Эдийн засгийн хурдацтай өсөлттэй орнуудыг Монгол улс тэргүүлж буй гэх ч бодит байдал дээр эрдсийн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн байр сууриа алдсаар байна. Өнөөдөр манай улс урьд өмнөхтэйгээ харьцуулбал, санхүүгийн хувьд эерэг үзүүлэлттэй, олон улсын зах зээлд хувьцаа гаргах, бонд хэлбэрээр хөрөнгө босгож чаддаг болсон ч үр ашигтай экспорт хийж, олсон орлогодоо өгөөжтэй хуваарилалт зарцуулалт хийж чадаж байна уу гэдэг нь эргэлзээ төрүүлсээр.
Монголын эрдэс бүтээгдэхүүний экспортын өрсөлдөх чадвар, цаашдын төлөв, хэрэгжүүлбэл зохистой ажлын талаар Монголын экспортлогчдын холбооны ерөнхийлөгч, уул уурхайн зөвлөх инженер, профессор Д.Галсандоржтой ярилцлаа.
Манай улсын экспортын чадамж одоо ямар түвшинд байна вэ? Бид “аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэх” гэгч болж байна уу даа?
Манай улсын экспортын хэмжээ өнгөрсөн онд ихээхэн буурсан. 2013 онд эдийн засгаар тэргүүлэх орнуудын өсөлт буурсан ч Хятадын нүүрсний худалдан авалтын хэмжээ буураагүй. Манайх 2013 онд 18 сая гаруй тонн нүүрс экспортолсон. Үүнд “Эрдэнэс Тавантолгой” олборлосон нүүрсээ экспортолж чадаагүй нь зохих хэмжээгээр нөлөөлсөн. Нөгөөтэйгүүр Австрали, Индонез улсын Хятад руу гаргадаг экспортын түвшин хэвээр байсан. ОХУ болон АНУ-ын экспортын хэмжээ ихээхэн нэмэгдсэн. Экспортын зах зээлд өрсөлдөх чадвараа манай улс алдсан. Нүүрсний хувьд манай улсын өрсөлдөгч Австрали, Индонез биш. Тэдгээр орнуудтай өрсөлдөх хэмжээнд хүрээгүй. Хятадын нүүрсний импортод эзлэх хувиараа манай улс 2012 онд 14 хувь байсан бол өнгөрсөн онд 10 орчим хувь болсон байх жишээтэй. Австралийн экспортын тэргүүлэх зах зээл нь Хятад биш, Япон улс. Индонез найман орон руу нүүрсээ гаргаж байгаа, бусад оронтой харьцуулахад Хятад руу багахан хувийг экспортолдог. Өөрөөр хэлбэл, тэдний олон улсын зах зээлд тоглох бодлого, арилжаа хийх арга барил нь манайхаас хавьгүй далайцтай өргөн хүрээнд өрнөдөг. Харин Орос бол манай улсын гол өрсөлдөгч. Дээр нь Орос Хятадтай нүүрс нийлүүлэлтийн урт хугацааны гэрээ байгуулчихсан түүнийгээ идэвхтэй хэрэгжүүлж байна.
Манай улсын нүүрсний цор ганц зах зээл нь Хятад. Нүүрсийг олон улсын зах зээлд хүргэх боломж хэр байна вэ?
Нүүрсийг боловсруулах үйл явц идэвхжих төлөвтэй. “Энержи ресурс” 15 сая тоннын хүчин чадалтай угаах үйлдвэртэй болчихлоо. Мөн “Эрдэнэс Тавантолгой” 20 сая тоннын хүчин чадалтай угаах үйлдвэр байгуулах зураг төсөл дээр ажиллаж байна. “Энержи ресурс” компани Япон руу туршилтын экспорт хийсэн. Гэвч тээвэрлэлтийн зардал өндөр байна. Ашигт малтмалын газрын тооцсоноор Наушкиас Находка хүргээд, түүнээс цааш Японд аваачихад, тээвэрлэлтийн нийт зардал тонн тутамд 100 гаруй доллар болж буй. Манайх уурхайн амнаас нүүрсээ 40 ам.доллараар зардаг. Монгол Хятадын хил дээр бол тонн угаасан нүүрсний үнэ 90 ам.доллар байгаа. Тэгэхээр олон улсын зах зээлд хүргэж нүүрс борлуулах нь бараг ашиггүй болж байна.
