Монгол улсын эдийн засагт уул уурхайн салбар чухал байр суурийг эзэлж байна. Тиймдээ ч улс орны бодлого тодорхойлогчид, салбарын мэргэжилтнүүд аль ч түвшиндээ хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээр зорьж, үүнд чиглэн ажиллах болсон билээ. Mongolian Mining Journal сэтгүүл ч уул уурхайн шилдгүүдийн шалгаруулалтдаа “Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа” номинацийг бий болгосон. Хариуцлагатай уул уурхай гэдэг байгаль орчин, хүний эрүүл мэнд, олон улсын туршлага, үйл ажиллагааны ил тод байдал, нийгмийн хариуцлага, стандарт журам мөрдөх байдал, улс орондоо оруулах хөрөнгө гээд нэгэн цогц ойлголтоор тодорхойлогдоно. Ийм учир шалтгаанаар нарийн шалгуур үзүүлэлттэй байхаас аргагүй, хамгийн өргөн хүрээнд компаниудыг өрсөлдүүлдгээрээ нэр хүндтэй номинацид тооцогддог.
Энэхүү номинацид нэр дэвшигч компани нь Боловсруулах үйл ажиллагааны түвшингийн үзүүлэлт ахисан байдал, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайланг гаргасан тухай, Нийгмийн хариуцлагын байдлын хувьд олон улсын ISO 26000 стандартыг нэвтрүүлсэн болоод ISO 1400, ISO 1900 стандартуудыг мөрддөг эсэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны OHSAS 18001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа эсэх гэсэн шалгуур үзүүлэлтүүдээр дүгнэгдэх учиртай.
Дөрөв дэх удаагийн “Mining Journal Awards”-ийн “Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа” номинацийн шалгаруулалтын хувьд тун ч онцлогтой. Уг номинацийн ганц нэр дэвшигч бол Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Ухаахудаг уурхайн цогцолборын үйл ажиллагаагаараа нэр дэвшсэн “Энержи Ресурс” компани юм.
2013 онд тус компани нь Нүүрс баяжуулах үйлдвэрийн III модулийг төлөвлөсний дагуу ашиглалтад оруулснаар баяжуулалтын нийт хүчин чадал жилийн 15 сая тоннд хүрсэн байна. Мөн үйлдвэрлэлийн усны дахин ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монголд анх удаа Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр барьж, ашиглалтад оруулснаар үйлдвэрлэлийн усны дахин ашиглалт өмнөхөөс 70 орчим хувиар нэмэгдэж байгаль орчинд ээлтэй, чухал алхам болжээ.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын /ОҮИТБ/ тайланг үйл ажиллагаа эхэлсэн цагаасаа хойш 2009, 2010, 2011, 2012 онд тус тус гаргасан. Нийгмийн хариуцлагын тайлангийн хувьд Өмнөговь аймгийн захиргаанд жилд 1 удаа, Европын сэргээн Босголт Хөгжлийн Банкны шаардлагын дагуу жилд 2 удаа, компанийн жилийн тайлангийн хүрээнд жилд 1 удаа тус тус гаргадаг байна. 2013 оны нийгмийн хариуцлагын чиглэлд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 640 хүүхдийн дунд сургууль, 144 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байр бүхий орчин үеийн жишигт нийцсэн боловсролын цогцолборыг ашиглалтад оруулжээ. Энэхүү бүтээн байгуулалтад “Энержи Ресурс” компани 3.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж. Мөн цогцолборын дотоод тохижилт, тоног төхөөрөмжид шаардлагатай 1.6 тэрбум төгрөгийг нэмэлтээр санхүүжүүлжээ.
Салбарын мэргэжилтнүүдээс бүрдэх “Mining Journal Awards”-ийн шүүгчид маань нэр дэвшиж буй компаниудын ирүүлсэн материалтай танилцан, тухай компанийн үйл ажиллагааг газар дээр нь очиж өөрсдийн үзсэн, харсантайгаа харьцуулан санал бодлоо нээлттэй хэлэлцэн шалгаруулалтад үнэлгээ өгдөг бөгөөд цорын ганц нэр дэвшигчтэй “Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа” номинацийн талаар ийн хэлэлцэв.
