Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

888 төсөл 4.1 их наядын зээл хүсчээ

Засгийн газраас зарласан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийн талаар Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлэл хийлээ.

Нийт 1151 төслийг Засгийн газар хүлээж авсанаас тодорхой шалтгаануудаас хасагдсаар 888 төсөл үлдсэн байна. 888 төслийн санхүүжилтийн нийт дүн 7.3 их наяд төгрөг бөгөөд үүнээс 4.2 их наяд төгрөгийг буюу үнийн дүнгийн 57%-ийг Засгийн газраас хүссэн байна. Үлдсэн 3 их наяд гаруй төгрөгийг төсөл хэрэгжүүлэгчид өөрсдөө босгож байгаа аж.

888 төслийн 131 нь экспортыг дэмжих бөгөөд 1.036 тэрбум төгрөгийн зээл, 757 нь импортыг орлох бөгөөд 3.150 тэрбум төгрөгийн зээл хүсчээ. Нийт төсөл хэрэгжвэл 39 мянган ажлын байх шинээр бий болж, дунджаар 55 сарын хугацаанд өртгөө эргүүлэн нөхөх аж.

Төслүүдийг салбараар нь авч үзвэл экспортын чиглэлийн ашигт малтмал боловсруулах үйлдвэрийн салбарын 16 төсөл нийт 626 тэрбум төгрөг, коксжих нүүрс, биотүлш зэрэг хүнд үйлдвэрийн салбарын 4 төсөл 169 тэрбум төгрөгийг санхүүжилт хүссэн байна.

Харин импортын чиглэлийн барилгын материалын үйлдвэрийн салбарын 210 төсөл 1 их наяд 655 тэрбум төгрөгийн зээл хүсчээ. Үүнээс  цементний 11 үйлдвэр 784.2 тэрбум төгрөгийн, метал хийцийн 32 төсөл 315 тэрбум төгрөгийн зээл хүссэн нь хамгийн өндөрт тооцогдож байна.

Дээрх 888 төслөөс 1 их наяд 186 тэрбум төгрөгийн зээл хүссэн 524 төсөл Улаанбаатар хотод хэрэгжих юм байна.

Төслүүдийн санхүүжилтийг 5 дугаар сараас олгож эхэлнэ хэмээн Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хэлж байна. Зээлийн нөхцөл нь 5 жил хүртэлх хугацаатай, жилийн 9%-иас ихгүй хүүтэй, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас доошгүй байх юм байна. Засгийн газрын бондны эх үүсвэр буюу Хөгжлийн банкнаас 1 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт хийх боломжтой байгаа аж. Монголбанк, арилжааны банкууд, Хөгжлийн банк хамтран ажиллах гэрээ байгуулж, үлдсэн санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой гэж үзжээ.

Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөл хэрэгжсэнээр эдийн засагт 9 их наяд төгрөгийн эерэг нөлөө үзүүлнэ хэмээн Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат мэдээлэв.

С.Болд