Нөгөөтэйгүүр, ОХУ Дэлхийн худалдааны байгууллагад (ДХБ) элссэн ч одоогоор олон улсын ба дотоодын тарифыг мөрдөж байгаа. ОХУ-ын төмөр зам хувьчлагдаж, вагоны ачаа тээвэрлэлт хувийн компаниудад шилжсэн. Тээврийн хөнгөлөлт авахын тулд хоёр улсын Засгийн газрын түвшинд ярилцах хэрэгтэй. Хятадын хувьд нүүрсийг задгай вагонаар тээвэрлэхийг хорьчихсон. Түүнчлэн Тяньжин болон бусад боомт дээр Хятадын дотоодын бүтээгдэхүүнээ тээвэрлэхэд хүчин чадал нь бараг хүрэлцэхгүй байгаа. Энэ асуудлыг шийдэхэд мөн л Засгийн газрын түвшинд хийх хэлэлцээр амин чухал үүрэгтэй. Төмөр замын асуудлаар гурван улсын дарга нар уулзалт хийсэн. Хэдийгээр сайн эхлэл байсан ч цөөнгүй хэдэн сар өнгөрчихөөд байхад хэрэгжүүлсэн ажил алга.
Монгол улс ойрын жилүүдэд нүүрсний экспортоо 30-50 сая тоннд хүргэхээр зорьж байна. Та үүнийг хэр боломжтой гэж үзэж байна вэ?
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хятадад айлчлал хийсэн. Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга ч цуг явсан. Энэ үеэр 1 тэрбум тонн нүүрсийг ойрын хорин жилийн хугацаанд экспортлохоор урьдчилан тохиролцсон нь сайн хэрэг.Ер нь Индонез, Австрали зэрэг улс орон эрдсийн бүтээгдэхүүнээ урт хугацаатай худалдааны гэрээний үндсэн дээр экспортолж байна. Үүнийг “offtake” гэрээ гэж олон улсад нэрлэдэг. Манай “Эрдэнэт үйлдвэр” гурван жилийн гэрээтэй, “Оюутолгой” зэсийн баяжмалынхаа 80%-д 5-8 жилийн хугацаатай гэрээ хийсэн. Үлдсэн хувийг зах зээлийн үнээр шууд худалддаг. Манай улс 2015-2016 онд төмөр замаа ашиглалтад өгөхгүй бол экспортоо 20-25 сая тонноос нэмэгдүүлж экспортлох боломжгүй. Ийм боломжгүй бол цаашлаад бид “Чингис”, “Самурай”, Засгийн газрын болон Хөгжлийн банкны бондуудыг төлж чадахгүй гэсэн үг. Бид 2018-2022 онд үндсэндээ 1.5 тэрбум долларын бондыг эргүүлэн төлөх чадваргүй болж төлбөрийн дарамтад орох ихээхэн эрсдэлтэй.
Зэсийн хувьд экспортын биет хэмжээ нэмэгдэхийн хэрээр орлого ч ихээхэн өсөх дүр зураг харагдаж байна. Зэсийн салбарын зах зээлд эзлэх байр суурийг та юу гэж үнэлэх вэ? Зэсийн өрсөлдөх чадварыг сайжруулахад юу хийх шаардлагатай вэ?
Манайх зэсийн үйлдвэрлэл, экспортоор дэлхийн зах зээлд өрсөлдөх хэмжээнд хүрээгүй. Дэлхийн зэсийн баяжмалын экспортын 3%-ийг эзэлж байгаа, цаашид өсөх төлөв бий. Өнгөрсөн онд улсын хэмжээнд зэсийн нийт орлого 947 сая доллар хүрсэн. Манай аж ахуйн нэгжүүд зэсийн баяжмалаа Хятадын зах зээлд зохион байгуулалт багатай байдлаар худалдаж байгаа. Уг нь манай улс 1997 онд ДХБ-д элссэн ч Худалдааны тухай бие даасан хуульгүй явж ирсэн. Ашигт малтмалын тухай хуульд эрдсийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр өгөх тухай ганц л заалт бий. Эрдсийн худалдаанд дандаа жижиг “худалдаачид” буюу зуучлагч компаниуд ихэвчлэн ажилладаг.
Зэсийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” 1991 оноос бие даан экспортын үйл ажиллагаа явуулах болсон. Түүнээс хойш Швейцарийн 3, Францын 1, Солонгосын 1, Японы 1 зуучлагч компани зэсийн баяжмал худалдан авдаг, одоо ч тэдгээр компани худалдан авсаар байгаа. Зэсийн худалдаа ил тод бус. Төрийн оролцоо их, шинэ үйлдвэрлэгчид зэсийн баяжмал худалдан авах ажиллагаа хаалттай гэсэн үг. “Эрдэнэт үйлдвэр” зэсийн баяжмалаа ихээхэн бага үнээр буюу худалдан авагчдын хэлсэн үнээр борлуулдаг практик олон жил мөрдөгдөж байна.
Харин төмөр, жонш, гянтболд харьцангуй ил тод худалдаатай. Манай улс эрдэс бүтээгдэхүүн арилжаалах үндэсний бирж байгуулах бэлтгэл ажлаа хийж байна. Ингэснээр нэгд үнэ ил тод тогтоно , хоёрт худалдаа нээлттэй, стратегийн худалдан авагч нар манай зах зээлд орж ирэх боломжтой болно.
Өнгөрсөн онд “Оюутолгой”-н баяжмалын үйлдвэр ашиглалтад орж Монгол улс 100 мянган тонноор илүү зэсийн баяжмал экспортолсон. Уг нь “Оюутолгой” өнгөрсөн жил 327 мянган тонн баяжмал гаргахаар төлөвлөсөн юм билээ. Үйлдвэрийн өөрийн болон Хятадын нутаг дээр байгаа агуулахууд нь баяжмалаар дүүрсэн байгаа. “Оюутолгой”-н худалдааны нөхцөл нь харьцангуй гайгүй, бүтээгдэхүүнээ хил дээр зарах нөхцөлтэй ч Хятадын хайлуулах үйлдвэрүүдэд нийлүүлэхдээ тээврийн зардлын зарим хэсгийг дааж буй нь хачирхалтай. Энэ нь манай экспортын орлого тодорхой хувиар буурч байна гэсэн үг. Дээр нь “Оюутолгой”-н дайвар бүтээгдэхүүн болох алт, мөнгөний борлуулалтын нөхцөл ч тодорхойгүй. “Рио Тинто” компанийн Хятадад зэсийн баяжмалаа худалдаалах туршлага бага байна.
Зэс авалт манай улсад 86 хувь байх шиг байна. Харин зэсийн баяжуулалтын зардал нэлээд өндөр гэсэн тооцоог танай холбоо гаргасан. Энэ талаар тайлбарлахгүй юу?
“Эрдэнэт”-ийн баяжуулах үйлдвэрийн зэс авалт 86.2 хувь байна. Харин хамгийн орчин үеийн технологи бүхий “Оюутолгой”-н зэс авалт 2013 онд 86 хувь байгаа нь ихээхэн доогуур үзүүлэлт юм. “Рио Тинто”-гийн Ази, Латин Америк дахь зэсийн үйлдвэрүүд 90.92 хувийн зэс авалттай. Иймд энэ жилд багтааж, зэс авалтын хувиа нэмэгдүүлэх хэрэгтэй. “Оюутолгой”-н үйлдвэрлэл худалдааны үйл ажиллагаа алт, мөнгө гаргахдаа тэргүүн зэргийн ач холбогдол өгч, зэсийг сүүлд тавьж буй нь ажиглагдаж байна. Молибденийг бол бүр олборлохгүйгээр хаячихсан. Молибденийн боловсруулах үе шатыг орхигдуулж байгаа баяжуулалтын зардлыг их бууруулж байна. “Эрдэнэт”-ийн хувьд үйлдвэрлэлийн өртөг зардал бусад оронтой харьцуулахад бараг 50 хувиар өндөр. Үүнд ажилчдын цалин, цахилгаан, импортолдог бараа бүтээгдэхүүний шахаа, татвар нэмэгдсэн зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг. “Оюутолгой”-н хувьд үйлдвэрлэлийн өртөг зардлаа тодорхой мэдээлдэггүй, ил тод ажиллах шаардлагатай байгаа.
“Оюутолгой”-н үйлдвэрлэлээр молибдени болон селен, теллур, рени зэрэг бусад дагалдах эрдсийг гаргах боломжтой юу?