Н. Алгаа: Дээр үед тендер нэг оролцогчтой бол хасагддаг, тендер явагддаггүй байлаа. Тэгэхээр одоо бидний байдлаар хэрэв муу компани материал ирүүлэх юм бол хамгийн шилдэг, хариуцлагатайгаар шалгарч болохоор байна. Ийм байж болохгүй.
Д.Дондов: Бүх талаас нь авч үзэх юм бол “Энержи Ресурс” маргахын аргагүй хариуцлагатай компани.
Д.Галсандорж: Энэ хүнд хэцүү жилд олборлолтыг сайн хийсэн байна. 9 сая тонн нүүрс олборлож, түүнийгээ баяжуулсан байгаа юм.
Г.Шархүү: Боловсруулалтын үйл ажиллагааны түвшин бүгд сайн. Орон сууц, цэцэрлэг гээд нийгмийн хариуцлагын хувьд хамгийн их зүйл хийсэн. Хөдөлмөр хамгааллын тайлан дээр онц аюултай зүйл гараагүй.
Д.Ачит-Эрдэнэ: “Оюутолгой” компанийн урьд жилүүдэд өгсөн материал дээр бага зэрэг тоо баримт байна. Жишээ нь “Орон нутгийн хөгжилд үзүүлсэн дэмжлэг” гэдэгт “Энержи Ресурс” компанийх бараг 3 тэрбум төгрөг, Оюутолгой бол 1 тэрбум хүрэхгүй харагдаж байсан. Үүнээс үзэхэд “Энержи Ресурс” илүү харагдаж байна.
Г.Шархүү: Оюутолгой орон сууц, цэцэрлэг, сургууль барьсан уу? Үгүй шүү дээ.
Д.Галсандорж: “Энержи Ресурс” компани хариуцлагатайн хувьд гарцаа байхгүй. Хариуцлагатай хөрөнгө оруулсан, хариуцлагатайгаар гадаадын бирж дээр хөрөнгө босгосон. Одоо зардал маш өндөр болж, угаасан нүүрсээ 90 ам.доллараар зарж байгаа, үнэ унасан. 2012 онд угаасан нүүрсийг нэг тонн нь 120-130 ам.доллараар зарж байсан. Гадны бирж дээр хөрөнгө босгож, хувьцаа эзэмшигч нарын өмнө хариуцлага хүлээн, их төлбөр төлж, үйлдвэрлэлийн зардал зах зээлийн үнээс дээгүүр гарч алдагдал хүлээж байгаа ч гэсэн хүчин чадлаа тодорхой хэмжээнд авч, Монгол улсын төсөвт төлөх орлогын хариуцлагаа дааж, олборлолтоо өндөр явуулж байна. Угаасан нүүрсийг борлуулах зах зээл маш хэцүү. Учир нь хятадууд шахалт үзүүлж байгаа. Монгол-Хятадын хил дээр худалдаалж байгаа болохоор нүүрсээ хил дээр хүргэж өгнө. Дэд бүтэцдээ хөрөнгө оруулсан, орон нутагт маш их тусалж байгаа гэх мэт үйл ажиллагаагаа өндөр түвшинд явуулж байгаа нь бүх талын хариуцлага юм.
Н.Алгаа: “Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа” номинацид нэр дэвшсэн “Энержи Ресурс” компанийн хувьд өрсөлдөгчгүй байна. Хамгийн дээд талын 20 оноо тавьсан байгаа.
Ийнхүү цорын ганц нэр дэвшигч компанийн үйл ажиллагаа гарцаа байхгүй өндөр хариуцлагатай болохыг онцлон, шүүгчид санал нэгтэйгээр хамгийн дээд оноог өгсөн юм. Гагцхүү “өрсөлдөгчгүй” гэсэн шалтгаанаар “Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа” номинацийн “Шилдэг”-ийг энэ удаад тодруулсангүй.
2013 оны олон улсын эдийн засгийн тогтворгүй байдал, дотоодын уул уурхайн салбарын уналтын хүнд үеийг үл ажран компанийн үйл ажиллагаагаа өндөр хариуцлагатайгаар явуулж буй “Энержи Ресурс” нь яахын аргагүй салбартаа ямар ч өрсөлдөгч үгүй шилдэг болохоо харуулсаар явна.