Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Төрийн өмчит корпорацийн загварууд

Сингапур –ТЕМАСЕК

Зах зээлийн эдийн засагтай аливаа улс оронд хувийн хэвшлийн хөгжил онцгой үүрэгтэйгээс гадна төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанаас ахиу орлого олж, амжилттай яваа улсуудын жишээ ч цөөнгүй байна.

Тэдгээрээс үйл ажиллагаа нь өргөн цар хүрээтэй, засаглалын үзүүлэлтээрээ асар хурдтай хөгжиж байгаа нь Сингапурын “Темасек холдинг” ХХК, Казахстаны “Самрук Казына”, Малайзын “Казанах Насионал” компаниуд юм. Монгол улсын хувьд жишиг болгон харж байгаа “Темасек”-ийн үйл ажиллагаа, зарчмын талаар танилцуулъя.  

“Темасек холдинг” ХХК нь хөрөнгө оруулалтын компани бөгөөд Сингапурын санхүүгийн голлох гурван байгууллагын нэг юм. Анхны хөрөнгө оруулалтыг нь тус улсын Сангийн яамнаас гаргаж байсан бөгөөд тухайн үеийн зах зээлийн үнэлгээ нь 140.000.000 ам.доллар байжээ. Компанийн гол зорилго нь урт удаан хугацааны идэвхтэй хөрөнгө оруулагчдыг бий болгох, олшруулах замаар санхүүгийн баттай нөөцийг бий болгож Сингапурын ирээдүй хойч үед зориулах бөгөөд 100% Сингапур улсын Сангийн яамны мэдэлд байдгаараа онцлог. Өнөөдөр тус компани нь нийт 380 гаруй ажилтантай, 34 охин болон хараат компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Сантьяго зарчмын дагуу тус компанийн хөрөнгө оруулалт болон бусад үйл ажиллагаа нь дээд зэргийн ил тод, тунгалаг байдлаар явагддаг ба үйл ажиллагааг нь Сингапурын Үндсэн хуулийн тусгай заалтуудаар хамгаалсан байдаг. Тухайлбал,
“Темасек холдинг” нь Сингапур улсын Татварын тухай хуульд заасны дагуу татвар болон ногдол ашиг төлөврүүлдэг, мөн жилд дунджаар 17%-ийн өгөөжтөй ажиллаж ирсэн туршлагатай.

Компанийн ТУЗ-ийн гишүүнийг шинээр томилох, татан буулгах эрх нь зөвхөн Сингапур улсын Ерөнхийлөгчид л байдаг. ТУЗ дахь 10 гишүүн нь санхүү, хөрөнгө оруулалт, бизнесийн менежменттэй холбоотой салбаруудад хүлээн зөвшөөрөгдсөн, бие даасан хараат бус гишүүд байдгаараа онцлог. Жишээ нь, ТУЗ-ийн бүтцэд Төв банкны захирал, Ерөнхий сайд, Сангийн сайд зэрэг алба хашиж байсан лидерүүд 30 орчим хувийг, дэлхийн зах зээл дээр ноёлдог үндэсний топ компаниудын менежерүүд 30 орчим хувийг нь эзэлдэг. Үлдсэн хувийг нь судалгааны  хүрээлэнгүүдийн шинжээч, их сургуулийн эрдэмтэн багш, зах зээл судлаач, банк санхүүгийн байгууллагад  ажиллаж буй хүмүүсээс бүрдүүлдэг байна. ТУЗ-ийн гишүүд нь өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүйгээрээ давуу талтай.

ОХУ-“РОСТЕХ” корпораци

2007 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар төрийн өмчит “Ростехнологий” корпорацийг байгуулжээ. Корпорацийг байгуулахдаа 80 орчим хувьд нь зэвсгийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг нэгтгэсэн байдаг. Тухайн үед төрийн өмчит корпорацийн зах зээлийн үнэлгээ  25 тэрбум ам.доллар байжээ. 2009 онд төрөөс хөрөнгө оруулалт болгон корпорацийн мэдэлд 437 аж ахуйн нэгжийг шилжүүлсэн байна. Эдгээр аж ахуйн нэгжийн нийт алдагдал 630 тэрбум рубль байсан бөгөөд 30% нь хямралын өмнөх буюу хямралын байдалтай, 28% нь дампуурлын үе шатанд ба 17% нь үйл ажиллагаа явуулаагүй, харин 27% нь өөрийн эд хөрөнгийн зарим хэсгийг алдсан эсвэл алдах эрсдэл өндөртэй байв. Тэр жил төрийн өмчит корпораци нь 70,2 сая рублийн цэвэр ашиг олсон байдаг.

