Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Mining Journal Awards 2013

“Шилдэг технологи”-ийн эзэн АНДРИЦ СЕПЭРЭЙШН

Г.Идэрхангай

Mining Journal Awards-ын жил жилийн шалгаруулалтад Шүүгчдийн дунд хамгийн их мэтгэлцээн дагуулдаг, сонирхолтой номинациудын нэг нь “Шилдэг технологи”. 

Өмнөх жилүүдийн шалгаруулалтыг бодвол энэ жил уг номинацид ердөө дөрөвхөн компани өрсөлдсөн. 2012 онд уг номинацид 13 компани өрсөлдсөн нь тухайн жилдээ Монголын уул уурхайн салбарт технологийн хувьсгал хүчтэй явагдсаны илэрхийлэл байлаа. Гэхдээ   2013 оны хувьд уул уурхайн салбар хүндхэн зам мөрийг туулсан ч зайлшгүй онцолж тодотгох учиртай бүтээн байгуулалтууд өрнөсөн байна.

“Энержи Ресурс” компани л гэхэд Ухаахудаг уурхайн цогцолбор буюу Нүүрс баяжуулах үйлдвэр,  тэр дундаа  Нүүрс баяжуулах үйлдвэрийн технологийн усны хэрэглээг багасгаж, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх зорилгоор Хаягдал усгүйжүүлэх туузан шахагчийн үйлдвэрийг  ашиглалтад оруулснаараа энэхүү номинацид өрсөлдсөн юм. Монголын уул уурхайн салбар дахь аливаа бүтээн байгуулалтыг гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр төсөөлөхийн аргагүй. “Энержи Ресурс” компани уг үйлдвэрийг бүтээн босгохдоо Австрийн “Андриц сэпэрэйшн” компанийг түншээрээ сонгосон нь Монголын үйлдвэрлэлийн салбарт хийсэн томоохон алхам болсон юм.

Номинацийн  бас нэгэн хүчтэй өрсөлдөгч  бол “Вагнер Ази” группын охин компани болох “Вагнер Ази технологи”. Тус компани мөн л 2013 онд байгуулагдан,  уул уурхайн салбарт олон дэвшилтэт технологи нэвтрүүлжээ. 

2011 оны Mining Journal Awards-т өрөмдлөгийн, тэсрэх бодисын, программ хангамжийн, геологи хайгуулын гээд маш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд  өрсөлдсөн тул   Шүүгчдийн зөвлөл  “Шилдэг технологи” номинацийн шалгуур үзүүлэлтийг дараа жил нь илүү боловсронгуй болгож, тоон үзүүлэлт бүхий хэлбэрт оруулсан юм.

Гэсэн хэдий ч 2013 оны “Шилдэг технологи”-ийн эзнийг сонгоход энэхүү шалгуур үзүүлэлт төдийлөн шаардлага хангахгүй байгааг шүүгчид хүлээн зөвшөөрч, нэг дор олон чиглэлийн компаниудыг хооронд нь өрсөлдүүлэх хүндрэлтэй байгааг илэрхийлж байлаа. “Шалгуур үзүүлэлтийн хувьд ерөнхийдөө боловсруулах, баяжуулах үйлдвэрлэл рүү түлхүү хандсан байна” хэмээн Д.Дондов шүүгч байр сууриа илэрхийлсэн бол Н.Алгаа шүүгч “Ханган нийлүүлэлтийн бизнестэй холбоотой шалгуурууд ч байна” гэсэн юм. Тиймээс цаашдаа Шүүгчдийн зөвлөл “Шилдэг технологи” номинацид нэр дэвшигчдийг  нарийн шүүлтүүрээр сонгохын тулд Шалгуур үзүүлэлтийг илүү нарийвчлах шаардлага тулгарч байна.

“ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ” НОМИНАЦИД НЭР ДЭВШИГЧИД

1. Ухаахудаг уурхайн нүүрс баяжуулах үйлдвэрийн хаягдлыг усгүйжүүлэн усыг үйлдвэрт дахин ашиглах технологи, тухайлбал Нүүрс баяжуулах үйлдвэрээс гарсан хаягдлаас туузан шүүлтүүрээр шавхаж, үйлдвэрт дахин ашиглах усны хэмжээг илүү ихээр нэмэгдүүлэн, уул уурхайн боловсруулалтын явцад усны хэрэглээг үе шат бүхэнд хэмнэж, байгаль экологи, нийгэмд үр нөлөөтэй   дэвшилтэт технологи буюу Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийг  Монголд нэвтрүүлсэн үзүүлэлтээрээ “Андриц сэпэрэйшн” ХХК.

2. Катерпилларын уул уурхайн автомажуулалтын технологийн бүтээгдэхүүнүүд болох Mine Star cистем, түүнчлэн Катерпилларын Cat® MineStar™ системийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох Terrain™ системийг Монголд анх удаа  нэвтрүүлэн, Оюутолгой уурхай дээр   бүрэн ашиглалтад оруулсан, тосны шинжилгээний үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж,  дэлхийд тэргүүлэгч технологийн брэнд Тримблийн технологийн бүтээгдэхүүнийг уул уурхай, зам, барилгын салбарт амжилттай нэвтрүүлсэн зэрэг олон талт үзүүлэлтээрээ “Вагнер Ази технологи” ХХК.

3. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны цогц мэдээллийн сан, удирдлага, хяналт, бүртгэлийн төгс шийдэл OHSAS 18001 стандартыг бүрэн хангасан Mонгол улсын OSH программ хангамжийг Монгол улсад анх удаа нэвтрүүлж, аж ахуйн нэгжүүдийн  хөдөлмөрийн бүтээмжийг 70 хувь өсгөж, үр ашиггүй зардлыг 60 хувь бууруулахад чиглэсэн олон чухал ажлыг зохион байгуулсан “Эйч Эс И Системс” ХХК.

4. Ухаахудаг уурхайн цогцолбор дээр жилдээ тус бүрдээ 5 сая тонн нүүрс баяжуулан, 85-95 хувийн коксжих нүүрс, 90-95 хувийн эрчим хүчний нүүрс гарган авах хүчин чадалтай, гурван модуль бүхий Баяжуулах үйлдвэр болон Австрийн “Антриц” компанитай хамтран Хаягдал усгүйжүүлэх туузан шахагчийн үйлдвэрийг 2013 онд барьж ашиглалтад оруулсан, CITECT, SCORS, MEX, LIMN зэрэг шилдэг программ хангамжуудыг нэвтрүүлсэн зэрэг технологийн шилдэг шийдлүүдээрээ “Энержи Ресурс” ХХК.

“Оюутолгой энэ номинацид яагаад дэвшээгүй юм бэ?...”

Mining Journal Awards-ын Шүүгчдийн зөвлөл өм­нөх жилүүдийнх шиг олон компанийн материа­луудтай танилцах шаард­лага тулгараагүй ч дээрх дөрвөн компани чангахан өрсөлдөгчид гэдгээ харуул¬сан. Шүүгчдийн яриаг хүргэе.
   
Н.Алгаа: “Оюутолгой” компани  “Шилдэг технологи” номинацид яагаад дэвшээгүй юм бэ? Дэлхийн хамгийн сайн технологийг Монголд оруулж ирсэн компани биз дээ. Энэ номинацид уул уурхайн компани гэх юм бол ганцхан “Энержи Ресурс” л  байна. Би “Энержи Ресурс”-ийг шалгаруулна. Баяжуулалтын гуравдугаар модулиа нэмэгдүүлсэн. Нүүрс баяжуулах үйлдвэрээ барьж дуусгасан. 

Шилдэг технологи номинаци сонин юм. Цэвэр зэс, төмөрлөгийн үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлсэн, шилдэг программ хангамж бүтээсэн, нэвтрүүлсэн, өрөмдлөгийн дэвшилтэт техник технологи нэвтрүүлсэн гээд янз бүрийн шалгуур  оржээ. Голдуу ханган нийлүүлэлтийн бизнесийн компаниудтай холбоотой шалгуурууд болчихоод байна. 

Д.Дондов:  “Андриц сэпэрэйшн” гэдэг компани дэвшсэн  байна. Энэ компани нүүрс угаасан усыг эргүүлж, үйлдвэрт дахин ашиглах технологи нэвтрүүлсэн юм байна. Их сонин технологи юм. Үүнийг та нар анхааралдаа аваарай. Би үүнд ач холбогдол өгсөн. Шалгуур үзүүлэлтийг анзаарахад уул уурхайн технологи биш, баяжуулалт, боловсруулалтын технологийг илэрхийлэх гэсэн санаатай болчихоод байна.