“Оюутолгой”-н баяжуулах үйлдвэр молибденоо боловсруулах хэрэгтэй. Молибден шатаах үйлдвэр Монголд байгуулснаар рени ч гаргах боломжтой. Чилид буй зэсийн үйлдвэрүүд бүгд ийм зарчмаар ажиллаж байгаа. “Оюутолгой” бусад оронтой ижил түвшний жишиг мөрдөх ёстой. Мөн баяжмал дахь хортой элемент Аrsenic буюу хүнцэл бууруулах талаар ажиллах ёстой. Тэгэхгүй бол борлуулалтад торгууль тооцогдож, экспортын орлого хасагддаг. Өнгөрсөн жил манай улс 3900 тонн молибдены баяжмал гаргаж 30 сая долларын орлого олжээ. Энэ бол зөвхөн “Эрдэнэт”-ийн молибдени юм.Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” олборлолтын захын агуулгыг 0.25 хувьтай овоолгод хаяж байна. Одоо энэ хэмжээг 0.15 хувь болгохоор зорьж байгаа. Харин “Оюутолгой”-н хувьд хүдрийн захын агуулга 0.6 хувьтай байгаа нь ихээхэн өндөр байна.
Зэсийн хэд хэдэн томоохон уурхай манай улсад бий болж байна. Өөрөөр хэлбэл, Монголын зэсийн экспортын нийлүүлэлт огцом нэмэгдэх нь. Харин худалдан авагч нь ганцхан Хятад улс. Хятад дэлхийн зэсийн нийт хэрэглээ, худалдан авалтын 40 гаруй хувийг эзэлдэг ч хүндрэл үүсэхийг үгүйсгэх аргагүй?
Хятадын зэс хайлуулах арваад үйлдвэрт манай улс баяжмалаа нийлүүлдэг. Цагаансуваргын үйлдвэр 2015 онд ашиглалтад орох төлөвтэй. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор 300 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ. Цэвэр зэсээр яривал 75 мянган тонн зэс болох юм. “Оюутолгой” далд уурхайгаасаа 200-300 мянган тонн зэс үйлдвэрлэнэ.
“Эрдэнэт үйлдвэр” үндсэн 5 хувийн роялтийн дээр 13 хувийн өсөн нэмэгдэх роялти төлдөг. Нийтдээ 18 хувь гэсэн үг. Харин “Оюутолгой” зөвхөн зэсийн баяжмалдаа 5 хувийн роялти төлж байгаа. Харин шинэ хуулиар төв банкинд тушаавал алтандаа 2.5 роялти төлөх болж байна. Монголд байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд татварын тэнцүү биш орчинд ажиллаж байна.
Манай улс зэсийн худалдааг нэгдсэн зохион байгуулалттай оновчтой явуулахгүй бол ирээдүйд маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсч мэднэ. Учир нь гурван том нийлүүлэгч хоорондоо өрсөлдөх гэж байна. Гэтэл Хятадын цөөн хэдэн хайлуулах үйлдвэрүүд л тэднийг “тосох” болно. Зэсийн худалдаан дээр төр оролцож зохицуулах зайлшгүй шаардлагатай. Нэг улсаас гарч буй зэс ойролцоо үнэтэй байх ёстой. Манайх цаашдаа худалдааны төрөлжсөн компаниудаар дамжуулан худалдаагаа явуулах нь оновчтой юм. Эрдсийн бүтээгдэхүүний бирж бол үүний маш сонгодог механизм. Чили Хятадтай чөлөөт худалдааны гэрээ байгуулчихсан. Чилийн бүтээгдэхүүн Хятад руу шууд татваргүйгээр чөлөөтэй нэвтэрдэг. “Оюутолгой”-н үйлдвэрлэлээр 2014 онд 2.8 тэрбум долларын валютын борлуулалтын орлого орж ирнэ гээд байгаа. Үүний чинь багахан хэсэг нь буюу роялти, импорт, цалин зэрэг орлого нь дотоодын банкинд, үлдсэн нь гадаадын банкаар дамжин тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт болно. Ингээд бодоход манайд үсрээд л 500 сая долларын валют орох байх. Ийм байж болохгүй. Үүнийг онцгой анхаарч засч залруулах хэрэгтэй болов уу.
Зэс, нүүрстэй адилаар экспортын орлогоороо жин дарах эрдэс бол төмрийн хүдэр. Гэтэл Монголын төмрийн хүдрийн нөөц бага. Төмрийн хүдрийг түүхийгээр гаргах нь хэр оновчтой вэ?
