Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Эдийн засгийн хөгжлийн сайдын тушаалаар Хөрөнгө оруулалтын зөвлөл өнгөрсөн 3 дугаар сард байгуулагджээ. Орон тооны бус уг Зөвлөл хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр татварын орчныг Тогтворжуулах гэрчилгээ олгоход дүгнэлт гаргах чиг үүрэгтэй. Уг зөвлөлийн анхны хурал өнгөрсөн долоо хоногт болжээ.
Хуралдаанаар Тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлт гаргасан “Энержи Ресурс” ХХК-ийн “Ухаахудагийн нүүрсний орд ашиглах төсөл”, “Алтайн Хүдэр” ХХК-ийн “Таяннуурын төмрийн хүдрийн орд ашиглах төсөл”-ийн талаарх танилцуулгыг сонссон байна. Хөрөнгө оруулалтын зөвлөл нь босго хөрөнгө оруулалтын хэмжээнд хүрсэн, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр бий болгосон зэрэг шалгуурыг хангасан төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдэд 5-15 жилийн хугацаанд дөрвөн төрлийн албан татвар, төлбөрийн хувь хэмжээг тогтвортой байлгах Тогтворжуулах гэрчилгээ олгох эсэхэд дүгнэлт гаргах юм. Дээрх хоёр төслийн дүгнэлтийг дараагийн хурлаар гаргахаар болсон хэмээн Хөрөнгө оруулалтын газар мэдээллээ.
С.Болд-Эрдэнэ