БНХАУ-ын санаачилгаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /Asia-Pacific Infrastructure Investment Bank/ байгуулахаар болжээ.
Тус улсын Сангийн яамнаас мэдээлж буйгаар дүрмийн санг эхний ээлжинд 50 тэрбум ам.доллараар тогтож, цаашид гишүүн орнууд тогтсон хугацаанд санхүүжилт хийх гэнэ. Өнгөрсөн 1 дүгээр сарын 24-нд болсон банк байгуулах тухай анхны хэлэлцээрт БНХАУ-аас гадна хамтран ажиллах сонирхолтой 10 гаруй орны төлөөлөгчид оролцсон байна. Зарим улс орон Хятад улстай хоёр талын хэлэлцээр хийж эхлээд байгаа аж.
Банк байгуулах болоод зээл-санхүүгийн журмын талаарх улс хоорондын санамж бичгийг энэ оны 4 дүгээр улиралд байгуулахаар төлөвлөжээ. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны дагуу Ази тивийн олон улсын байгууллага болж, хөгжлийн банкны загвараар ажиллах аж.
Азийн хөгжлийн банкны шинжээчдийн дүнгээр Ази-Номхон далайн орнууд дэд бүтцийн хөгжилд жилд ойролцоогоор 800 тэрбум ам.доллар зарцуулдаг байна.
Э.Од