Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Жилдээ 35 сая тонн ачаа тээвэрлэх боломжийг ашиглана

Улаанбаатар төмөр замын  техникийн шинэчлэлийн хөтөлбөрийн эхний үе шатыг 2013 онд батлан, хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Эхний үе шатны техникийн шинэчлэлийн үр дүнд Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх техникийн хүчин чадал 70 гаруй хувиар нэмэгдэж, жилдээ 35 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой болох юм.

Энэ нөөц бололцоог хугацаа алдалгүй ашиглаж эхлэхийн тулд төмөр замаар тээвэрлэх зорилгоор өчигдөр  Зам, тээврийн яам, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг хамтран Монгол, Орос, Хятад гурван улсын тээвэр зууч, ачаа илгээгч томоохон байгууллагуудыг оролцуулсан “Транзит Монгол” зөвлөгөөнийг “Уян тариф, Хатуу график. “Нэг цонх”-ны үйлчилгээ” сэдвийн дор зохион байгууллаа.

“Транзит Монгол” зөвлөгөөн нь “Blue Sky”-д хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагуудын 2014 оны хуралдааны үеэр зохион байгуулагдсан бөгөөд энэхүү хуралтай давхацсанаар Монгол улсын төмөр замын дамжин өнгөрөх тээврийн бодлого, чиглэлийг олон орны төлөөлөгчдөд сурталчлах таатай боломж тохиолоо хэмээн Зам, тээврийн яамны холбогдох албаны хүмүүс онцолж байсан.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зам, тээврийн яам санаачлан Монгол улс, ОХУ, БНХАУ-ын төмөр замын тээврийн асуудал эрхлэсэн төрийн захиргааны төв байгууллага, агентлаг, улсын төмөр замын компаниудын төлөөллийг оролцуулсан  Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн асуудлаарх гурван талт зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ.     

Зөвлөгөөний мөрөөр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнг Засгийн газраас сайшаажээ. Уг зөвлөгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-аас хийж гүйцэтгэх ажлыг тодорхойлжээ. 


Г.Идэр