Л. Болормаа /ÁÍÑÓ. Ѻ¿ë õîò. 2014.2.14/Эдийн засгийн чөлөөт бүс нь амбийцтай ард түмний хийдэг ажил аж. Асар их хөрөнгө, урт хугацааны хөдөлмөр шаардсан бүтээн байгуулалт. Гэхдээ хамгийн гол нь дэлхийг өөртөө татах цонх болох бүхий л хүчин зүйл чухал. Манай дэлхийн тив болгоноос зорин ирэх учир жанцанг холбохын тулд солонгосчууд 10 жил ажиллажээ. Одоо дахин арван жилийн ажил өмнө бий гэнэ. 2020 он хүртэл бүтээн байгуулалт хийх нь ээ.
Эрхэм Та энэхүү нүсэр ажлын зах зухаас лавтай харсан. Инчёны нисэх буудлаас Сөүлийг зорин довтолгох зам зуурт бүтээн байгуулалтын ажил хальтхан харагддаг шүү дээ. Харин энэхүү сурвалжлагаараа уншигч Таныг Инчён хотын чанадад сүндэрлэж буй нүсэр ажлаас танилцуулъя. Нөгөө онгоцны буудалтай арал дээр үү хэмээн Та лавлах байх. Тийм ээ, арлын эрэг захын гүехэн хэсгийг шороогоор булж, шинэ газар үүсгэн, далай дээр хот байгуулжээ. Барагцаагаар тайлбарлавал ийм. “Бидний зогсч буй газар 10 жилийн өмнө далай байсан. 640.800 хүн амтай чөлөөт бүс одоо сүндэрлэж байна. 169.5 кв/км нутаг дэвсгэртэй” хэмээн тайлбарлагч бүсгүй ярив.
Инчён хотын нэг хэсгийг чөлөөт бүс болгосон гэсэн үг. Монгол, Хятад, Японыг холбосон гол газар. Инчёны нисэх буудлаас 3 цаг хагасын дотор нисч хүрэх боломж бүхий, 1 саяас дээш хүн амтай дэлхийн томоохон нийт 61 хот бий гэнэ. Байршлын ийм давуу талтай.
Гурван дүүрэг буюу хэсэгтэй. Дүүрэг тус бүр онцлогтой. Songdo 252.000 хүн амтай болно, 53.3 кв/км талбайтай. Олон улсын бизнес, өндөр технологийн төв. НҮБ-ын харъяа13 байгууллага энд байрлана. IBM, Sisco, Samsung хамтран технологийн төв байгуулж байна. Зүүн Хойд Азийн худалдааны төв байгуулагдаж байна. Олон улсын шилдэг их, дээд сургуулиудын Глобал кампус энд байрлана.
Yeongjong хэсэг нь хамгийн том буюу 98.4 кв/км талбайтай, хүн ам 298.800 болно гэж төлөвлөж байна. Энэ бүс буюу арал хэсэг дээр нь онгоцны шинэ буудал байгуулна. Аялал жуулчлал, тээврийн чиглэлээр хөгжүүлнэ. Инчён хотын шинэ далайн боомт 2020 он гэхэд байгуулагдаж дуусах аж. Хурдны галт тэрэгний зам тавьж байна. Эндээс Сөүл хүртэл 40 минутын дотор хурдан галт тэргээр шууд явах юм.
Казино байгуулагдана. Боинг сургалтын төвөө энд нээх гэж байна.
