Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Дамжин өнгөрөх тээврийн хэмжээг тохирно

Төмөр замын  хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын гуравдугаар комиссын тавдугаар хэсгийн төмөр замууд буюу Монгол, БНХАУ, ОХУ, Казахстан, БНАСАУ,  Вьетнам улсын төмөр замуудын төлөөлөгчид Улаанбаатар хотноо  хуралдаж байна.

Уг хурлаар дээрх улсын төмөр замуудаар 2013 онд тээвэрлэгдсэн гадаад худалдааны ачааны хэмжээг дүгнэх,   2014 онд тээвэрлэгдэх экспорт импортын болон дамжин өнгөрөх тээврийн хэмжээг тохирох юм байна. Мөн тээвэрлэлттэй холбоотой техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээний талаар  авч хэлэлцэх бөгөөд хоорондоо хиллэдэг төмөр замууд тус бүрээр нийт 12 бүлэг хуралдаан болж байна.

Монголын тал буюу УБТЗ  нь Монгол-БНХАУ, Монгол-ОХУ, Монгол-БНХАУ-ОХУ, Монгол-ОХУ-Казахстан, Монгол-БНАСАУ, Монгол-Вьетнам гэсэн бүлгийн хуралдаануудад оролцдог. Тус хурлыг жил бүр  зохион байгуулдаг бөгөөд Монгол улсад зургаан жилийн хугацаанд нэг удаа болдог байна.  Энэ хуралдаанд оролцож байгаа таван орноос 100 орчим төлөөлөгч иржээ. ОХУ, БНХАУ-ын төмөр замуудаас өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа  нь бүх улстай төмөр замаараа хиллэдэгтэй холбоотой аж.

УБТЗ нь 2013 онд Монголоос ОХУ руу 1387,59 мянган тонн, Монголоос Хятад руу 5852.22 мянган тонн ачаа тээвэрлэжээ. Мөн онд ОХУ-аас БНХАУ руу 1530,46 мянган тонн, БНХАУ-аас ОХУ руу 226,31 мянган тонн дамжин өнгөрсөн ачаа тээвэрлэсэн байна.

 Уг хуралдаантай зэрэгцэн Зам, тээврийн яамнаас санаачлан “Транзит Монгол-2014” арга хэмжээг зохион байгуулах аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Зам, тээврийн яам, ЗГХЭГ-аас санаачлан Монгол, Орос, Хятад гурван улсын хил дамнасан төмөр замын Умард коридор зөвлөгөөнийг зохион байгуулсан.  Зөвлөгөөний мөрөөр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнг Засгийн газраас сайшаажээ. Уг зөвлөгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-аас хийж гүйцэтгэх ажлыг тодорхойлжээ. 

Дашрамд дурьдахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 03-нд Хятадын Жүнжөү хотоос Германы Франкбурт хотын чиглэлд Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр чингэлгийн туршилтын галт тэргийг амжилттай аялуулжээ. Франкфуртаас Жүнжөү чиглэлд буцсан чингэлгийн уг галт тэргийг Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр 29 цаг аялуулан БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн аж.  Өнгөрсөн сарын 28-нд Жүнжөү-Франкфурт  чиглэлийн эхний галт тэргийг амжилттай аялуулаад байгаа аж.


Г.Идэр