Цахилгаан машины салбарт өнгөрсөн жилээс эхлэн дэлхийд шуугиан тариад буй АНУ-ын Tesla Motors компанийнхан нэг удаагийн цэнэглэлтээр бараг 500 км зам туулдаг Tesla машиндаа зориулан lithium-ion зай хураагуурын томоохон үйлдвэр байгуулахаар болоод байна. Энэхүү үйлдвэрийг нийт 5 тэрбум долларын хөрөнгө оруулалтаар байгуулах бөгөөд 2017 оноос ашиглалтад оруулах ажээ. Зай хураагуурын үйлдвэр нь Tesla машины хувьд маш чухал юм. Учир нь энэхүү цахилгаан машины суудлын доор хавтан хэлбэрийн маш том зай хураагуур байрлуулжээ. Энэ нь бидний хэрэглэдэг хуруу зайтай бүтцийн хувьд адил боловч асар том хүчирхэг зай юм.
Энэхүү зай хураагуурын томоохон үйлдвэрийн хүчин чадал 2020 он гэхэд жилдээ 35 гигаватт.цаг бүхий зай үйлдвэрлэхүйц хэмжээнд хүрэх ажээ. Үйлдвэрийг дагаад эрдсийн зах зээлд графит, кобалтаас гадна бусад олон төрлийн эрдсийн эрэлт багагүй хэмжээгээр нэмэгдэхийг шинжээчид тайлбарлаж байна. Учир нь уг үйлдвэр ашиглалтад орж бүрэн хүчин чадлаараа үйлдвэрлэл явуулж эхэлснээр ийм төрлийн зай хураагуурын зах зээлийн орон зайг хоёр дахин тэлэх ажээ.
Энэхүү машин нь зөвхөн технологийн салбарт шуугиан тариад зогсохгүй, урт хугацаандаа зэсийн эрэлтийг нэмэгдүүлэх магадлал өндөр байна. Энэхүү машины хөдөлгүүр нь дотоод шаталтат хөдөлгүүрээс огт ангид зүйл бөгөөд зэс мотортой (copper rotor induction motor) ажээ. Хүмүүс дотоод шаталтат хөдөлгүүрээс цахилгаан хөдөлгүүр хүч султай гэж ярьдаг ч энэхүү машины мотор нь тун хүчирхэг болохыг эрдэмтэд баталж байна. Үүнээс гадна уг машины мотор урдаа биш хойноо байрлах ажээ. Тиймээс Tesla S загварын машин хойноо бас урдаа ч кабинтай нь хэрэглээнд маш дөмөгхөн болгожээ.
АНУ-ын автомашины шинэхэн компани Tesla Motors улсынхаа гол гол мужуудаар цэнэглэгч станцуудыг суурилуулж дууссан бөгөөд эдгээр станцад 20 минутын дотор зайг 50% цэнэглэх боломжтой ажээ. Харин гэртээ 240 вольтоор цэнэглэвэл таван цагийн дотор бүрэн цэнэглэх юм байна.
Саяхан Tesla машин борлуулалтын салбараа Хятадад байгуулжээ. Tesla S загварын машины хувьд харьцангуй өндөр үнэтэй буюу нэг бүр нь 100 орчим мянган долларын үнэтэй ч тансаг ангиллын бусад машинтай харьцуулахад үнийн хувьд тийм ч их биш ажээ.
Монголын хувьд Tesla-гийн зай хураагуур өвлийн улиралд цэнэгээ бүрэн барих эсэх нь эргэлзээтэй ч хүйтний улиралд зориулсан хувилбар гаргаж болохыг үгүйсгэх газаргүй юм. Үүнээс гадна зэс моторын технологийг Монголын эрдэмтэд сайтар судлан туршаад үйлдвэрлэлд нэвтрүүлж чадвал зэсээр баялаг Монголд түүхий эдээ нарийн технологи болгон дотооддоо хэрэглэх, экспортлох боломж харагдаж байна. Үнэндээ Tesla Motors компанийнхан машиныхаа зай хураагуур, мотор, эдгээрт холбогдох эд ангийг өөрсдөө үйлдвэрлээд бусдыг өөр компаниудаар хийлгэжээ.
Tesla
Motors компанийн хувьцаа
Nasdaq-ийн бирж дээр өнгөрсөн тавдугаар сард 50 ам.доллараас 110 доллар болж огцом өсч байсан юм. Сүүлийн
жил орчмын хугацаанд Tesla-гийн хувьцаа тасралтгүй өссөөр ирсэн бөгөөд зай
хураагуурын үйлдвэр барих мэдээллээр хувьцаа нь 254 ам.доллар болж өсчээ. Ердөө
жил хүрэхгүй хугацаанд тус компанийн хувьцаа хэд дахин өссөний зэрэгцээ
автомашины салбарын хамгийн шилдэг шагналуудыг 2013 онд хүртэж чаджээ.
Б.Төгс