Төмрийн хүдрийн тухайд манай улс нэг тэрбум тонн таамаг нөөцтэй, яг батлагдсан нөөц нь 600 сая тонн. Манай улсын экспорт өнгөрсөн онд 6.7 сая тоннд буюу дээд хэмжээндээ хүрч, 650 сая долларын орлого олсон. Цаашдаа төмрийн экспортыг 10 сая тоннд хүргэнэ гэж зорьж байгаа юм билээ. Ер нь төмөр замын чадавхаас шалтгаалан дээд хязгаар 10 сая тонн л доо. Манай Экспортлогчдын холбооны барьж буй бодлого бол төмрийг өртөг шингэсэн байдлаар гаргая, харин хүдэр байдлаар болон хуурай аргаар боловсруулсан 52 хувийн агуулгатайгаар гаргахаа зогсооё гэж байгаа. Одоо Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртэй, “Монголросцветмет”-ийн Баргилт 65 хувийн агуулгатай гаргаж байгаа. Зарим нь тийм үйлдвэр байгуулж байна. Баргилтын энэ үйлдвэр ирээдүйд нэг сая тонн баяжмал үйлдвэрлэнэ. Үүний өргөтгөлийг түргэтгэх хэрэгтэй. Төмрийн баяжмалын үйлдвэрүүдэд Засгийн газар бондын хөрөнгөөс 50 сая доллар хуваарилна гэж цаасан дээр буулгасан. Энэ хүрээнд “Бэрэн Майнинг” болон бусад дотоодын үйлдвэрүүдээ дэмжих хэрэгтэй болов уу.
Цаашид төмрийн хүдэр гаргахыг зогсоох хэрэгтэй. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Хаягдал төмөр боловсруулах Дарханы металлургийн үйлдвэр 100 мянган тоннын хүчин чадалтай ч одоогийн байдлаар 50-60 мянган тонныг л үйлдвэрлэж байна. Өнөөдөр манай улсад хаягдал төмрийн нөөц бараг алга. Үүнтэй уялдуулаад уг үйлдвэрийн эзэмшлийн гурван орд газрыг түшиглээд нойтон аргаар баяжуулах 1 сая тоннын хүчин чадалтай үйлдвэр байгуулж буй. Энэ үйлдвэр 65 хувийн агуулгатай баяжмал гаргах юм. Улсын хэмжээнд төмрийн хүдэр боловсруулдаг нийт 20 орчим жижиг үйлдвэр бий. Гэвч дийлэнх нь гадных, тэр дундаа Хятадынх. Үйлдвэрлэл ийм бага байхад манай улсад 400-500 мянган тонн арматурын хэрэглээ байгаа, цаашид улам л өснө. Манайх энэ хэрэглээний дөнгөж 50-60 мянган тонныг нь л дотооддоо үйлдвэрлэж байна. Дарханд 500 мянган тонн хорголжин төмөр үйлдвэрлэх төсөл хэрэгжих гэж байна. Үүнд нэг сая тонн баяжмал хэрэгтэй. Энэ үйлдвэрийг сайн дэмжиж, түүхий эдээр тогтвортой урт хугацаанд хангах нь чухал.
Сайншандад гангийн үйлдвэр барих ажил эхлүүлэх тухайгаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам саяхан танилцууллаа?
Сайншандын үйлдвэр 4 сая тонн ган боловсруулах тооцоо гаргасан байсан. Тэнд усны нөөц хангалттай биш. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам усны хайгуул судалгаа хийсэн гэж байгаа ч тэнд 4 сая тонн ган хийхэд хүрэлцэх усны нөөцтэй гээд судалгаагаар яг таг батлаагүй. Хоёрт, ийм хэмжээний ган үйлдвэрлэхэд 8 сая тонн баяжмал хэрэгтэй. Тиймээс энэ нь ирээдүйд ярих зүйл.
