УИХ 2013 оны есдүгээр сарын Ээлжит бус чуулганаараа Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль баталсан билээ. Уг хууль батлагдсанаар зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж ирсэн анхны хууль ба 2012 оны тавдугаар сард батлагдсан Стратегийн ач холбогдолтой салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль тус тус хүчингүй болсон.
Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг хэдийгээр Парламент яаравчлан баталсан боловч хамгийн чухал хэсэг болох Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журмыг хагас жилийн дараа буюу хоёрдугаар сарын сүүлээр Засгийн газар хуралдаанаараа батлав. Уг Журмын нийтлэг үндэслэлд “Монгол Улсад 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хөрөнгө оруулагч болон тогтворжуулах гэрчилгээ аваагүй хөрөнгө оруулагч хуулийн этгээдтэй Хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад хууль, журмын хүрээнд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн дурджээ.
Хөрөнгө оруулалтын гэрээг ямар тохиолдолд хийхгүй байх, ямар нөхцөлд татгалзах зэрэг процедурыг нарийвчлан заасан Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журам бүрэн эхээрээ The Mongolian Mining Journal-ийн шинэ дугаарт монгол, англи хэл дээр хэвлэгдлээ.
Мөн дугаарт, Гашуунсухайт-Ганц модны боомтын 20 гаруй км төмөр зам хэзээ ашиглалтад орох, трасс нь ямар байх, нүүрсийг шилжүүлэн ачих зардал ямар гарах, эндээс нүүрсний экспорт ашиг авчрах уу, эсвэл эдийн засаг ба экологийн нэмэлт бэрхшээл болох уу, “Эрдэнэс Тавантолгой” компани хувьцаагаа олон улсын хөрөнгийн зах дээр хэзээ гаргах вэ зэрэг шинэ мэдээлэл, анализ тойм нийтлэгдэв.
Оросын “Хар даваа” гаригийн үнэ цэн, алт, газрын тосны ханш Украины хямралын дараа хэрхэн өөрчлөгдсөн тухай, коксжих нүүрс, гангийн эрэлт, жоншны зах зээлийн талаар шинэ мэдээлэл, хандлагыг мөн дугаараас уншина уу.