Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Биржийг дампууруулах сонирхол ХЭНД БАЙНА ВЭ?

Лондонгийн хөрөнгийн биржийн /ЛХБ/ Гадаад харилцааны албаны захирал Антонелла Амедей сүүлийн үед үүсээд байгаа асуудлуудыг цэгцлэхээр Монголд ирсэн сурагтай. ЛХБ-МХБ хооронд байгуулсан Ажлын мастер гэрээ ирэх сард дуусгавар болно. Үүнтэй холбогдуулан Лондон, Монголын хооронд ярих зүйл их байсан бололтой. Ямар ч байсан ЛХБ-МХБ-ийн хооронд үүсээд байгаа асуудлыг нэг мөр шийдэх тохиролцоонд хүрсэн хэмээн эх сурвалжууд хэлж байна.

Тэгвэл сүүлийн хоёр сарын хугацаанд Монголын Хөрөнгийн бирж /МХБ/ дээр юу болж өнгөрөв өө? Хөрөнгийн бирж дампуурлаа, брокер дилерийн компаниуд хаалгаа барилаа, Лондон манайхыг хулхиджээ, Сү.Батболд биржийг үнэгүйдүүлж хувьчилж авах гэж байжээ гэх мэт зохион байгуулалттай гэмээр   мэдээллүүд хөвөрсөн. Энэ том булхай луйврыг Шинэчлэлийн Засгийн газрын үеийн ТӨХ  таслан зогсоож, улмаар биржийг дампуурлаас аварсан хэмээн ойлгуулахыг ч хүсч байх шиг.

Брокер дилерийн компаниуд /БДК/ Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал асан Х.Алтайг шүүмжилсээр байна. 2012 оны  7 дугаар сард  MIT системийг нэвтрүүлж, төлбөр тооцооны Т+3 горимд шилжсэнээр бирж болон БДК-уудын хооронд зөрчил үүсч эхэлсэн. Асуудлууд хуримтлагдсаар эцэстээ биржийг дампуурууллаа хэмээн ярихад  хүргэж байна.

Тухайн үед БДК-иудад өндөр шаардлага тавьж байв. Тухайлбал БДК-иуд хамтын баталгааны сан болох төлбөрийн баталгааны санд эрсдэл бууруулах зорилгоор тодорхой хөрөнгө байршуулна. Мөн байнга байрших барьцаа хөрөнгө шаардсан. Энэ нь хэтэвч нимгэн компаниудад хүнд тусч, тухайн үедээ биелүүлэх боломжгүй гэж эсэргүүцэж байв. Гэхдээ өнөөдөр ихэнх БДК-иуд энэ шаардлагыг биелүүлсэн. Чадаагүй цөөн хэд нь хаалгаа барьчихаад байна. Иргэдийн олон сая төгрөгийн арилжаа хийдэг БДК-иуд тодорхой эрсдэл үүрч байдаг учир эрсдэлээс хамгаалах санхүүгийн чадавхтай байх ёстой. Хөрөнгө санхүүгийн чадавхгүй БДК түүх болсон ХЗХ-ноос ялгаагүй ч гэж хэлж болно.

ТӨХ, СЗХ болон бусад байгууллагын хамтарсан Ажлын хэсэг MIT системийн ажиллагаанд шалгалт хийжээ. Тэд MIT системийн бүх модулийг цогц байдлаар аваагүй учраас YЦТТТХТ, брокер дилерийн компаниуд зарим бүртгэл, тооцоогоо гараар шивж байна гэжээ. Цогц байдлаар аваагүй, цогц байдлаар суурилуулаагүй хоёрын хооронд том ялгаа бий.  

Харин өнөөдөр MIT системийг цогцоор нь нэвтрүүлээгүй, төлбөр тооцооны систем нь байхгүй болохоор гараар бичилт хийж байна, арилжааны хэмжээ буурч байхад өндөр төлбөртэй ч дутуу систем ашиглаж байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. 2013 онд дөнгөж  93  тэрбумын арилжаа хийж  хэмжээ буурсан нь үнэн. 2011, 2012 онд арилжааны хэмжээ нэлээд нэмэгдсэн байдаг. ЛХБ-тэй хамтрахын өмнөх жил буюу 2010 онд 92 тэрбум, бүр МХБ-ийг хөгжүүлье гэж ярихаас өмнөх 2009 онд 23  тэрбумын арилжаа хийж байсныг дурдах нь зүйтэй.

