Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

“Нүүрс” хөтөлбөрт юу туссан бэ?

2010 онд ОХУ “2030 он хүртэл нүүрсний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр” гэж баталж байж. Үр дүн нь ямар байгааг бид оросуудаас дутахгүй мэдэж байгаа. БНХАУ-тай томоохон гэрээнүүдийг өнгөрөгч онд үзэглэлээ. Хятад руу нийлүүлэх нүүрсний экспорт нь огцом нэмэгдлээ. Австрали улс мөн л “Нүүрсний төлөвлөгөө 2030” гэсэн хөтөлбөр баталсан. Хятадын хувьд нүүрсний тусдаа төрийн бодлоготой бөгөөд түүнийгээ 5 жилийн төлөвлөгөөндөө ягштал тусгаж, хэрэгжүүлж явна. Өнөөдөр Хятадыг чиглэсэн хямд нүүрсний асар их цуваа нүүрсний бодлогын хэрэгжилт ямар байгааг харуулна.

Харин Монгол улс ямар байна вэ? Захгүй их далайд сэлүүргүй хөвж яваа завь шиг хаачихаа эс мэдэн, салхины чигийг дагаж хөвж явна гэлтэй. 2005 онд нэг нөхөр хятадуудтай хамтарч, Тавантолгойн ордоос шороон замаар нүүрс зөөж эхэлсэн нь Монголын нүүрсний салбарын хөгжсөн гээд байгаа 10 жилийн эхлэлийг тавьсан хэрэг. Нүүрсний экспорт огцом нэмэгдэх үед улсын төсвийн орлого түнтийж, мөнгөтэй болгон нүүрс рүү хошуурч, ачиж зөөгөөд цүнх цүнхээр доллар олоод байх юм шиг санасан нь олон. Тэр дунд Төр нь өөрөө хүртэл жирийлгэж яваа.

Экспортын ямар ч бодлогогүй, тээвэрлэлт, логистикийн нөхцөлгүй, байгаль орчин, хүний эрүүл мэндийг зөнд нь орхисон, боловсруулалт, шинэ технологийг хойш тавиад зөвхөн зөөхөө л бодож байсан өнгөрсөн 10 жилийн “хөгжил” түр зогсолт хийгээд байна. Бодлогогүй, зохицуулалтгүй улс, бодлоготой, зохицуулалттай улсуудад шахагдаж байна.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод дэд хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Үүний дагуу “Нүүрс” хөтөлбөр боловсруулах Ажлын хэсэг ид ажиллаж байна. Төсөл гарсан бөгөөд одоо компаниуд, мэргэжлийн холбоодоос санал авч байгаа аж. Хоёрдугаар сардаа багтаагаад Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Тэндээс яамдын санал авч, Засгийн газраар хэлэлцэгдэнэ. Батлагдах хүртлээ дор хаяж 2 сар болно байх хэмээн Ажлын хэсгийнхэн дүгнэж байна.

Компаниудаас ирээд байгаа саналуудаас нэлээд бодитой, үндэслэлтэй саналуудыг төсөлд нэмж тусгаж байгаа аж. Тухайлбал нүүрс шингэрүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа компаниудаас татвар, зохицуулалттай холбоотой цөөнгүй санал өгч. Мөн нүүрсний үнийг чөлөөлөх, лаборатори байгуулах, агаарын бохирдлын төлбөрийг цуцлах гэх мэт олон санал иржээ. Ялангуяа төрийн өмчит компаниудаас нүүрсний үнийг төрөөс тогтоодгийг болиулах талаар тусгаж өгөхийг хүссэн байна. Эдгээр саналуудаас зарим нь төсөлд тусгагдсан, заримыг нь шинээр тусгасан, тусгах боломжгүй саналууд ч байгаа гэнэ.