Хятадад гангийн эрэлт хэрэгцээ байгаа ч 37 хувийн импортын татварыг тооцож үзэх зайлшгүй шаардлага бий. Харин тус улс төмрийн баяжмал болон хүдэрт импортын татвар ногдуулдаггүй. Энэ үйлдвэрийн тухайд түүхий эдээ Дарханаас, нүүрсээ Тавантолгойгоос зөөнө гэж тооцвол бүтээгдэхүүний өртөг маш өндөр гарах болно. Эдийн засгийн судалгаа нь хэр үндэслэлтэй вэ гэдгийг нягтлах ёстой. Түүнийгээ олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагуудаар баталгаажуулах хэрэгтэй. Энэ талаар “Bechtel” компанийн хийсэн судалгаа бий л дээ. Гэхдээ судалгаа нь ерөнхий хийгдсэн, зах зээл, эрэлт хэрэгцээ, өөрийн өртөг, төслийн үр ашиг зэргийг олон улсын түвшинд судалж чадаагүй. Энэ судалгааны байгууллагын хийсэн техник, эдийн засгийн судалгаа Индонез болон Азийн олон оронд амжилттай хэрэгжээгүй байдаг.
Үйлдвэрийн бүтээн байгуулалтад 3-4 тэрбум долларын хөрөнгө оруулалт ярьж байна. Гэвч бүтээгдэхүүний үнэлгээ нь тийм ч их биш. Тэгэхээр үйлдвэр барихдаа “долоо хэмжиж нэг огтол” гэгчээр сайн судлахгүй бол энэ нь манай эдийн засагт маш их эрсдэл дагуулна. Эхлээд Дарханд ангижруулсан төмрийн үйлдвэр бариад, дотоодын бүтээгдэхүүнээр импортоо нөхөж авч байж энэ төслийг эхний ээлжинд ярих ёстой юм. Хэрэв Дарханд ийм үйлдвэр байгуулбал импортоор авч байгаа арматурт татвар ногдуулж үндэсний үйлдвэрээ хамгаалах хэрэгтэй. Гадаад худалдааны зохицуулалт гэж үүнийг хэлээд байгаа юм. Ийм уян зохицуулалтын тогтолцоогүй бол экспорт, импортын худалдаа урагшлахгүй.
Жоншны үйлдвэрлэлээрээ манайх дэлхийд дээгүүрт ордог. Гэвч жоншны орлого тийм ч сайнгүй байгаа. Цаашид экспортын орлогыг нэмэгдүүлэхэд юу хийх хэрэгтэй вэ?
Жоншны экспорт сүүлийн жилүүдэд буурч байна. Жоншны баяжмалын гол худалдан авагч Оросын хэрэглээ буурсан. Тиймээс Хятад руу гаргах нь нэмэгдэж, жоншны экспортын 30-40%-ийг тус улс руу гаргаж байна. Жоншийг олон улсад стратегийн түүхий эд болгосон. АНУ-д Ерөнхийлөгчийн тусгай захирамжаар “Нөөцөл, хаа байгаа газраас нь худалдаж ав” гэсэн зарчим үйлчилж буй. Манайх бүтээгдэхүүнийхээ 20 хүртэлх хувийг Америк руу экспортолдог байлаа. Гэвч тээвэрлэлтийн асуудлаас үүдээд больсон.
Манай улсын жоншны нөөц 20 гаруй сая тонн байгаа нь багагүй хэмжээ. Жоншны экспорт өнгөрсөн онд нийтдээ 337 мянган тонн, орлогын хувьд 83 сая ам.доллар болсон. Өнгөрсөн онд “Монголросцветмет” ХХК 95-97 хувийн агуулгатай бүтээгдэхүүн 40 мянган тонныг экспортолсон. Энэ онд ч мөн адил 40 мянган тонныг гаргах төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, манай жоншны экспортын 20-30 хувь нь 95-97%-ийн агуулгатай баяжмал буюу өндөр боловсруулалттай бүтээгдэхүүн. Харин үлдсэн хувь нь хүдэр эсвэл 75-82%-ийн агуулгатай боловсруулалт багатай бүтээгдэхүүн байдаг. Боловсруулалт багатай хэсгийн дийлэнх нь Хятад руу, багахан нь Орос руу нийлүүлэгддэг. 95-97%-ийн агуулгатай нь зах зээлд 300 гаруй ам.доллар байхад нөгөө түүхийгээрээ шахуу нь 100 доллар ч хүрэхгүй.