ТӨХ, СЗХ болон бусад байгууллагын хамтарсан Ажлын хэсэг MIT системийн ажиллагаанд шалгалт хийжээ. Тэд MIT системийн бүх модулийг цогц байдлаар аваагүй учраас YЦТТТХТ, брокер дилерийн компаниуд зарим бүртгэл, тооцоогоо гараар шивж байна гэжээ. Цогц байдлаар аваагүй, цогц байдлаар суурилуулаагүй хоёрын хооронд том ялгаа бий. 

Хөрөнгийн бирж дээр секундэд 50 мянган арилжаа хийх чадалтай арилжааны систем суурилуулчихаад төлбөр тооцооны системийг яагаад одоо болтол суурилуулаагүйн шалтгаан тодорхойгүй. Төлбөр тооцооны систем алдаатай, манай хөрөнгийн биржид анх удаа туршиж байна гэж байсан удаа ч бий. Тэгвэл Сингапурын хөрөнгийн бирж MIT компаниас төлбөр тооцооны системийг нь худалдан авч, 2015 оноос ашиглахаар болсон гэдгээ өнгөрсөн онд зарлаж байсан удаатай. Манайд ашиглаж чадахгүй байгаа системийг гэсэн үг.

Биржийн зүгээс системийг цогцоор нь суурилуулахаар ЛХБ-тэй гэрээлсэн гэдгээ учирлаж байна. Төлбөр тооцооны систем одоо болтол суурилагдаагүй нь ҮЦТТТХТ-тэй холбоотой гэх яриа ч бий. Анхнаасаа ҮЦТТТХТ-ийг Хөрөнгийн биржийн харьяанд шилжүүлж байж энэ хоёр байгууллагад арилжааны болон төлбөр тооцооны систем суурилуулж, холбох учиртай байж. Гэхдээ ямар шалтгаанаар ҮЦТТТХТ-ийг Хөрөнгийн биржийн харьяанд шилжүүлээгүйг одоо хэлэх хүн алга.

Хөрөнгийн бирж дээр үүсээд байгаа асуудлуудыг харвал   шийдэж болохооргүй хэмжээнийх биш. Өнгөрсөн 3 жилд Монголын Хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээлийн олсон амжилтын хажууд өчүүхэн. Үнэт цаасны хуулийн шинэчилсэн найруулга, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Кастодиан банкны журам гээд хууль эрхзүйн маш том асуудлуудыг шийдэж чадсан. Олон жил яригдаж байсан хууль эрхзүйн шинэчлэл том даваагаа давчихаад байхад ганц системийн асуудал хөрөнгийн биржийг, хөрөнгийн зах зээлийг дампууруулна гэдэг утгагүй. Түүнийг засаад залруулаад явах боломж бий.

Хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээлийн шинэчлэл бүрэн дуустал цаг хугацаа хэрэгтэй. Уг нь 3 жилд амжуулна гэж байсан ч тодорхой шалтгаан, үйл ажиллагааны алдаанаас болоод цаг алдаж байгаа тал бий. Ямар ч байсан шинэ IPO, гадна дотны хөрөнгө оруулалтын мэргэжлийн байгууллагууд Хөрөнгийн бирж дээр орж ирэх суурийг хангахаар ажиллаж байна. БДК-иудын үйл ажиллагаа ч сайжирч байна. “Ти Ди Би Капитал”-ын харилцагчид гэхэд удахгүй өөрийн биеэр арилжаанд оролцох боломжтой болох нь. Энэ мэт хийгдэж байгаа бодит үр дүн байхад бүхэлд нь харлуулж, дампуурлаа мэтээр ярих нь зохисгүй юм. Магадгүй хэн нэгэн хөрөнгийн биржийг дампууруулахыг хүсч байгааг үгүйсгэхгүй.
 
Банкны систем итгэлцэл дээр тогтдог. Хэн нэгний болчимгүй үйлдэл, хэлсэн үг банкны системийг бүхэлд нь хөмөрч мэдэхээр байдаг болохоор туйлын эмзэг салбар.  Үүнтэй адил хөрөнгийн зах зээл ч итгэлцэл дээр тогтдог. Хэн нэгний болчимгүй үг, үйлдлээс болж салбарын нэр хүнд унана. Хөрөнгийн бирж дампуурах нь гэдэг яриа яавч сайн үр дагавар авчрахгүй. Хөрөнгийн захад мөнгөө хийе гэсэн хөрөнгө оруулагчид хэдийнэ зайгаа бариад эхэлчихсэн. Арилжааны хэмжээ буурч, брокер дилерийн компаниудын ашиг орлого буурна гээд тоочоод байвал өчнөөн зүйл бий.

С.Болд-Эрдэнэ