Зорилго: Өндөр технологийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг боловсруулах, үйлдвэрлэх, дэлхийн зах зээлд экспортлох.

Удирдлага: ОХУ-ын Ерөнхийлөгчөөс томилдог Ажиглах зөвлөл болоод Ерөнхий захирлаас бүрдэнэ. Ажиглах зөвлөлийн есөн гишүүний бүрэлдэхүүнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөл 4, ОХУ-ын Засгийн газрын төлөөлөл 4 болон корпорацийн Ерөнхий захирал багтдаг бөгөөд гишүүдийг 5 жилийн хугацаатай томилдог. Зөвлөлд Корпорацийн Ерөнхий захирал С.В. Чемезов, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд, Корпорацийн Ажиглах зөвлөлийн дарга Д.В.Мантуров, ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын орлогч Ю.И.Борисов, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах бөгөөд Төр, эрх зүйн газрын дарга Л.И.Брычева, ОХУ-ын Эдийн засаг, хөгжлийн сайдын орлогч А.Н.Клепач, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын орлогч А.Э.Вайно, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Гадаад хэргийн зөвлөх Ю.В.Ушаков, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны дарга А.В.Фомин нар тус тус багтаж байна.

Санхүү:
Дэлхийн 70 гаруй оронд бүтээгдэхүүнээ экспортолж байгаа төрийн өмчит корпорацийн жилийн хөрөнгийн эргэлт ойролцоогоор 17 тэрбум ам.доллар аж. Корпорацийн хүрээнд 13 холдинг, 663 аж ахуйн нэгжийн 940 мянган ажилчинтай. Ажилчдын дундаж цалин 2009 оноос хойш 60%-иар нэмэгдэж. 27.7 мянган рубль байна. Корпорацийн урьдчилсан дүнгээр 2013 оны  орлого 1 их наяд рубль байхаар байна.


Удирдлага: Ажиглах зөвлөл корпорацийг “Нээлттэй хувьцаат нийгэмлэг” болгон өөрчлөх саналыг 2013 оны арванхоёрдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч болон Засгийн газарт өргөн барьсан бөгөөд 2014 оны нэгдүгээр улиралд шинэ статуст шилжих магадлалтай байна. Корпорацийн менежментийн шинэчлэлийн хүрээнд охин компаниудын хяналтын хувьцааг 13 холдингд шилжүүлэх ажлыг 2013 оны нэгдүгээр улиралд эхлүүлсэн. Цаашид удирдлагын үндсэн бүрэн эрх 13  холдингийн мэдэлд шилжих бөгөөд корпорацийн төв аппарат стратегийн асуудал шийдвэрлэхэд төвлөрөх аж. Мөн шинэчлэх ажлаар “Ростех” корпорацийн “2020 он хүртэлх хөгжлийн стратегийн бодлого”-ыг баталжээ. Нэн түрүүнд корпорацийн хөрөнгийг нэмэгдүүлэхээс гадна хөрөнгө оруулалт татахуйц холдинг компаниудаа олон улсын бирж дээр гаргахаар төлөвлөж байна. Олон улсын бирж дээр IPO гаргах төлөвлөгөөний хүрээнд 2013 оны арванхоёрдугаар сард “Ростех” болгон корпорацийн нэрийг товчлон өөрчилжээ.

Түнш: АНУ “Boeing”, “Cummins”, “Federal Mogul Corporation”, “Allegheny Technologies Incorporated”, Итали “Pirelli”, “AgustaWestland”, “FIAT Group”, ХБНГУ “Даймлер”, ”Knorr-Bremse”, ”Rohde&Schwarz”, “ZF Friedrichshafen AG”, Францын “Renault-Nissan”/Ростех-32,9%/, “Alcatel-Lucent”, “Sagem”, “Thales Optronics”, Бразил “Marcopolo S.A”, Энэтхэгт “Vectra Group”, Египет “Lada-Egypt”,  Вьетнам “Vinacomin”/2009/, “Висорутекс” /Ростех-32%/, Украйн “Богдан Моторс”/2007/, “ВСМПО Титан Украина” /Ростех-100%/, Казахстан “Азия Авто”/2011/, Монгол “Монголросцветмет” /Ростех-49%/, “Эрдэнэт” /Ростех-49%/.  

