Хятадын төмөр замын тариф 11.5 хувиар нэмэгдсэн байна. Энэ сарын 15-наас эхлэн “China Railway Corp” буюу Хятадын төмөр замын компани тээвэрлэлтийн тарифаа км тутамд 0.015 юань/тонноор нэмэгдүүлж 0.1451 юань/тонн болгожээ. Энэ нь Хятадын хувьд 2003 оноос хойшхи хугацаанд төмөр замын тээврийн тарифыг нэмэгдүүлсэн арав дахь удаагийн алхам болж байна.
Тус улсын “Daqin Railway” компанийн хувьд энэ жил төмөр замын тээврийн тарифын нэмэгдлээр 4.3 тэрбум юанийн нэмэлт орлого хийх төлөвтэй байна. Учир нь тус компанийн мэдэлд Хятадын нүүрсний тээвэрлэлтийн хамгийн гол суваг болох Daqin, Jingyuan болон Fengshada шугам байдаг юм. Тус компанийн шугамын тээвэрлэлтэд өмнө нь тусгай тариф мөрдөж ирсэн ч одооноос бусад шугамтай адил тарифын зарчим мөрдөгдөх ажээ. Нүүрсний тээвэрлэлтэд үндсэн тариф км тутамд 13.8-15.5 юань/тонн, ашиглалтын үнэ 0.0753-0.089 юань/тонн болж буй ажээ. Угаасан нүүрсний хувьд үндсэн зардал нь 15.4-17.3 юань/тонн, ашиглалтынх нь 0.0849-0.096 юань/тонн болж нэмэгджээ.
Энэ оны нэгдүгээр сард Хятадын нүүрсний импорт 35.9 сая тоннд хүрч, өмнөх арванхоёрдугаар сарынхтай харьцуулахад 1.3 хувиар өсчээ. Түүнчлэн нүүрсний импортын нийт үнэлгээний хувьд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 4.9 хувиар нэмэгдэж 2.98 тэрбум долларт хүрчээ. Харин импортын нүүрсний тонн тутмын дундаж үнэ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13 хувиар буурч, 507 юань болсон тухай Хятадын статистикийн газар мэдээлжээ.
Өнгөрсөн оны байдлаар Хятадын нүүрсний салбарын ашиг 33.7 хувиар буурч, 236.9 тэрбум юаньд хүрчээ. Нүүрсний салбарын нийт орлогын тухайд 3.24 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 2.6 хувиар буурчээ.
Энэ нь өнгөрсөн онд нүүрсний үнэ тус улсын зах зээлд ихээхэн буурсантай холбоотой юм. Өмнөх есдүгээр сарын сүүлээр Хятадын Чинхуандао боомтод эрчим хүчний нүүрсний тариф нэг тонн нь 510 юань байсан бол одоогийн байдлаар 560 юань болж өсөөд байгаа юм.
Зах зээлийн эрэлт сул, нүүрсний агуулахууд дахь нөөц арвин байгаа тул цаашид үнэ буурна гэж шинжээчид тооцож байна.
Энэ жил тус улсын зах зээлд эрчим хүчний нүүрсний үнэ тонн нь 550-560 юаньд хэлбэлзэх төлөвтэй байна.
Хятадын нүүрсний олборлолт 2012 онд
3.66 тэрбум тонн байсан бол 2013 онд 3.7 тэрбум тонн болсон тухай тус улсын Нүүрсний
үндэсний холбоо мэдээлжээ.
Б.Төгс