Cheongna нь хамгийн бага буюу 17.8 кв/км талбайтай нь, 90.000 оршин суугч байнга амьдарна гэсэн төлөвлөлтөөр хийжээ. GM зэрэг дэлхийн тэргүүлэх компани энэхүү хэсгийн бүтээн байгуулалтад хамтран ажиллаж байгаа. Уг хэсгийг жижиг Нью Йорк загвараар байгуулжээ. Дэлхийн том хотуудтай харьцуулбал ногоон байгууламж харьцангуй их. Анх төлөвлөлт хийхдээ бүсийн 30-аас дээш хувь нь ногоон байгууламж болно хэмээн тооцоолжээ. Нүүрсхүчлийн хий хамгийн бага ялгаруулдаг дэлхийн цэвэр хот болно хэмээн тайлбарлагч дуржигнуулав. НҮБ-ын дэргэдэх байгаль орчны томоохон байгууллага болох Green Climate Fund энд байрлана.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л. Болд тэргүүтэй төлөөлөгчид хоёрдугаар сарын 14-ний өдөр Incheon Free Economic Zone (ifez)-д хүрэлцэн очлоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Ч. Баярмөнх, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б. Ганболд нар байлцлаа. Төлөөлөгчдийг Инчёны эдийн засгийн чөлөөт бүсийн Төлөвлөлт, зохицуулалтын төвийн Ерөнхий захирал Kim Jinyong хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Сайд Л. Болд, “Монгол Улс Зүүн Хойд Азидаа эх газрын эдийн засгийн чөлөөт бүс хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж Зүүн Хойд Ази бол өөрөө эдийн засгийн бие даасан том бүс нутаг. Энд Инчён нь стратегийн их чухал хэсэг юм. Тиймээс Монгол ба Инчёны харилцаа онцгой билээ. Харилцан уялдаатай ажиллах шаардлагатай учраас бид энд туршлага судлахаар зорьж ирсэн юм. Далайн, агаарын тээврийн харилцаа мэдээж идэвхтэй хөгжиж байна. Тэр дундаа ОХУ-ын Алс Дорнод ба Зүүн хойд Хятадын хооронд Монголын Дорнод бүс бас идэвхтэй хэсэг болж ирж байна” хэмээн тэмдэглэв.
Ноён Kim Jinyong, Азийн наадмыг зохион байгуулах эрхийг Инчён хот авахад Монголын тал ихээхэн дэмжсэн, мөн 2009 онд тус хотод ЭКСПО зохион байгуулахад их идэвхтэй оролцсоныг талархан хэлмээр байна. Азийн 2014 оны тоглолт есдүгээр сард Инчёнд болно. Бэлтгэл ажил нь дуусах шатандаа орж, туршилтын тоглолтууд хийж эхлэх гэж байна. Спортын уралдаан тэмцээний үеэр солонгосчууд Монголын тамирчдыг дэмжих нь элбэг. Хүүхэд наснаасаа бид түүхийн хуудаснаас Чингис хаан, Юань гүрний тухай мэдэж танилцсан, сэтгэлд ойр ард түмэн юм гэлээ.
Л. Болд: Ялангуяа орчин цагт энэ ойр дотно харилцаа маань бэхжиж, Монголын компаниуд БНСУ-д үйл ажиллагаагаа өргөнөөр явуулан, хамтран ажиллаасай.
Kim Jinyong: Тиймээ, Монголын томоохон компаниудад манай чөлөөт бүсийн талаар сайн танилцуулж өгөөрэй. Бид танай компаниудыг дэмжин ажиллахдаа таатай байх болно.
Манай чөлөөт бүс нь өвөрмөц хот байгаа. Тийм учраас дэлхийн олон орноос мастер төлөвлөгөөтэй танилцъя гэсэн хүсэлт нэлээд ирдэг. Жишээ нь Эквадор улсаас Инчёны чөлөөт бүсийн талаарх туршлага судлах хүсэлт тавьсан учир бид нэг оюутныг нь энд сургаж байна. Ийм байдлаар Монголын залуусыг мөн сургах бололцоотой.
Монгол улс өөрийн чөлөөт бүс байгуулах төлөвлөгөөтэй байдаг. Тиймээс чөлөөт бүст ажиллах мэргэжилтнүүдээсээ манайд илгээвэл бид мэдэх чадахаараа туслах болно оо. Ер нь, манай чөлөөт бүсийн Глобал кампуст ойрын үед 5000 орчим оюутан суралцана. Алсдаа 10.000 оюутан хүлээн авах төлөвлөгөөтэй. АНУ-ын Нью Йорк мужийн Их сургуулийн салбар өнгөрсөн жил нээгдсэн. Одоо оюутнууд нь хоёрдугаар дамжаанд суралцаж байна. Ирэх 3 дугаар сар ба 9 дүгээр сард АНУ-ын өөр хоёр том сургууль салбараа нээнэ. Глобал кампусын сургуулиудад хичээл нь англи хэл дээр явагдах юм. Хамгийн гол нь эдгээрт суралцаж төгссөн залуус тухайн сургуулийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай төгсөнө. Удахгүй Бельгийн Их сургуулийн салбар нээгдэх гэж байна. Өнгөрсөн жил ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Инчёны чөлөөт бүст зочлох үеэрээ Оросын томоохон Их сургуулийн салбарыг энд нээх болно гэж амласан. Инчёнд дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулийн салбаруудаас гадна БНСУ-ын 4 их сургууль ажиллана.