Өнөөгийн байдлаар Оросын төр 2337 компанийн хувьцаа эзэмшдгээс 1256 компанийн 100%, 100 гаруй компанийн 50-100 хувь, 227 компанийн 25-50%, 754 компанийн 25%-иас доошгүй хувьцааг мэдэлдээ байлган хянаж байна. 2013 оны долдугаар сард ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн батлаад буй “Төрийн өмчийг хувьчлах 3 жилийн төлөвлөгөөт хөтөлбөр”-ийн дагуу 436 компанийг хувьчлах бол 514 компанийг төрийн хувь оролцоотой болгох аж.  

БНХАУ-“ЧАЙНАЛКО” корпораци

Хятадын 100 хувийн төрийн өмчит “Чайналко” /Aluminum Corporation of China/ нь анх өнгөт металын асуудал хариуцсан яам байсан бөгөөд орчин үеийн менежменттэй, олон улсад өрсөлдөх зорилгоор 2001 оны хоёрдугаар сарын 23-нд корпораци болгон зохион байгуулжээ. Тус корпораци нь дэлхийд хөнгөн цагааны үйлдвэрлэлээр 2 дугаарт, электронжсон хөнгөн цагааны түүхий эдээр 3 дугаарт, боловсруулсан хөнгөн цагаанаар 5 дугаарт орохоос гадна зэсээр 2004 оноос олон улсад тэргүүлэгчдийн нэг болсон.

Зорилго: Өөрсдийн үндсэн бизнес болох хөнгөн цагаан, зэс, газрын ховор металын түүхий эдэд суурилан үндэсний батлан хамгаалах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, өрсөлдөх өндөр чадвартай дэлхийн түвшний уул уурхайн компани болох.

Удирдлага: Корпорацийн ТУЗ нь 9 гишүүнтэй. Сиун Вэйпин /Xiong Weiping/- “Чайналко” корпорацийн Ерөнхийлөгчөөр 2012 оны хоёрдугаар сард томилогдсон бөгөөд “Чалко” компанийн ТУЗ-ийн дарга болоод Гүйцэтгэх захирлын албыг давхар хашдаг байна. Тэрээр эрдсийн түүхий эдийн инженер мэргэжилтэй, профессор цолтой.

Санхүү: Корпорацийн цэвэр ашиг 2013 онд 1 тэрбум юань буюу 165 сая ам.доллар болон нэмэгджээ. 2013 оны дүнгээр корпорацийн орлого 71.7 их наяд юань байна. Хөнгөн цагаан, зэс, газрын ховор элемент, нүүрс, банк санхүү зэрэг эдийн засгийн стратегийн чухал салбаруудад бизнес  явуулдаг. 2013 оны мэдээллээр нийт 103.493  ажилчинтай. Корпорацийн мэдэлд буй 66 охин компани дэлхийн 20 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна. Охин компаниудаас Chalco нь Хонконг, Нью Йорк, Шанхайн хөрөнгийн бирж, Chalieco, Chinalco Mining Corporation нь Хонконгийн хөрөнгийн бирж, “Yunnan Copper”  Шэньжэнийн хөрөнгийн бирж дээр тус тус бүртгэлтэй.  

Chalco буюу Aluminum Corporation of China Limited нь Монгол улсын Тавантолгой ордын нүүрсийг худалдан авах гэрээтэй. Тус компанийг 2001 оны есдүгээр сарын 10-нд “Chinalco”, “Guangxi Investment”, ” Provincial Materials Development and Investment” зэрэг корпорациудыг хувь нийлүүлэн байгуулжээ. Мөн оны арванхоёрдугаар сарын 11,12-нд Нью Йорк, Хонконгийн хөрөнгийн бирж дээр нэгэн зэрэг бүртгүүлж, бүтээн байгуулалтын хөрөнгийг эндээс босгосон байна. “China Cinda Asset Management Corporation”, “China Orient Asset Management Corporation”, “China Development Bank”, “China Construction Bank” зэрэг санхүүгийн томоохон компаниуд хувьцааг нь эзэмшдэг. “Чалко” компани нь 11.049 тэрбум юанийн нийт хөрөнгөтэй бөгөөд 10 салбар, судалгааны 1 институт, 12 охин компанитай.