Ер нь манайд жоншны худалдаа их замбараагүй байгаа. Энэ салбарт 50-60 уурхай, үйлдвэр ажилладаг. Ямар ч лицензгүй, татвар төлдөггүй гар аргаар олборлогчид бас их бий. Багануур, Айраг, Бор-Өндөрт буй орд газаргүй хэсэгт гадаад орны, голдуу Хятадын компаниудын баяжуулах үйлдвэрүүд тэдгээр гар аргаар олборлогчдын бүтээгдэхүүнийг хямдаар худалдан авдаг. Иймээс Уул уурхайн яам жоншны олборлолт, үйлдвэрлэлийн талаар цэгцтэй бодлого явуулах хэрэгтэй. Жоншны салбарт баримтлах хөтөлбөр гаргаж, түүгээр жоншны нөөцийг яаж ашиглах, бүтээгдэхүүн боловсруулалтын түвшинг хэрхэн дээшлүүлэх, үнийг яаж өсгөх зэрэгт анхаарал хандуулах цаг иржээ.
Жонш, төмрийн баяжмалын том жижиг үйлдвэрүүдэд техникийн түвшинг нь тогтоогоод аттестатчилал хиймээр байна. Тэнд маш их хортой бохирдол бий болдог тул байгальд их хөнөөлтэй. Энэ ажлыг оны эхний улиралд багтаан аль үйлдвэрээ ямар хүчин чадлаар ажиллуулах бодлогыг төрөөс гаргахгүй бол салбар хүндхэн байна. Манай холбооны зүгээс өндөр агуулгатай бүтээгдэхүүний экспортыг нэмээд бага агуулгатайг нь зогсоох хэрэгтэй гэсэн байр суурь баримталдаг. Цаашдаа хөнгөн цагаан үйлдвэрүүдэд ашиглагддаг эцсийн бүтээгдэхүүнүүдийг хийх боломжтой. Ингэснээр тонн тутмын үнэ 900-1200 ам.доллар хүрнэ. Үүнд жоншны чиглэлийн хэд хэдэн холбоо нэгдэн нэгдсэн бодлогоор сайн ажиллах хэрэгтэй байх.
Экспортын холбооны тооцоолс¬ноор ойрын таван жилийн хугацаанд буюу 2018 он гэхэд манай улсын эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого бараг 10 тэрбум долларт хүрэхээр байгаа. Гэвч энэ нь бондын мөнгийг эргүүлэн төлөхөд хангалттай байж чадах уу?
Тийм. Бидний тооцоолсноор ойрын таван жилийн хугацаанд манай улсын нүүрс, зэс, төмрийн баяжмалын экспорт нэмэгдэхийн зэрэгцээ “Эрдэнэт”-ийн 100 мянган тоннын хүчин чадалтай зэс хайлуулах үйлдвэр, Дарханы хорголжин төмрийн үйлдвэр болон бусад үйлдвэрүүд хугацаандаа ашиглалтад орж чадвал орлогын хэмжээ бараг 10 тэрбум доллар хүрэх тооцоо гарч байна. Гэвч “Чингис” бондын 1.5 тэрбум долларын хөрөнгийн 20 хүрэхгүй хувь нь аж үйлдвэрийн салбарт оржээ гэж бидний судалгаагаар гарсан. Үүнд арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд зориулсан хөрөнгийг оруулсан байгаа.
Манай улс эхний ээлжинд бондоос орж ирж буй хөрөнгийг экспортын үйлдвэрүүдэд оруулах нь тэргүүлэх зорилт. Тэгж байж тав, арван жилийн дараа бондын мөнгийг төлөх бололцоотой болно. Үгүй бол бид 2018 онд эдийн засгийн хүндрэлтэй гарцаагүй нүүр тулах болно. Манай одоогийн эдийн засгийн чадамжаас үзэхэд эрдэс болоод бусад аж үйлдвэрүүдийн экспортын орлого 4.3 тэрбум доллар байна. Яг энэ чадамжаа түшиглээд бид жилд ердөө 250 сая долларын зээлийг эргүүлэн төлөх боломжтой. Нөгөөтэйгүүр эрдсийн экспорт бидний тооцоолсончлон 10 тэрбум долларт хүрлээ ч гэсэн бидний жилд төлөх чадамж 500 сая доллараас хэтрэхгүй байж мэдэх юм. Иймд манай улс бондын хөрөнгийг ихээхэн ашигтай, эргэж орлого “бүтээх” аж үйлдвэр, болж өгвөл экспортын чиглэлийн салбаруудад зарцуулах хэрэгтэй байна.
Б.Төгсбилэгт