The Mongolian Mining Journal-аас хоёр асуулт тавихыг зөвшөөрнө үү. 20 жилийн том бүтээн байгуулалт хийж байгаа юм байна. Хөрөнгө оруулалтаа хэрхэн нөхөх төлөвлөгөөтэй вэ. Тухайлбал, БНСУ-ын үндэсний болон гадаадын, АНУ-ын GM шиг том компаниуд ямар зарчмаар хөрөнгө оруулалтад оролцож байна вэ?50 тэрбум ам. долларын нийт хөрөнгө оруулалт орж байгаа. Засгийн газраас эхлээд санхүүжилт хийж далай байсан газрыг шороогоор хучиж, тэр газраа компаниудад зарсан. Нийт төсвийн 20 хувийг Засгийн газар гаргасан. Компаниуд худалдаж авсан газар дээрээ орон сууц, байшин барилга байгуулж цааш нь зарах, ашгаа олох үйлчилгээ явуулах бизнесийн зарчмаар явж ирсэн. Газар зарсан хөрөнгөөрөө Засгийн газар дахин далайн усыг хучиж бүтээн байгуулалтын шинэ талбар бий болгосон, түүнээ эргүүлэн компаниудад худалдах гэх мэтээр нэг ёсондоо газрын наймаа гэдэг шиг л бизнесийн зарчмаар Засгийн газар ажиллаж байна.
БНСУ-ын үйлдвэрлэгчдийн олонх нь гадаадын компаниудтай хамтран бүтээн байгуулалтад орж байгаа. Учир нь дотоодын аж ахуйнууддаа газрыг илүү өндөр үнэтэй зардаг. Эдийн засгийн чөлөөт бүс гэдэг эн түрүүнд олон улсын төв учир гадаадын хөрөнгө оруулалтад илүү хөнгөлөлт үзүүлэх, мөн дэлхийн шилдэг технологийг оруулж ирэх бодлого баримталж байна. Гэхдээ энэ бүсийг их ирээдүйтэй гэж үзсэний учир БНСУ-ын компаниуд дангаараа хөрөнгө оруулах хүсэлт их тавьж байгаа. Тиймээс бид Засгийн газартаа бас энэ саналыг уламжилдаг. Магадгүй дотоодын компаниуд оролцвол бүтээн байгуулалт илүү хурдтай явах бололцоотой болно гэж бид үзэж байгаа.
Чөлөөт бүсийн эрх зүйн зохицуулалтыг хэрхэн хийдэг вэ? Тухайлбал, чөлөөт бүст ажиллаж амьдардаг, сурдаг гадаадын иргэдийн визэд хөнгөлөлт үзүүлэх үү?Инчёны эдийн засгийн чөлөөт бүст зориулсан тусгай хууль гаргасан. Хууль батлахын өмнө ард иргэдээс санал бодлыг нь сонсох ажлыг их далайцтай хийсэн шүү. Аль болох энэ бүст чөлөөтэй бизнес эрхлэх, бүтээн байгуулалтыг хурдацтай хийх зарчмыг баримтлан хуулийг боловсруулсан. Та бүхэнд уг хуулийн англи хэл дээр орчуулсан хувилбар болон хууль батлагдахаас өмнө хийсэн ажлуудын талаарх материалыг үүгээр өгч байна.
Визний талаар хөнгөлөлт үзүүлэх зүйл одоогоор байхгүй. Бид алсдаа энэ бүст ажиллаж амьдардаг хүмүүст визний хөнгөлөлт үзүүлэх хүсэлтийг Засгийн газартаа тавина. Гэхдээ манай улсын эрх зүйн бусад зохицуулалттай зайлшгүй уялдаж шийдэгдэх учир бас бэрхшээлтэй юм.
Ямар ч байсан энэ бүст 3 сараас дээш тогтвортой амьдарч ажилласан гадаадын хүмүүст БНСУ-ын иргэдийн адил эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэх эрх зүйн зохицуулалт бий. Энэ бол бас их чухал боломж юм.
Баярлалаа.Инчёны эдийн засгийн чөлөөт бүст хийсэн уулзалт үүгээр өндөрлөв. Ирээдүйн хот гэж түүнийг харж болно. Бас дэлхийн баячуудын төв гэж үзэх ч үндэстэй. Тэд уриагаа “We Build Success” хэмээн томъёолжээ.