Төсөл:
Манай улсын Тавантолгой нүүрсний ордоос гадна олон улсад хэд хэдэн томоохон төсөл  хэрэгжүүлж байгаа. Тэдгээрийн нэг Перу улсын Торомочо зэсийн орд юм. Хоёр улсын хамтарсан “Minera Chinalco” компани байгуулж, 2008 онд эхлүүлсэн энэхүү төсөлд нийт 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан бөгөөд жилд 250 мянган тонн зэс олборлох төлөвлөгөөтэй. Уг төсөл нь 2013 оны хоёрдугаар сард олон улсын бирж дээр IPO гаргаад буй. Гвинейн Симанду төмрийн ордын төслийн 47%-ийг “Chinalco” 1.35 тэрбум ам.доллараар худалдан авсан бол үлдсэн 53%-ийг Австралийн “Рио Тинто” компани эзэмшиж байна. Баруун Африкийн Гвинейн өмнөд үзүүрт 110 км урттай, 10 км өргөн Симанду төмрийн орд нь төмрийн хүдрийн 2.3 тэрбум тонн нөөцтэй. Мөн Австралийн Аурукун  бүс нутаг дахь бокситын 2.5 сая ам.долларын төсөлд “Рио Тинто”, Glencore Xstrata компаниудтай хамт өрсөлдөж буй.  

Сингапурын “Темасек холдинг” хөрөнгө оруулалтын компанийн жишгээр 2014 онд БНХАУ-ын Засгийн газар Төрийн өмчийг удирдах компани  байгуулахаар төлөвлөж байна. Тус компанийг байгуулснаар төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьцаат болгох, удирдлага болоод бүтцийн менежмент, санхүүгийн үр ашгийг нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд гаргах чиглэлээр шинэчлэлийн ажлууд хийгдэж эхлэх юм. Мэдээж улс орны аюулгүй байдлын хангах стратегийн чухал салбар дахь хувьцааг удирддаг, хөрөнгө оруулалт хийдэг зарим аж ахуйн нэгжүүдийн 100 хувийн төрийн оролцоог хэвээр үлдээх аж.   
 
2013 оны эцсийн дүнгээр төрийн өмчит компаниудын орлого 21,8 их наяд юань буюу өмнөх оныхоос 9.5%, цэвэр ашиг 1.2 их наяд юань буюу 7.5%-иар тус тус нэмэгдсэн байна. Улсад төлсөн татварын нийт хэмжээ 1.8 их наяд юаньд хүрч, 2011 оны мөн үетэй харьцуулахад 5.4%-иар нэмэгджээ.     
 
 КАЗАХСТАН-“САМРУК-КАЗЫНА” сан

Бүгд Найрамдах Казахстан улсын төрийн хяналтад байдаг Үндэсний баялгийн сан “Самрук-Казына”-г анх 2006 онд үүсгэн байгуулахдаа Тогтвортой хөгжлийн сан “Казына” болон Засгийн газрын хувьцааг удирддаг “Самрук” холдингийг нэгтгэж байжээ. 2012 онд хуульд өөрчлөлт орсноор “Самрук-Казына” санг хувьцаат нийгэмлэг болон өөрчилсөн байна.        

Зорилго: Үндэсний эдийн засгийн тогтвортой байдал болоод өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дэлхийн зах зээл дэх тогтворгүй байдал улсын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх зорилгоор “Самрук-Казына” санг байгуулах тухай Үндсэн хуульд тодорхойлжээ.   

Удирдлага: Захирлуудын зөвлөл 8 гишүүний бүрэлдэхүүнтэй. Зөвлөлд Казахстаны Ерөнхий сайд С.Н.Ахметов, Ерөнхийлөгчийн туслах Е.Т.Орынбаев, Ерөнхий сайдын орлогч Б.Т.Султанов, Эдийн засаг, төсөв төлөвлөлтийн сайд Е.А.Досаев, Захирлуудын зөвлөлийн дарга, Тогтвортой хөгжлийн сан ”Казына”-гийн захирал А.В.Мирчев, “Самрук-Казына” холдингийн захирал Ричард Сэр, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч У.Е.Шукеев, ”Самрук-Казына” үл хөдлөх сангийн хараат бус захирал Н.Д. Стейплтон зэрэг хүмүүс багтдаг.  

