Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнэ 7000 доллар руу буулаа

Дэлхийн зах зээлд зэсийн үнэ 1.4 хувиар буураад байна. Өчигдрийн байдлаар Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн гурван сарын гэрээт үнэ 7055 ам.доллар болж буурсан нь өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээс хойшхи хамгийн огцом бууралтад тооцогдож байна. Мөн түүнчлэн Нью-Йоркийн COMEX бирж дээр зэсийн үнэ нэг фунт нь 3.22 доллар болж буурчээ.

Ийнхүү буурсан нь Хятадын шинэ орон сууцны барилгажилтын явц удааширч магадгүй гэсэн сөрөг мэдээлэлтэй холбоотой ажээ. Тус улсын томоохон зээлдэгч байгууллагууд болох “Industrial Bank”, “Bank of Communications” энэ төрлийн зээл олгохоо зогсоосон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Гэхдээ Хятадын гол зээлдэгч банкууд барилгын компани болон орон сууц худалдан авагч иргэдэд зээл олгохоо зогсоосон нь ор үндэсгүй худал мэдээлэл болохыг хариу мэдэгдээд байна.

Түүнчлэн үнийн бууралтад Хятадын гол томоохон хотуудад үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлт өнгөрсөн нэгдүгээр сард удаашралтай байсан дүн нөлөөлжээ. Хятадын Статистикийн газрын мэдээлж буйгаар өнгөрсөн нэгдүгээр сард Хятадын 70 хотод барилгын үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.6 хувиар өсчээ. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард үнийн өсөлтийн уг үзүүлэлт 9.9 хувь байжээ. Энэхүү үйл явцыг зарим шинжээч тус улсын Засгийн газрын эдийн засгийг тогтворжуулах бодлоготой холбон тайлбарлажээ.

Хятад улс нь дэлхийн зэсийн зах зээлийн эрэлтийн 40 хувийг бүрдүүлдэг бөгөөд барилгын салбар нь хүрэн металын нийт эрэлтийн 40 хувийг эзэлдэг ажээ.

Хэдийгээр Лондоны металын биржийн агуулах дахь зэсийн нөөц сүүлийн 14 сарын хугацаан дахь хамгийн доод хэмжээнд хүрч 282.4 мянган тонн болсон ч Шанхайн биржид эсрэг дүнтэй байна. Уг биржийн зэсийн нөөц 13.7 мянган тонн буюу 7.6 хувиар өссөнөөр сүүлийн есөн сарын хугацаан дахь дээд хэмжээнд хүрч, 194 мянган тонн болжээ. Энэ нь тус улсын барилгын материалын эрэлт багассаныг нотолж буй тухай Хятадад үйл ажиллагаа явуулдаг Австралийн “BlueScope Steel” ган үйлдвэрлэлийн компанийн төлөөлөл ярьжээ.



Б.Төгс