“Нүүрс” хөтөлбөрийн нэг онцлог нь нүүрсний салбарыг бүхэлд нь тусдаа агентлагт хариуцуулж, Уул уурхайн яамд харьяалуулахаар зохицуулалт хийжээ. Эрчим хүчний нүүрс гэхэд уурхайн үйл ажиллагаа нь УУЯ-нд харьяалагдаж байгаа ч бүтээгдэхүүн нь ЭХЯ-ны мэдэлд, баяжуулах, шингэрүүлж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд нь ҮХАА-нд харьяалагдах жишээтэй. Энэ нь компаниуд хоёр гурван яам, төдий хэрийн агентлаг руу гүйхгүй амар болно гэсэн үг. Болж өгвөл Нүүрсний хууль гаргачих санаа ч хөтөлбөр боловсруулагчдад бий. ОХУ-д ийм хууль байдаг аж. Гэхдээ Ашигт малтмалын хууль гэж том хууль байхад нүүрсийг тусад нь хуулиар зохицуулна гэж байхгүй биз.

Жишиг үнэ, экспорт, гүн боловсруулах үйлдвэр, нүүрсний үнэ чөлөөлөх, лаборатори, төмөр зам дэд бүтэц гээд нүүрсний салбарт тулгарч байгаа олон асуудлыг шийдвэрлэх гарц гаргах гэж оролдож байгаагаараа “Нүүрс” хөтөлбөр ихээхэн онцлог юм.

Нүүрсний зарим тоон мэдээлэл

2013 оны байдлаар манай улсын баталгаажсан нүүрсний нөөц 26.8 тэрбум тонн. 12 сав газар, 3 талбайд хамаарагдах нийт 120 орд бий. Лицензээр хуваасан байдлаар авч үзвэл 201 орд болно. Таамаг нөөц нь 175.5 тэрбум тонн бөгөөд 270 илрэл тогтоогдоод байгаа аж. 120 ордын 40 гаруй нь хүрэн нүүрсний орд. 76.6 тэрбум тонн таамаг нөөц бүхий 33 орд нь төвийн бүсэд байрладаг бол 51.1 тэрбум тонн нөөц бүхий 16 орд зүүн бүсэд байрладаг байна.

142 компани 223 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Үүнээс 99 тусгай зөвшөөрөл эзэмшигч 46 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Дотоодын 100%-ийн хөрөнгө оруулалттай идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 32 компани ашиглалтын 70 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Нүүрсний салбарын хөгжлийг 2035 он хүртэл гаргасан таамаглалыг харвал 2015 онд 53 сая тонн нүүрс олборлож, 40 саяыг нь экспортод, 10 саяыг төвийн эрчим хүчний системд /ТЭХС/, 2020 он гэхэд 71 сая тонн нүүрс олборлож, 54 саяыг экспортод, 14.6 саяыг ТЭХС-д, 2035 он гэхэд 85.8 сая тонн нүүрс олборлож, 64 саяыг экспортод, 15.5 саяыг ТЭХС-д нийлүүлнэ гэжээ.

Нүүрсний экспорт

2010 оноос хойш БНХАУ руу экспортлох коксжих нүүрсний хэмжээ үлэмж нэмэгдсэн ч өнгөрсөн онд 18 сая тонн болтлоо буурав. Харин Хятад улс 2010 онд 3 тэрбум тонн нүүрс хэрэглэж байсан бол 2020 он гэхэд 4.5 тэрбум тонн нүүрс хэрэглэх тооцоо гарчээ. 10 жилийн дараа гэхэд дэлхийн эрчим хүчний нийт экспортын 20% Хятад руу чиглэж, Хятад 800 сая тонн нүүрс импортлох магадлалтай хэмээн судалгаанд дурджээ.

