Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах бодлогын хүрээнд Монгол улсын Засгийн газар 2014 оны гуравдугаар сарын 21-ний тогтоолоор Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмодны боомттой холбосон нарийн төмөр зам барьж, ашиглах чиг үүрэг бүхий “Гашуунсухайтын төмөр зам” компанийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтарч байгуулах зөвшөөрлийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-д олгосон билээ.
Энэхүү шийдвэрийн хүрээнд Монголын талаас “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, БНХАУ-ын талаас төрийн өмчит “Шенхуа” компанийн оролцоотой “Гашуунсухайтын төмөр зам” хамтарсан компанийг үүсгэн байгуулах Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-нд “Элит” төвд боллоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь, “Энержи ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батцэнгэл, орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн Р.Сэддорж, “Shenhua Overseas Development and Investment” компанийн ТУЗ-ын дарга Шао Жинжиэ нар гэрээнд гарын үсэг зурсан юм.
Мөн гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монголын талаас Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Батсайхан, БНХАУ-ын талаас тус улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ван Шао Лун, “Шенхуа Энержи” компанийн Ерөнхийлөгч Лин Вэн нарын төр засгийн болон компанийн төлөөллүүд оролцлоо.
Засгийн газрын тогтоолд зааснаар хамтарсан компанийн 51%-ийг Монголын талын гурван компани, 49%-ийг “Шенхуа” компани эзэмших бөгөөд компаниуд тус тусын ногдох хувь эзэмшлийн хэмжээгээр эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг хийх юм.
“Гашуунсухайтын төмөр зам” компаниар ахлуулсан хамтарсан компаниуд Гашуунсухайт-Ганцмодны боомтыг холбосон төмөр замыг 2014 ондоо багтааж ашиглалтад оруулах бөгөөд жилдээ 24-27 сая тонн хүртэлх нүүрсийг Хятад руу экспортолно гэдгийг оролцогч талууд хэлж байлаа.
Төмөр замтай болсноор нэг тонн нүүрсийн тээвэрлэлтийн зардал 2 доллар орчим болно
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь: Энэ төмөр зам ачаалал ихтэй, ашиг өндөртэй. 18 км-ын урттай боловч 27 сая орчим тонн нүүрсийг жилдээ тээвэрлэхээр тооцоолж байгаа. Цагаанхаднаас цааш, хил дамнуулаад автомашинаар богино тээвэр хийдэг. Үүний өртөг зардал өндөр. Одоогоор нэг тонн нүүрсийг 7-8 доллараар тээвэрлэж байгаа бол төмөр замтай болсноор энэ нь 2 доллар болж буурна. Ингэсэн тохиолдолд бид зарах нүүрсний үнийг нэмж чадна. Нөгөөтэйгүүр автомашинаар зөөхөөр гаалийн бүрдүүлэлт энэ тэр гээд асар их цаг хугацаа алдаж байна. Үүнээс болж экспортын хэмжээ буурдаг.
Хувь эзэмшил дээр удаан ярилцсаны эцэст Монголын тал 51 хувийг эзэмшихээр болсон. Гэрээн дээрээ үндэслээд хөрөнгө оруулалт болон ТЭЗҮ-тэй холбоотой бусад зүйлүүдээ хэлэлцээд явна. Гэхдээ боомтын төмөр зам тавих тэр хавийн орчин нь уул, толгод, хотгор гүвээтэй. Газрын гадаргаас 24 метр өргөгдөж байгаа. Тийм болохоор гүүрэн зам тавих энэ тэр гээд зардал өндөр гарч магадгүй.
Төмөр зам богинохон ч эдийн засгийн ач холбогдол нь их байх болно“Шенхуа Энержи” компанийн Ерөнхийлөгч Лин Вэн:Боомтын төмөр замыг тавьснаар наад зах нь байгаль орчинд халгүй байж, нүүрсний тээвэрлэлтийн өртгийг бууруулна. Нөгөөтэйгүүр Монголын нүүрсийг урт хугацаанд Хятад болоод гуравдагч зах зээлд нийлүүлэх боломжтой болно. “Шенхуа” компани Монгол улсын хуулийн дагуу боомтын төмөр замын төслийн 49%-ийг эзэмших юм. Гэхдээ бидний тавих төмөр зам маань богинохон учраас хөрөнгө оруулалтын хэмжээ тийм их биш байх болов уу гэж бодож байна. Хэдийгээр богино төмөр замаар нүүрс тээвэрлэх ч гэлээ эдийн засгийн ач холбогдол нь асар их юм.
Төмөр замын барилга, угсралтын ажлыг 2014 онд дуусгаж, ирэх жилээс нүүрсээ тээвэрлэнэ
“Энержи ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батцэнгэл:Монголын нүүрсийг зах зээлд гаргахад энэ төмөр зам ихээхэн ач холбогдолтой. 2013 оны наймдугаар сард Монгол улсын Засгийн газар хил дамнасан төмөр зам тавих тухай шийдвэр гаргасан. Уг тогтоолын хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д айлчлал хийж, Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг Монголын гурван компани, “Шенхуа”-тай хамтарч боомтын төмөр зам тавих гэрээ хэлэлцээ хийсэн. Энэ хүрээндээ “Гашуунсухайтын төмөр зам” компанийг байгууллаа. Боомтын төмөр замын маршрутыг Зам тээврийн яамнаас саяхан баталсан. Төмөр замын урт нь 14-15 орчим километр болж байна лээ. Төмөр замын барилга, угсралтын ажлыг 2014 ондоо дуусгаж, 2015 оноос нүүрсээ тээвэрлэж эхэлнэ. “Шенхуа” компани Бугатаас Ганцмод хүртэл 360 км төмөр зам барьсан. Мөн Бугатаас цааш далайн боомт хүртэлх 1400 гаруй км төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг “Шенхуа” хариуцдаг. Гашуунсухайт-Ганцмодны боомтыг олон улсын боомт болгоход боомтын төмөр замын бүтээн байгуулалт, экспорт ач холбогдолтой.
Г.Идэрхангай