Г.Шархүү: Ерөнхий үзүүлэлтээр шалгаруулбал “Энержи Ресурс” энэ номинацид гарч ирэхээр байна.  “Шилдэг уурхай”, “Хариуцлагатай үйл ажиллагаа” номинаци дээр би энэ компанид оноо тавьсан. Гэхдээ давхардуулахгүйн тулд нөгөө гурван компанийн нэгийг сонгох гэсэн чинь дүн тавьж болохгүй байна.
Д.Дондов: “Шилдэг технологи” номинацид нэр дэвшсэн компаниудыг сонгохгүй байж болно биз дээ.
Б.Пүрэвтогтох: Нэр дэвшигчдээс сонгохгүй байх шалтгаан алга. “Тогтвортой үйл ажиллагаа” гэдэг номинаци дээр “Вагнер Ази” гарчихаар шинжтэй байна. Нүүрс угаасан усыг эргүүлж ашигладаг технологи нэвтрүүлсэн “Андриц сэпэрэйшн” компанийг сонговол яасан юм.  
 Д.Дондов: “Андриц”  дээр би оноо тавьчихсан байгаа. Энэ их чухал технологи шүү. Өмнийн говьд бүхэлдээ нүүрсийг баяжуулж, угаана гээд байгаа байх аа.
Г.Шархүү: Нүүрс угаахдаа бодолтой байх хэрэгтэй. Нүүрс угаахаасаа өмнө Монголд гангийн үйлдвэр барих ёстой. Төмрийн хүдрээ хайлаад ган хийх хэрэгтэй. Түүндээ зориулж нүүрсээ угаагаад бусдыг нь ачих хэрэгтэй шүү дээ.
Н.Алгаа: Бусдыг нь ачна гэхээр нүүрсний компаниуд нүүрсээ баяжуулж, чанараа дээшлүүлэхгүй бол өрсөлдөх чадвараараа  тэртээ тэргүй арчигдана. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нүүрсний чанарын асуудал чухал.   
Г.Шархүү: Миний хувьд “Энержи Ресурс”-ийг шалгаруулж байна.
Д.Ачит-Эрдэнэ:  Би “Андриц”-ийг сонгож байна. Хийсэн ажлууд нь маш тодорхой байна. Үр дүн нь харагдаж байна.   
Ингээд Шүүгчдийн зөвлөлийн онооны нийлбэрээр буюу 155 оноогоор “Андриц сэпэрэйшн” компани илүүрхэж, эхний байрт орлоо. Тус компани “Шилдэг технологи” номинацид “Энержи Ресурс” компанитай хамтран нэр дэвших албан хүсэлтээ илэрхийлсэн байсан ч Шүүгчдийн зөвлөл тус тусад нь дүгнэж, шалгаруулсан юм.  

Онооны дарааллыг үзүүлье.
1. “Андриц сэпэрэйшн” ХХК                  159
2. “Энержи Ресурс” ХХК                        130
3.  “Вагнер Ази технологи” ХХК            100
4. “Эйч Эс и Системс” ХХК              100

Усны дахин ашиглалтыг дээд зэргээр нэмэгдүүлсэн “Андриц сэпэрэйшн” компани 150 гаруй жилийн туршлагатай, Австрийн “Андриц сэпэрэйшн” компани нь  “Энержи Ресурс” ХХК-ийн  Ухаахудаг уурхайн Нүүрс баяжуулах үйлдвэрийн  хаягдлыг усгүйжүүлэн шүүгдсэн усыг үйлдвэрт дахин ашиглах дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлжээ.
Говийн бүсэд гэлтгүй амьд бүхний чандмань эрдэнэ болсон усыг ариг гамтай, зөв зохистой ашиглаж, усны хэмнэлттэй технологийг нэвтрүүлэх нь өнөө үеийн нэн чухал асуудал болоод байна. 

Нүүрс баяжуулах үйлдвэр нь говийн байгаль цаг уурын нөхцөлд тохирсон, усыг 98 хувь хүртэл дахин ашиглах технологиор хийгджээ.  Уг үйлдвэрийг түшиглэн шинээр баригдсан Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр нь  Нүүрс баяжуулах үйлдвэрээс  гарсан хаягдлаас  өндөр технологиор ус шавхаж, үйлдвэрт дахин ашиглах усны хэмжээг илүү ихээр нэмэгдүүлж байгаа аж. Түүгээр ч зогсохгүй усыг нь шавхсан хаягдлыг дахин боловсруулалтад оруулж, утаагүй түлшний түүхий эд гарган авах боломжтой юм байна.
Шинээр баригдсан Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр нь яг энэ чиглэлдээ Монголын хамгийн анхны, хамгийн том үйлдвэр юм.  Өмнө нь Нүүрс баяжуулах үйлдвэрийн хаягдлыг 5 орчим км зөөвөрлөөд, хиймэл нууранд оруулж, усыг нь тунгааж авах замаар үйлдвэртээ  дахин ашигладаг байсан аж.

Харин шинэ үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрийн хаягдлыг маш богино хугацаанд усгүй болгоод, буцаагаад Нүүрс баяжуулах үйлдвэрийн хэрэгцээний усыг нөхөж байна. Хамгийн энгийнээр хэлэхэд, хаягдлаас буцаан гаргаж авч байгаа усны хэмжээ өмнөхөөс дор хаяж 2-3 дахин нэмэгдэж байгааг мэргэжлийн хүмүүс үнэлж буй. Өөрөөр хэлбэл,  үйлдвэрээс 10 литр хаягдал гарлаа гэхэд түүнээс 7-8 литр ус шавхаж гаргаад, эргээд үйлдвэртээ ашиглаж байна гэж ойлгож болно. Хүчин чадлын хувьд гэхэд хоногт дээд тал нь 3,300-4,000 тонн хаягдлыг усгүйжүүлэх чадалтай. Үйлдвэрлэлийн хувьд бүх үйл явц автомат удирдлагатай.
Үйлдвэрийн барилгын гүйцэтгэл, зураг төсөл зэрэг бүхий л ажлыг монголчууд бие даан гүйцэтгэжээ. Зардлын хувьд нийт 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босчээ.