Санхүү: 2013 оны дөрөвдүгээр улирлын байдлаар “Самрук Казына” сан нь 583 охин компанийн 260 мянган ажилчинтай.  Газрын тос, эрчим хүч, төмөрлөг, хими-газрын тос болон дэд бүтэц зэрэг эдийн засгийн тэргүүлэгч салбаруудад идэвхтэй хөрөнгө оруулалт хийдэг. 2013 оны дүнгээр цэвэр ашиг 1,3 их наяд тэнгэ буюу 8.4 сая ам.доллар.
 
Сангийн нийт хувьцааны үнэлгээ 86.9 тэрбум ам.доллар бөгөөд хувьцааны 90% нь найман том охин компанид төвлөрдгөөс 57 тэрбум гаруй ам.долларын хувьцаа худалдааны салбарт харьяалагдаж буй. Үүнээс газрын тос, байгалийн хий 36.3 тэрбум, төмөр зам 8.5 тэрбум, цөмийн салбар 3.4 тэрбум, эрчим хүч 3 тэрбум, уул уурхай 2.6 тэрбум, холбоо 2.4 тэрбум, агаарын тээвэр 318 сая, шуудан 266 сая болон 27 сая гаруй ам.долларын хувьцаа банк, санхүүгийн салбарт төвлөрч байгаа аж. Сангийн хөрөнгө оруулалтын хувьд охин компаниудаараа дамжуулан 81 тэрбум ам.долларын 100 гаруй төсөлд хөрөнгө оруулж байна.

2013 оны нэгдүгээр сард сангийн 2020 он хүртэлх стратегийн бодлогыг баталснаар охин компаниудын ажилласан хугацаа, санхүү болоод санхүүгийн тогтвортой байдал зэргээс хамааран ногдол ашгийн хэмжээг тогтоох болсон байна. Энэ нь шинэ технологи, эрдэм шинжилгээний туршилт, зохион бүтээх ажилд оруулах хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилготой аж. Сангийн ногдол ашиг хувь хэмжээ 2012 оны байдлаар цэвэр орлогын 15%-тай тэнцэж байсан нь 2011 оныхоос 2 дахин бага байв.

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев санаачилсан “Ард түмний IPO” хөтөлбөрийн хүрээнд “Самрук Казына” сангийн зарим охин компани, холдингийн хувьцааны тодорхой хувийг дотоодын хөрөнгийн зах дээр арилжаалахаар болсон.

МАЛАЙЗ-“КАЗАНАХ- НАСИОНАЛ”

“Khazanah Nazional Berhard” хөрөнгө оруулалтын холдинг нь Малайзын Засгийн газрын хувьцааг удирдан зохицуулж, стратегийн хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй. 1965 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 1993 оны есдүгээр сарын 3-нд хувьцаат нийгэмлэг болжээ.

Удирдлага: Удирдлагын хувьд захирлуудын зөвлөл 9 гишүүний бүрэлдэхүүнтэй. Зөвлөлийн дарга нь Малайзын Ерөнхий сайд Нажиб Тун Разак, Ерөнхий сайдын орлогч “Nor Mohamed Yakcop”, Сангийн дэд сайд “Ahmad Husni Mohamad Hanadzlah” зэрэг хүмүүс багтдаг.   

Санхүү:
Компанийн үндсэн хөрөнгө Малайзын Сангийн яамны мэдэлд байдаг бөгөөд нийт хөрөнгө нь 38,5 тэрбум ам.доллар аж. Хөдөө аж ахуй, машин үйлдвэрлэл, банк санхүү, эрүүл мэнд, барилга, дэд бүтэц, аялал жуулчлал, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, тээвэр логистик зэрэг салбаруудад үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй компанид нийт 29 тэрбум ам.долларын хувьцаа эзэмшдэг. 2014 онд 500 сая юанийн евро бонд гаргахаар төлөвлөж байна.