Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн үнэ найман сарын доод үнээс ялимгүй өсөв

Зэсийн үнэ Хятадын эдийн засаг, аж үйлдвэрийн өсөлт удаашрахын хэрээр өнгөрсөн долоо хоногт найман сарын доод үнэд хүрсэн юм. Өчигдөр Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 6608 долларт хүрсэн нь өнгөрсөн зургадугаар сарын сүүлээс хойшхи хамгийн доод үнэ болсон юм.

Он гарсаар Хятадын аж үйлдвэрлэлийн үзүүлэлт хоёр дараалан уналттай гарсны дээр АНУ-ын ажлын байрны өсөлт шинжээчдийн тооцоолж байснаас доогуур гарсан нь хүрэн металын ханшийн бууралтад нөлөөлжээ. Хятадын экспорт 1 дүгээр сард 10,6 хувиар өсч байсан бол 2 дугаар сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 18,1 хувиар буурчээ.

Харин өнөөдрийн байдлаар нэг тонн зэсийн үнэ 0.65 хувиар өсч, 6692 долларт хүрчээ. Учир нь Хятад улс эдийн засгаа сэргээх үүднээс мөнгөний бодлогоо зөөлрүүлж магадгүй гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдын дунд байна. Өчигдрийн байдлаар Хятадын мөнгөний зах зээлийн бэнчмарк хүү 2.2 хувьд хүрч, 2008 оны дөрөвдүгээр сараас хойшхи хамгийн доод түвшинд хүрсэн юм. Мөн юанийн доллартай харьцах ханш 0.5 хувиар буурчээ. Түүнчлэн өнөөдөр Хятадын төв банкны захирал Зоу Шиаочуан тус улсын Ардын төлөөлөгчдийн их хурал дээр ойрын нэг, хоёр жилийн хугацаанд багтаж банкны хадгаламжийн хүүг чөлөөлнө гэж мэдэгджээ. Энэхүү алхам нь санхүүгийн салбарыг шинэчлэх бодлогын хүрээнд хийгдэж буй бөгөөд урт хугацаандаа Хятадын банкуудын хадгаламжийн хүү өснө гэж тэрбээр мэдэгджээ.


Б.Төгс