Энэ тоонууд бол Монголын нүүрсийг Хятадад нийлүүлэх боломж байсаар байгааг харуулж байгаа юм. Мэдээж нүүрсний үнээс ихээхэн хамаарч байгаа ч Монголын компаниудын өрсөлдөх чадвар сул байгаа нь хамгийн том асуудал юм. Жишээ нь “Эрдэнэс Тавантолгой” компани гэхэд нийт зардлын 40 гаруй хувь нь тээвэрлэлтийн зардал болж байна. “Нүүрс” хөтөлбөрт экспортыг дэмжих нэлээд хэдэн заалтууд сууж өгсөн. Экспортын эрхзүйн орчин, дэд бүтцийг бий болгох нь нэн тэргүүний асуудал. Жилд 50 сая тонноос багагүй нүүрс экспортлох нь салбарын хамгийн том зорилго болоод байгаа. Үүнийг хангахын тулд нүүрсний экспортын стратеги төлөвлөгөөг боловсруулж, өндөр хөгжилтэй орнуудын туршлага, эдийн засгийн урамшууллын механизмуудыг нэвтрүүлэхийг төлөвлөж байна. Эдийн засгийн урамшууллын механизм дотор татварын хөнгөлөлт, даатгалын систем гээд нэлээд асуудал шинээр орж ирж байгаа аж.

Мөн Тавантолгойн ордоос Гашуунсухайт, Нарийнсухайтын ордоос Шивээхүрэнгийн боомт хүртэл төмөр зам, автозам, туузан дамжуурга зэрэг тээврийн үр ашигтай оновчтой тогтолцоог бий болгох аж. Үүнийгээ дагаад хилийн боомтуудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын боомт буюу 24 цагийн боомт болгох гээд олон ажлыг дэс дараатайгаар хийхээр төлөвлөжээ.

Экспортыг дэмжих хамгийн гол хөшүүрэг бол зах зээлийг бий болгох. Ялангуяа гуравдагч орнууд буюу Япон, Солонгост нүүрс экспортлох боломжийг “Нүүрс” хөтөлбөрөөр бүрдүүлж өгөхийг зорьжээ. Тэр дотор Хятадын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн талаар БНХАУ-тай төмөр зам, хил залгаа боомтуудын захиргаа, холбогдох байгууллагуудтай гэрээ хэлэлцээр хийхийг чухалд тооцож байгаа аж. Зүүн Хятадын тэнгисийн Тяньжин, Чинхуандао, Жинжоу, Далиан боомтуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх аж.

Хамгийн их маргаан дагуулдаг жишиг үнэ тогтоодог өнөөгийн тогтолцоог өөрчилж, гэрээний үнэ дээр үндэслэн татвар хураамж авдаг болох заалт бий. Ингэснээр компаниудын экспортод тодорхой дэмжлэг үзүүлж чадах юм.

Нүүрс боловсруулах

Коксжих нүүрсээ экспортлох бол түүнээс дутахгүй чухал асуудал нь эрчим хүчний нүүрсээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. “Нүүрс” хөтөлбөрт энэ талаар чамгүй зүйлс тусгагджээ. Юуны түрүүнд хүрэн нүүрсийг боловсруулж, хүрэн нүүрснээс хагас кокс гаргах үйлдвэрүүдийг дэмжих заалтууд оржээ. Хагас кокс үйлдвэрлэх технологи бүхий төслийг дэмжих, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг хувийн хэвшилтэй хамтран гүйцэтгэх заалт туссан. Ингэснээр гэр хороолол, нам даралтын зуухнуудын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортод гаргах боломжтой болох юм.

Мөн нүүрснээс газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түлш шатахууны хараат байдлыг халах зорилгыг тавьсан байна. Одоогоор ийм төрлийн 4 үйлдвэрийн төсөл яригдаж байгаа. 2 нь ТЭЗҮ-ээ батлуулаад байгаа. Нүүрснээс газрын тосны бүтээгдэхүүн гаргах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2020 онд жилдээ 1 сая тонн, 2025 онд 2 сая тонн хүргэх зорилт тавьжээ. Нүүрс шингэрүүлэх төслийг бодлогоор дэмжиж, төсөл хэрэгжүүлэгч компаниудад тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжиж ажиллана гэсэн заалт хүртэл бий. Саяхныг хүртэл бор зүрхээрээ явж ирсэн төслүүд одоо төрийн дэмжлэгийг авах боломжтой болж байна.

