Ярилцсан С. Болд
Уул уурхайн сайдын Ахлах зөвлөх Ч.Түмэнбаяртай “Эрдэс баялгийн салбар 2025” хэлэлцүүлгийн талаар ярилцлаа.
“Эрдэс баялгийн салбар 2025” хурлын үндсэн зорилго юу вэ?“Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 15-нд нээгдэнэ. Хэд хэдэн зорилготой. Нэгдүгээрт, эрдэс баялгийн салбарын оролцогч талууд тулгамдсан асуудлууд дээр нэгдсэн ойлголттой болох улмаар нийгэмд салбарынхаа үйл ажиллагааг зөв ойлгуулах. Хоёрдугаарт, Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцэж байна. Эрдэс баялгийн салбарын хууль эрхзүйн орчин ямар байх вэ, цаашид юунд анхаарах вэ гэдгийг сурталчлах. Гуравдугаарт, эрдэс баялгийн салбар 2025 он гэхэд ямар түвшинд очсон байх вэ гэдгийг тодорхойлох. Уул уурхайн яамны эрдэс баялгийн бүтээгдэхүүний олборлолт, үйлдвэрлэл, экспортын хэмжээний талаар 2013-2032 он хүртэлх төсөөллийг тооцож гаргасан. Энэ төсөөлөл маань нийгэм, эдийн засагт ямар нөлөөтэй байх вэ гэдэг мэдээллийг өгнө. Тиймээс “Эрдэс баялгийн салбар 2025” хэлэлцүүлэг нь салбарын хөгжлийн стратегийг тодорхой болгоход чиглэгдэж байгаа.
Уул уурхайн яамны зүгээс салбарын хамгийн тулгамдсан асуудлуудыг хэрхэн томьёолж байна вэ?Тулгамдаж буй цөөнгүй асуудал бий. Уул уурхайн салбарыг ойлгох нийгмийн үнэлэмж нь өөр өөр байгаа. Тухайлбал, Байгаль орчны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага олноор бий болж байгаа. Байгаль орчныг хамгаалах чиглэлийн 800 орчим ТББ байна гэсэн тооцоо бий. Энэ бол буруу зүйл биш, олон нийтийн хяналт сайжирч байна гэж ойлгож байгаа. Гэтэл зарим нь Уул уурхайн салбарын баялаг үйлдвэрлэгчдийг дарамталсан тухай мэдээлэл тархаж буйг хүн бүр мэднэ. ТББ-ууд нэг талаас орон нутгийн иргэдийг төлөөлж, нөгөө талаас газар шороо, байгаль орчноо хамгаална гэдэг боловч яг газар дээр нь очоод нутгийн иргэдээс асуухаар тухайн ТББ-ын талаар мэддэг хүн байдаггүй юм билээ. Ийм үзэгдэл хяналтгүй хүрээгээ тэлбэл төрийн бодлого газар дээрээ хэрэгжихэд, шинээр бодлого гаргахад, түүнчлэн баялаг үйлдвэрлэгчид хэвийн ажиллахад таатай нөлөө үзүүлэхгүй. Тиймээс үүнийг хэлэлцүүлгийн аргаар нэн даруй шийдвэрлэнэ гэж үзэж байгаа. Яамны зүгээс зарим ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулаад ажиллаж байна.
Хоёрдугаарт, уул уурхайн салбар гэхээр газар шороогоо онгичоод хаячихдаг, нөхөн сэргээлт хийдэггүй, хариуцлагагүй гэсэн ойлголт нийгэмд түгээмэл болж. Үүнийг бас анхаарах хэрэгтэй байгаа юм. Уул уурхайн салбарт хариуцлагатай ажилладаг, байгаль орчноо хамгаалдаг, нөхөн сэргээлт хийдэг, орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлэн ажиллаж байгаа сайн жишээнүүд бий. “Бороо Гоулд”, “Эрдэнэт” гээд нийгмийн хариуц¬лагатай уул уурхайг хэрэгжүүлдэг компаниудын жишээн дээр “Оюутолгой”, “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Чинхуа МАК” гээд дэвшилтэт технологи ашиглаад хариуцлагатай уурхай эрхэлж байгаа олон уурхай байна. Ийм тодорхой сайн жишээнүүдээс бусад нь үлгэр дууриал авах нь чухал юм.
Нөгөө талд нь мөн нинжа нарын асуудал байна. Хууль бусаар эрдэс олборлодог, газар нутгийг сүйтгэдэг, нөхөн сэргээдэггүй гэх мэт сөрөг муу жишээнүүд ч байна. Ийм таагүй үзэгдлүүдийг цэгцлэх асуудлыг ярилцъя гэж байгаа юм. Ер нь уул уурхайн салбарт сайн, муу аль аль нь байна. Хариуцлагагүй нэг уурхайн талаар муу мэдээ гарсны улмаас салбарын ажил тэр чигээрээ муу муухай юм шиг ойлголт нийгэмд өгөөд байна.
Яамны зүгээс Монголын уул уурхайн салбарын олборлох, баяжуулах үйлдвэр бүр хариуцлагатай уул уурхайн найман зарчмыг хангах зорилтыг дэвшүүлээд байна. Үүнд: 1. Олон талын оролцоог хангах, 2. Ил тод нээлттэй байх, 3.Хуулийг сахин дээдлэх, 4.Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх, 5. Ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах, 6. Үр өгөөжтэй байх, 7. Ёс зүйтэй байх, 8.Дэвшилтэт технологид суурилсан байх. Ирээдүйд бид олон улсын жишигт хүрэхийн төлөө, Хариуцлагатай уул уурхайн 8 зарчмыг хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллах, харилцан ойлголцох нь туйлаас чухал.
