Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Рио Тинто” группын Гүйцэтгэх захиралд захидал явуулснаа мэдэгдэж, “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилт хойшилсон нь Монголын Засгийн газраас хамаараагүй гэдгийг олон нийтэд зарлалаа.
Уг захидлын араас “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд дахин захидал илгээж, далд уурхайн санхүүжилтийг цаг алдалгүй шийдье, хүрэлцэн ирнэ үү хэмээн учирлажээ.
Ерөнхий сайдын захидлыг MMJ орчуулан хүргэж байна.
Эрхэм хүндэт Уолш Танаа,
“Оюутолгой” хамтарсан төслөө дараагийн шатанд гаргахын тулд Монголын Засгийн газар өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд шинэ баг, шинэ хандлагаар чармайн ажиллаж буйг Ерөнхий сайдын хувьд тэмдэглэе. Бидний хамтын хүчин зүтгэлийн дүнд тодорхой ахиц дэвшил гарч буй хэдий ч, “Оюутолгой” төслийн амжилттай хэрэгжилтэд дараагийн шатны ололт шаардлагатай хэвээр байна.
Танай компани болон Монгол улсын хоорондын харилцааг улам бэхжүүлэх чухал үе шатанд бид хүрээд буй тул Танд ийнхүү шууд хандаж байна.
Өнгөрсөн 2013 онд Оюутолгойн үйлдвэрлэлийг эхлүүлсэн нь гайхалтай ололт, чухал үйл явдал болсон хэдий ч далд уурхайн бүтээн байгуулалтыг аль болох түргэн хугацаанд үргэлжлүүлэх нь манай Засгийн газар, Монголын ард түмний хувьд нэн чухал юм. Иймд бид хамгийн чухал төслийнхөө дараагийн шатанд хэрэгцээтэй санхүүжилтийг бүрэн дүүрэн дэмжих болно.
Хоёр талын үр дүнтэй хэлэлцээрийн явцад “Рио Тинто”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн хооронд харилцан шийдвэрлэх ёстой тун цөөн асуудал үлдээд байгаа билээ. Энэ оны 2 дугаар сарын 19-нд “Рио Тинто”-д “Эрдэнэс Оюутолгой” компаниас илгээсэн захидалд дурдсанчлан, эдгээр асуудлыг олон улсын бизнесийн зохистой хэв журмын дагуу түвэггүй шийдвэрлэж болно гэдэгт итгэж байна.
Бид “Рио Тинто” компанийн талаар олон нийтийн дундах эерэг байр суурийг хадгалахыг чухалчилсаар ирсэн боловч Зээлдүүлэгчдээс зээлийн баталгааны хугацааг энэ оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хойшлуулахыг шаргуу хүссэн хэвлэлийн мэдээний саналыг эрхэм Jean Sebastian Jacques-ээс хүлээж авсан. Төслийн санхүүжилтийн хугацааг ийн уртасгаж байгаа итгэлтэй бус хандлагад харамсаж байна.
Далд уурхайн ТЭЗҮ-ийг 2014 оны 2 дугаар улиралд боловсруулж дуусгах хэдий ч 3 дугаар сарын 31-нд зээлдүүлэгчдийн баталгааны хугацаа дуусахаас өмнө төслийн санхүүжилтийг эцэслэн шийдвэрлэх бүрэн эрхтэйгээр бид Улаанбаатар эсвэл Лондонд уулзалт хийж, далд уурхайн санхүүжилтийг нэн даруй шийдвэрлэхэд бэлэн байна.
Монголын Засгийн газар ил уурхайн амжилттай, хэвийн үйл ажиллагаа болон далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтэд бүрэн дэмжлэг үзүүлсээр байгаа билээ.
“Оюутолгой” төсөл нь Монгол улс болон бидний “Рио Тинто”-той байгуулсан түншлэлд ч мөн адил чухал ач холбогдолтой. Манай хувьцаа эзэмшигчид, Монголын ард түмний тусын тулд бидний харилцаанд шинэ шат эхлүүлж, Оюутолгойг хөгжүүлэх цаг ирсэн гэдэгт итгэж байна.
