Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монгол хөрөнгө оруулалтын орчноор “сүүл мушгив”

Уул уурхайн дэлхийн хамгийн том хурал, үзэсгэлэнд тооцогддог PDAC 2014 энэ сарын 2-5-ны өдрүүдэд Канадын Торонто хотноо болж байна. Хурлын үеэр буюу өчигдөр Монголын өдөр (Mongolia at PDAC 2014 Investment Conference) болсон бөгөөд Монголын Уул уурхайн сайд  Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газраас уул уурхайн салбарт баримтлах бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, Монгол Улсын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчны өрсөлдөх чадвар, тогтвортой байдлыг бүрдүүлэхтэй холбоотой асуудлаар танилцуулга хийсэн байна. Түүнчлэн Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Боомтын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар танилцуулж, илтгэл тавьжээ. Уул уурхайн сайд Монгол Улс хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс хэмээн чуулга уулзалт дээр танилцуулсан тухай салбарын яам мэдээлжээ. Уг хуралд Канадын хөрөнгө оруулагчид, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид болон тус улсын Засгийн газрын төлөөллөөс гадна Монголын төр, хувийн хэвшлийнхэн оролцсон байна.

PDAC 2014 хурлын үеэр Ванкуверт төвтэй “Fraser Institute” жил бүр гаргадаг Уул уурхайн компаниудын 2013 оны судалгаагаа дэлгэн танилцуулжээ. Уг судалгаанд хөрөнгө оруулалтын таатай орчны үзүүлэлтийг улс төрийн бодлого, геологи, татварын орчин болон бусад олон хүчин зүйлээр судлан гаргажээ. Үүнд нийт 112 улс болон мужийг хамруулан жагсаахад улс төрийн бодлогын хувьд буюу Policy Perception Index-ээр Швед, Финланд, Алберта (Канадын муж), Ирланд, Вайоминг (АНУ-ын муж), Баруун Австрали зэрэг улс болон муж тэргүүлсэн бол Монгол улс сүүлээсээ 13 дугаарт буюу 100 дугаар байрт оржээ. Энэхүү судалгаанд салбарын нийт 690 компани оролцож, өөрсдийн дүгнэлтийг илгээснийг нэгтгэсэн дүн нь энэ юм.  Уг үзүүлэлтийг гаргахдаа эрх зүйн орчны тодорхойгүй байдал, байгаль орчны хууль, хуулийн зохицуулалтуудын давхцал, татварын дэглэм, бодлогын тогтвортой байдал, тусгай хамгаалалттай газраас үүдсэн зөрчил, дэд бүтэц, нийгэм эдийн засгийн хүчин зүйл, хөдөлмөрийн хууль, худалдааны бэрхшээл, ажиллах хүчний хүрэлцээ, геологийн дата мэдээллийн чанар, аюулгүй байдал зэргийг харгалздаг байна. Хачирхалтай нь хамгийн дээгүүрт орсон улс орон болон мужууд нь хамгийн өндөр татвартайд тооцогддог байх юм. Гэвч тэдгээрийн улс төрийн бодлого тогтвортой байгаа нь хөрөнгө оруулагчдыг татах гол хөшүүрэг болсныг олон улсын хэвлэлүүд онцолжээ. Судалгааны хамгийн сүүлд Киргиз улс оржээ.

Хэдийгээр Fraser Institute-ийн өмнөх жилийн судалгаануудад Монгол улс мөн л ардаа арав гаруй улс үлдээн хамгийн сүүлийн байранд жагссаар ирсэн ч хөрөнгө оруулалтын орчин нь сайжирч буй улс хэмээн зарим төлөөлөл хүлээн зөвшөөрөх болсон билээ.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канад улсад хийж байгаа албан айлчлалын хүрээнд Канадын  Байгалийн нөөцийн сайд Жое Оливертай уулзсан байна. Канадын Байгалийн нөөцийн сайд Жое Оливер "Монгол улсын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчин тогтвортой болсон явдлыг сайшаагаад Канад, Монгол хоёр улс уул уурхайн салбарт хамтран ажилласаар ирснийг онцлон тэмдэглэлээ. Цаашид хүний нөөцийг бэлтгэхэд анхаарч, Канад улс нь Монгол Улсын уул уурхайн салбар дахь хүний нөөцийг бэлтгэх, давтан сургахад туслалцаа үзүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгдсэн юм.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг “1990 оны Монгол Улсын ардчилсан хувьсгалын дараа хамгийн түрүүнд Канадын геологичид Монголд ирж ажиллаж байсан түүхтэй. Өнөөдөр Монголд Канадын 40 орчим уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс татварын хувьд Азидаа хамгийн бага, төдийгүй олборлогч орнуудын хувьд татварын ачаалал нь багад тооцогддог”-ийг онцолсон юм.

Сүүлийн 15 жилийн хугацаанд Канадын компаниуд Монгол Улсад эрэл, хайгуулын ажилд нийтдээ 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. 1993 онд анх Канадын хөрөнгө оруулалттайгаар “Монголиан Гоулд Ресорс” компани байгуулагдаж байснаас хойш “Оюутолгой”, Бороо, Зуунмод болон Хотгорын ордод Канадын хөрөнгө оруулалттай компаниуд ажиллаж байна.

Уул уурхайн сайдын Канад улсад хийж байгаа айлчлал энэ сарын 6-ыг хүртэл үргэлжилнэ. Айлчлалын хүрээнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канадын Гадаад худалдааны сайд Эд Фасттай уулзаж, PDAC 2014 хуралд Монголын төлөөлөгчдийг тэргүүлж оролцох хөтөлбөр багтжээ.



Б.Төгс