Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Байгаль орчны үнэлгээг шинэ түвшинд гаргана

Монгол улсад уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжиж буй энэ үед байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн бодлого боловсруулж, бодит амьдралд хэрэгжүүлэх хойшлуулшгүй шаардлага тулгарч байгаа билээ. Энэ чухал цаг үед Байгаль орчин, ногоон хөгжлийн яам Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хууль, журамд тодорхой өөрчлөлтүүдийг оруулаад буй юм.

Аливаа төсөл, хөтөлбөрийг тогтвортой хөгжлийн чиг шугамд нийцүүлэн хөгжүүлэхэд байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, нөлөөллийн үнэлгээ суурь үндэс нь болдог. Тэгвэл өнөөдөр хувийн хэвшлийн байгууллагуудад салбарын яам үнэлгээний хууль, журамд орсон өөрчлөлтүүдийг танилцуулахаар "Байгаль орчны үнэлгээ-таны бизнесийн тогтвортой байдлын баталгаа" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун болон салбарын яамны төлөөллүүд оролцож, холбогдох хууль журмын өөрчлөлтийн талаар илтгэл тавьснаас гадна ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн, Дэлхийн банкны мэргэжилтэн оролцож Монголын экосистемийн төлөв байдал, өөрчлөлт, энэ чиглэлд олон улсын байгууллагын туршлагын талаар илтгэл тавьсан юм.

Хэлэлцүүлэгт нийт 11 илтгэл тавьсны 6 нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хууль, журмын өөрчлөлтийн хүрээн дэх танилцуулга байлаа. Үүнд байгаль орчны нөлөөллийн болон нийгмийн үнэлгээг гүйцэтгэхэд төрийн захиргааны байгууллагын эрх үүрэг, тэдгээрийн уялдаа холбоо; үүнд олон нийтийн оролцоог хангах; Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг гаргах; нөхөн сэргээлтийн баталгааны данстай холбогдох журамд ямар ямар өөрчлөлт орсныг таниулсан юм. Үүнээс гадна Стратегийн болон Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тухай ойлголтыг шинээр оруулж ирснийг тайлбарласан нь хуралд оролцогчдын сонирхлыг ихээхэн татсан юм.

Манай улсад Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ нь шинээр хэрэгжиж эхлэх гэж буй бөгөөд энэ нь олон томоохон төсөл хөтөлбөр нэг хэсэг нутагт хэрэгжсэнээр урт хугацаандаа эдгээрийн нөлөөлөл ямар үр дагавартай болохыг хамтатган авч үзэж шинжилдэг судалгааг хэлж буй юм. Мэргэжилтнүүдийн хувьд энэ ойлголт  хэдийнэ танил болсон ч яг ажил хэрэг болох цаг нь манайд хууль, журмын энэ өөрчлөлтөөр “албан ёсоор айсуй” гэдгийг тэмдэглэе.   

Ийм төрлийн үнэлгээг манай улсын Заамарын нутагт өнгөрсөн жил хийж боловсруулсныг одоо салбарын яамны мэргэжилтнүүд хянаж байна. Түүнчлэн Өмнийн говь болон бусад бүс нутагт энэ төрлийн судалгааг хийхээр төлөвлөжээ. Үндсэндээ салбарын яам байгаль орчны үнэлгээний тухай хууль, журмын өөрчлөлтийн талаар хийх ёстой ажлаа биелүүлж дуусчээ. Харин одоо хувийн хэвшлийн компаниуд шинэ журмын дагуу сэтгэл гарган ажиллах үлджээ. Тодруулбал, хувийн хэвшлийн идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд байгаль орчны үнэлгээний хуулийн өөрчлөлтөөр дамжуулан хариуцлагатай уул уурхайг бүтээх зорилт биелэх нь дамжиггүй юм. Хууль, журмыг ийнхүү өөрчлөн боловсруулсан энэхүү ажлын бодит үр дүн ирэх жилийн эхээр мэдэгдэж, улмаар компаниудын санал хүсэлтийн дагуу шаардлагатай өөрчлөлтүүдийг хуульд нэмж оруулна гэж тооцож байна.




Б.Төгс
  • Арчих туслах матери***** (103.9.90.98)
    Арчих материал бөөний үнээр байнга нийлүүлнэ Утас 99843232
    2014 оны 04 сарын 16 | Хариулах