Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Орос Азийн газрын тосны зах зээлд хүрээгээ тэлнэ

ОХУ дэлхийн газрын тосны магнат боловч Европ, АНУ-ын зах зээлийн эрэлт буурахын хэрээр Ази, тэр дундаа Хятадын зах зээлд газрын тос ахиу нийлүүлэхийг эрэлхийлж байна. Гэхдээ Хятадад газрын тосны бүтээгдэхүүний эрэлт сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн доогуур хэмжээнд өсч буй юм.

“Ройтерс” агентлагийн мэдээлж буйгаар өнгөрсөн жил Хятадын газрын тосны эрэлт ердөө 1.6%-иар өссөн нь 2002 оноос хойшхи хамгийн бага дүн ажээ. Мөн тус улсын газрын тосны импортын хэмжээ нь 4%-иар нэмэгдсэн нь 2007 оноос хойшхи хамгийн доогуур үзүүлэлт болж байгааг тэмдэглэжээ.

Энэ жилийн хувьд Роснефть болон Иракийн Ази руу чиглэсэн газрын тосны экспорт нь тэдгээрийн нийлүүлэлтийн өсөлтөд Хятадын эрэлтээс ч илүү нөлөөтэй байх тооцоо гарчээ. Тэд ч Латин Америк, Африк, Ойрхи Дорнодын өрсөлдөгч нараасаа давуу байхын тулд үнээ буулгаж, гэрээний нөхцөлөө хөнгөвчилж буй ажээ.

“Хэдийгээр олон компани Азид бүтээгдэхүүнээ борлуулахыг хүсч буй ч тэнд бүх талд хүрэлцэхүйц зах зээлийн эрэлт байхгүй. Орос улс урт хугацааны худалдан авагчаа хайж буй” тухай Energy Security Analysis-ийн шинжээч Эндрью Рийд ярьжээ. Оросын хувьд Хятад руу хийдэг экспортоо өдөрт 900 мянган баррелиэс илүү хэмжээтэй болгож нэмэгдүүлэх төлөвтэй байна.

Үүнээс гадна Оросын газрын тосны экспортын татварын хэмжээ ирэх гуравдугаар сард 0.49%-иар буурч, 384.4 доллар/тонн болох төлөвтэй байна.

Орос улс ойрын жилүүдэд газрын тосны экспортын татвараа шат дараатайгаар бууруулахаар төлөвлөж буй бөгөөд энэ онд 60-59%, ирэх онд 57%, 2016 онд 55% болгох юм. Нөгөөтэйгүүр газрын тосны олборлолтын татварыг нэмэгдүүлэх бөгөөд 2014-2016 онд 4.9% (439 рубль/тн), 5.5% (530 рубль/тн), 7.5%-иар (559 рубль/тн) болгож тус тус нэмэгдүүлэх юм.

Б.Төгс