Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Концессийн гэрээгээр хоёр төсөл хэрэгжиж байна

Эдийн засгийн хөгжлийн яам төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмыг хэрэгжүүлэх таатай орчинг бүрдүүлэхээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж байгаа аж. Үүний хүрээнд “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн гарын авлага”-ыг боловсруулж, өнөөдөр танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа ганц төсөл нь Нарийнсухайт- Шивээхүрэн чиглэлийн 50 км авто замын төсөл юм. 88 тэрбум төгрөгөөр барьж байгаа уг замыг энэ онд ашиглалтад оруулах бөгөөд барих-ашиглах-шилжүүлэх зарчмаар хэрэгжиж байгаа төсөл аж.

Мөн концессийн гэрээ хийгдсэн нэг төсөл байгаа нь Тэлмэний дулааны цахилгаан станц юм. Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт 100МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцыг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэйгээр концессийн гэрээг “Шинэ Азиа Групп” ХХК-тай 2011 онд байгуулсан байна. 183 сая долларын өртөгтэй уг төслийн ажлыг энэ жил эхлүүлнэ хэмээн ЭЗХЯ-наас мэдээлж байна.

Концессийн гэрээ байгуулах хэлэлцээр хийгдэж байгаа хэд хэдэн төсөл байгаа аж. Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 997 км олон улсын стандартын хурдны замын төсөл, “Туул Сонгино усны нөөцийн цогцолбор” төсөл, Тавдугаар цахилгаан станц төсөл, Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн 435 км хүнд даацын авто зам барих төслүүдэд концессийн гэрээ байгуулах хэлэлцээр үргэлжилж байгаа юм байна.



С.Болд