Мөн баруун, зүүн бүсүүдийн нүүрсний ордуудын дээжийг шингэрүүлэх, хийжүүлэх туршилт хийж, эдийн засгийн үр ашигтай ордуудын жагсаалтыг гаргаж, цаашлаад үйлдвэр барихыг бодлогоор дэмжиж өгөх юм. Урьд өмнө энэ талаар төдийлөн дуугардаггүй байсан бол “Нүүрс” хөтөлбөрт тодорхой зорилго болгон оруулж ирж байгаа нь энэ юм.

Шинээр нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуулын ажлыг гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар хийхийг бодлогоор дэмжих, Чойр-Нялгын сав газар, Хархираа, Монгол Алтай, Адуунчулуун, Чандгана талын нүүрсний ордуудыг түшиглэн нүүрс-химийн үйлдвэрлэлийг эхлүүлэх бэлтгэлийг хангах болно.

Нүүрс, хийжүүлж, шатдаг хий үйлдвэрлэн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийг ч бодлогоор дэмжих юм. Үүний хүрээнд ОХУ, БНХАУ-тай хамтран төвийн бүсийн хүрэн нүүрсний томоохон ордууд дээр нүүрс хийжүүлэх төсөл хэрэгжүүлэх бэлтгэлийг хангана. Хүрэн нүүрсийг боловсруулах, хийжүүлэх төслүүдийг дэмжихийн тулд олон улсын туршлагыг судалж, холбогдох хууль эрхзүйн орчныг бий болгохыг зорьж байгаа аж.

Үүнээс гадна хүрэн нүүрсний ордууд дээр цахилгаан станц барих талаар ч тодорхой саналуудыг хөтөлбөрт оруулж өгсөн байна. Нэгдүгээр үе шатанд Шивээ-Овоо, Хөшөөт, Чандгана, Могойн голын цахилгаан станцуудыг ашиглалтад оруулах бол хоёрдугаар үе шат буюу 2025 он гэхэд Хар тарвагатай, Баянтээгийн цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.  Нэгдүгээр үе шатны цахилгаан станцуудын төсөл хэрэгжүүлэгч компаниуд бараг тодорхой байгаа. Чандганын цахилгаан станц гэхэд 600мвт хүчин чадалтай байх бөгөөд “Професи Коал” компани төсөл эхлүүлэх холбогдох гэрээ хэлцлүүдээ хийгээд явж байгаа.

Харин хоёрдугаар шатны хоёр цахилгаан станц нь төсөөлөл төдий байгаа аж. Увс аймгийн Хар тарвагатайн хүрэн нүүрсний орд нь 1962 онд улсын төсвөөр хийсэн хайгуулын дүнд 25.7 сая тонн нөөцийг батлуулсан байдаг. Нөөц цаашид нэмэгдэх бүрэн боломжтой. Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний орд 1978 онд төсвийн хайгуулаар 29.7 сая тонн нөөцийг батлуулж байжээ. Мөн л нөөц нь нэмэгдэх боломжтой. Одоо “Баянтээг” ХК эзэмшиж байгаа.
ДЦС-5, Шивээ-Овоо, Адуунчулуун, Могойн гол, Тавантолгой, Хөшөөт зэрэг нүүрсний уурхайг түшиглэн цахилгаан станцуудад хувийн хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байгаа аж. Харин үлдсэн станцууд нь төрийн дэмжлэгээр баригдах бололтой.

2025 он гэхэд нүүрсний 9 цахилгаан станц шинээр баригдах төсөөллийг “Нүүрс” хөтөлбөрт тусгажээ.

С.Болд-Эрдэнэ