Гүнээ хүндэтгэсэн,
Н. Алтанхуяг
Ерөнхий сайд Н.Алтанхуяг уг захиаг 3 дугаар сарын 27-нд явуулсан. Давхар “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн дарга, тус компанийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал мөн “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захиралд ч илгээжээ.
Ерөнхий сайдын захидлыг баталгаажуулж, басхүү хариу хүсч энэ сарын эхний долоо хоногт “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд мөн захидал явуулсан байна. Захидалдаа Ерөнхий сайдын байр суурийг бататгахын хамт Улаанбаатар хотноо уулзахыг урьжээ. Харин “Рио Тинто” хэрхэн хүлээж авсан талаар тодорхой мэдээлэл алга. Д.Ганболд Захирал захидалдаа 4 дүгээр сарын хоёр дахь долоо хоногт Улаанбаатарт ирэхийг урьсан хэмээн эх сурвалж мэдээлж байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг яагаад “Рио Тинто” руу захидал бичих болсон шалтгааныг ойлгоход түвэгтэй биш. Өнгөрсөн оны 7 дугаар сард “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Ц.Сэдванчиг далд уурхайн санхүүжилтийг зөвшөөрөх боломжгүй хэмээн “Рио Тинто”-д захидал бичээд буруудсан удаатай. Энэ удаад дахиад “Эрдэнэс Оюутолгой” компанийн Захирал захидал явуулахаас илүүтэй Ерөнхий сайдын өөрийн гарын үсэг, албан бланктай захидал очих нь “Рио Тинто”-д итгэл үнэмшил төрүүлж таарна. Нөгөө талаар өнгөрсөн хугацаанд далд уурхайн санхүүжилт хойшилсон нь Монголын Засгийн газар зөвшөөрөхгүй байгаатай холбоотой хэмээн “Рио Тинто” олон улсад мэдээлдэг. Энэ удаад Засгийн газраас хамаараагүй, далд уурхайн санхүүжилтийг дэмжиж байсан шүү гэдэг мессежийг урьтаж өгч байгаа нь энэ юм.
Ерөнхий сайдын захидлын агуулгыг харвал Засгийн газар хатуу байр сууринаасаа татгалзжээ гэж ойлгогдоно.
Өнгөрсөн 8 сарын турш тодорхой асуудлуудыг тавьж, далд уурхайн санхүүжилт дээр “Рио Тинто”-г “шахах” гэж оролдсон Засгийн газрын төлөвлөгөө талаар болж буй бололтой. Далд уурхайн ТЭЗҮ-ийг бэлэн болгож, анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгааныг тодруулж гэмээнэ санхүүжилтийг зөвшөөрөх хатуу байр суурьтай байсан Засгийн газар ийн буулт хийлээ. Асуултын бүх тэмдгийг хойш тавиад, төслийн санхүүжилтийг зөвшөөрөхөд бэлэн гэдэг “мессеж”-ээ Ерөнхий сайд хэлчихэж.
Харин “Рио Тинто”-ийн зүгээс Монголын Засгийн тэргүүний захианд хариу өгсөн талаарх мэдээлэл алга. “Туркойз Хилл Ресурс” компанийн өнгөрсөн жилийн тайлангийн хэвлэлийн мэдээнд далд уурхайн санхүүжилтийг 3 дугаар сарын 31-нээс өмнө амжихгүй бол энэ оны хоёрдугаар хагаст багтаан шийдвэрлэхийг хичээнэ хэмээн дурдсан. Энэ оны хоёрдугаар хагаст багтаана гэдэг нь 2014 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө гэсэн үг. “Рио Тинто” Монголын Засгийн газартай зөвшилцөж чадахгүй бол гэдгээс өөрөөр төслийн санхүүжилтийг ингэж хойш татах үндэслэлийг тодорхой тайлбарлаагүй. Нэгэнт Засгийн газар үл ойлголцсон бүх асуудлаа хойш нь тавья гэж байгаа бол төслийн санхүүжилтийг 6 дугаар сарын 1 гэхэд шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Үүнээс цааш хугацаа сунжрах нь Монголын эдийн засагт тун хүнд тусах нь гарцаагүй. Ерөнхий сайд яаравчлан захидал бичсэн шалтгаан энэ биз ээ.
С.Болд-Эрдэнэ