УИХ-ын дарга З.Энхболдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын төлөөллүүд “Метан хий ашиглах төсөл” болон “Нүүрсний тээврийн салбарт хамтран ажиллах Санамж бичигт” гарын үсэг зурсан юм. Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүтээн байгуулалтын асуудал эрхэлсэн дэд захирал С.Цэвэгжаваас тодрууллаа.
УИХ-ын даргын БНСУ-д хийсэн айлчлалын өмнө Гадаад хэргийн сайд тус улсад айлчилж, Монгол-Солонгосын бизнес форумыг байгуулах Санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага “Коrea Gas Corporation” компанийхантай уулзалт хийж, Тавантолгойн уурхайн метаны хийг ашиглах төсөл хэрэгжүүлэх яриа хэлэлцээ өрнүүлсэн. Энэ яриа хэлэлцээг баталгаажуулж Санамж бичиг зурсан гэсэн?
Айлчлалын үеэр “Эрдэнэс Тавантолгой”, хайгуул, өрөмдлөгийн “Элгэн” компанийн төлөөлөл БНСУ-ын төрийн өмчит “Ко газ” компанитай хоёр санамж бичиг байгууллаа. Эхний санамж бичиг нь нүүрсний давхаргын метан хийг судлах, үйлдвэрлэлийн туршилт хийх зорилготой.
2012 онд Эрдэс баялгийн зөвлөл манай компанид метан хийг судлах үүрэг өгсөн юм. Үүнээс өмнө буюу2009 онд Киотогийн протоколд Монгол улс тодорхой үүрэг хүлээж, гишүүнээр элссэн байдаг. Метан хийг судлаж, уламжлалт бус хийг эрчим хүчний эх үүсвэр болгож ашиглах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн жилээс судалгаагаа эхлүүлсэн. Эхний хайгуулын гурван цооног дээр манай компани судалгаа хийлгэсэн. Ингээд “Ко газ”, “Элгэн” компани метан хий судлагааны лаборатори оруулж ирсэн юм.
Монголд метан хий судалдаг лаборатори байдаггүй юм уу?
Яг энэ талын судалгаа шинжилгээний лаборатори байхгүй юм билээ. “Ко газ”, “Элгэн” компани хоёр метан хийн лабораторийг 100 гаруй мянган доллараар оруулж ирсэн гэсэн.
Юутай ч судалгаа шинжилгээ үр дүнтэй болж, хоёр цооногоос метаны агуулга 90 хувьтай гарч ирсэн. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Тэгэхээр долоо, найман сард талбай дээр туршилт хийж эхлэх байх. Манай компани Санамж бичгээр хайгуул болон үйлдвэрлэлийн туршилт хийх талбайг бэлдэх нэг л үүрэг хүлээсэн. Энэ үүргийнхээ дагуу бид БНСУ-д тодорхой асуудлаар санал солилцлоо. “Ко газ”-ынхан ирэх дөрөвдүгээр сард Монголд ирж, туршилтаа хийгээд газраа тохирно.
“Ко газ” компанийн удирдлагууд УИХ-ын дарга З.Энхболдтой уулзалт хийж, ажлын явцаа танилцуулсан. Метан хийн үйлдвэрлэл тодорхой үр дүнд хүрвэл ядаж л Улаанбаатарын утаа багасах байх. Үйлдвэрлэлийн түвшинд бүх зүйл баталгаатай болбол дараагийн шатны ажлууд руугаа орно. 2014 онд үйлдвэрлэлийн туршилтын үр дүн гарна гэж тооцож байгаа.
“Эрдэнэс Тавантолгой” компани “Нүүрсний тээврийн салбарт хамтран ажиллах Санамж бичигт” гарын үсэг зурсан. Энэ талаар тодруулбал?
БНСУ-ын“Daelim” компанитай мөн “Эрдэнэс Тавантолгой” компани, “Монголын авто тээвэрчдийн нэгдэл” хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан. Манай компанийн зүгээс нэгдүгээрт тээвэрлэлтийн салбарт ажлын байр нэмэгдүүлэх, хоёрдугаарт нүүрс тээвэрлэлтэд томоохон дэвшил гарна гэж үзэж байгаа.
Бид ажлын байраар л хангаж өгөх үүрэгтэй. “Daelim” компани “Ко газ”-ийнхантай адил хөрөнгө оруулалт хийнэ. Давхар чиргүүл, өөрөө буулгагч гэх мэт орчин үеийн тээврийн техникүүд орж ирнэ. “Монголын автотээвэрчдийн нэгдэл”-д Монголын талаас 36 компани багтсан.