“Эрдэс баялгийн салбар 2025” хуралд ямар төлөөллүүд оролцох вэ? Эрдэс баялгийн салбарын үйл ажиллагаанд оролцогч иргэд, орон нутгийн засаг захиргаа, төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн гэсэн 300 орчим төлөөлөгч оролцоно.
Монгол Улсын эдийн засгийн хөгжилд эрдэс баялгийн салбарын гүйцэтгэж буй үүрэг ямар байна вэ? Эрх зүйн орчин тогтвортой байх уу?Уул уурхай болон байгаль орчин, ногоон хөгжлийн салбар нэг юмны хоёр тал. Эрдэс баялаг нөхөн үрждэггүй. Тиймээс баялгийг ашиглахдаа ард түмэнд ил тод, хариуцлагатай, хуульд нийцүүлэн, харилцан ашигтай хэрэгжүүлэх бодлого баримталдаг.
УУЯ 2016 он гэхэд эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортыг хоёр дахин нэмэгдүүлье гэсэн зорилт тавьж байна. Энэ хэмжээгээр эдийн засагт өсөлт гарна. Нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээ нэмэгдэнэ.
Манай салбар Монголын экспортын 80 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. ДНБ-ийн 60 орчим хувийг үйлдвэрлэж, Монгол Улсын төсвийн орлогын 20 орчим хувийг бүрдүүлж байна. Монгол улсын эдийн засгийн хөгжилд ойрын жилүүдэд уул уурхайн салбарын нөлөө их байгаа, энэ нөлөөллийг аль болох тогтвортой хадгалж хөгжих хэрэгтэйг онцлох байна.
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд эрдэс баялгийн салбар бодлогогүй, хууль эрхзүйн орчин тогтворгүй явж ирсэн гэж бизнес эрх-лэгчид, хөрөнгө оруулагчид, судлаачид үздэг юм билээ. Тухайлбал Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, Урт нэртэй хууль, Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохи¬цуулах тухай хууль зэргийг тэд дурьддаг. Төрөөс хайгуул, ашиг¬лалтын тусгай зөвшөөрөл өгсөн хэрнээ гэнэт шинэ хууль гаргаад хөрөнгөө оруулсан компанийн үйл ажиллагааг зогсоодог, тогтворгүй болгодог гэж ярьж байна.
Ийм үзэгдлүүдийг арилгая, давтахгүй байя, цаашид хууль эрхзүйн орчныг тогтвортой байлгая, урт хугацаанд хэрэгжүүлье гэсэн зорилтыг яамны зүгээс тавьж ажиллаж байна. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг 2025 он хүртэл хугацааны бодлогыг тодорхойлж байгаа. Мөн төрөөс Газрын тосны талаар баримтлах бодлого батлагдан хэрэгжиж байна.
Уул уурхайн салбарт байгаа Тусгай зөвшөөрлийн хөдөлгөөнийг ил тод болгоё, тусгай зөвшөөрөл олгохдоо талбайн хил хязгаарыг Засгийн газраас баталж олгож байя гэсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан заалтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна.
Байгаль орчныг нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах тал дээр уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд ямар тодорхой өөрчлөлт гарч байна вэ? Цаашид энэ чиглэлээр юуг анхаарах ёстой вэ?Нөхөн сэргээлтийн чиглэлийн асуудлыг Байгаль орчны тухай багц хуулиудад маш тодорхой суулгаж өгсөн байдаг. Нөхөн сэргээлтэд зориулагдах хөрөнгийн эх үүсвэрийн тодорхой хувийг компаниуд үйл ажиллагаа эхлэхээсээ өмнө Нөхөн сэргээлтийн санд төвлөрүүлдэг байх, олборлолт явуулж байх хугацаанд Сан нь арвижиж, уурхайн хаалтын үед сангийн хөрөнгөөрөө нөхөн сэргээлтээ бүрэн хийж дуусгах гэх мэт харилцааг зохицуулсан эрхзүйн актууд батлагдаад мөрдөгдөж байна. БОНХЯ нөхөн сэргээлттэй холбоотой асуудлыг хариуцаж байгаа.
Нөгөө талдаа, аюулгүй ажиллагааны стандартыг хангаж, хүний эрүүл мэнд, амь насыг хохироохгүй байх нь салбарын хувьд маш чухал асуудал. Өмнөговьд тоос шороо босоод юу болж байгааг бүгд л ярьдаг. Үүнийг шийдвэрлэж, зогсоохын тулд төмөр зам, хатуу хучилттай автозам, туузан дамжуурга тавих зэрэг дэд бүтцийн асуудлыг нь Засгийн газраас шийдвэрлэж байна. Дэд бүтцийг бүрэн шийдэж, компанийн нийгмийн хариуцлагыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлснээр байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх асуудлыг шийдэх зоилт тавьж байна.
Уул уурхайн компаниуд нэг үеэ бодвол илүү хариуцлагатай болж, байгаль орчныг нөхөн сэргээх тал дээр маш их ажил хийж байна. Тухайлбал “Бороо Гоулд”, “Алтан Дорнод Монгол”, “Мондулаан”, “Монполимет” гэх мэт компани нөхөн сэргээлтийг маш сайн хийж байна. Ийм жишээг олонд таниулж, бусад компанид үлгэр дууриал болгох учиртай. Байгаль орчин, хүний аюулгүй байдлыг хамгаалах орчин үеийн менежмент Монголын уул уурхайн салбарт нэвтэрч, бодитоор хэрэгжиж байгааг дээрх компаниудын жишээнээс харж болно.