гарснаас хойш шаардлагатай дэд бүтцийг бий болгохыг зохицуулсан журмууд эхнээсээ батлагдаж байгаа нь энэ юм.

Кастодиан үйлчилгээний журам батлагдсанаар арилжааны банкууд кастодиан үйлчилгээ явуулах эрхтэй болж байна. Кастодиан банк нь үнэт цаасны данс, хувьцаа хадгалж,  ногдол ашиг тараах гэх мэт олон үйлчилгээ явуулах эрхтэй юм.

“Хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны тухай журам” батлагдсанаар хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд байгуулагдах нөхцөл бүрдэж байна. Хөрөнгө оруулалтын сангийн хуулиар хөрөнгө оруулалтын менежментийн компани хөрөнгө оруулалтын сан байгуулах боломжтой юм.


С.Болд-Эрдэнэ