Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Рио Тинто-ийн “safety” өмнийн говьд нутагшжээ

Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Оюутолгойн орд, түүнийг түшиглэн байгуулсан уурхай болон Баяжуулах үйлдвэр, ер нь бүхэлдээ Оюутолгой төсөл нь “Дэлхийд 3 дугаарт ордог, дэлхийд томоохон тооцогддог..., дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах...” гэсэн тодотголтой. Тэгвэл техник технологи, тоног төхөөрөмжөөс гадна уурхайтай холбоотой бүхий л үйл ажиллагаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандартыг хангасан байх учиртай. The Mongolian Mining Journal сэтгүүлийн сурвалжлах баг энэ удаад Оюутолгой уурхай, Баяжуулах үйлдвэрийн аюулгүй ажиллагаатай танилцсан юм.

Үйлдвэрлэлийн бүсэд нэвтрэхээс өмнө хэрхэн аюулгүй байдлаа хангах тухай 30 минутыг сургалтад хамрагдахаас эндхийн аюулгүй ажиллагаа эхэлнэ. Аюулгүй байдлын дүрэм, тэмдэг тэмдэглэгээг хаана ямар учиртай байршуулсан, тэдгээрийг хэрхэн таних, аваар ослын үед хаана хандах, ямар зохион байгуулалтад орох зэрэг мэдээллийг сургалтын үеэр өгөв. Энэхүү сургалтаар олж авсан мэдлэгээр тань “бяцхан” шалгалт авдаг.  Үйлдвэрлэлийн бүс дотор нүдний тусгай шил, каск, 1.5 тонн даацын хамгаалалт бүхий гутал, цацруулагчтай хантааз зэргийг зайлшгүй өмсөх ёстой, машинд зорчихдоо аюулгүйн бүсийг заавал бүсэлнэ. Мөн “Оюутолгойд хүн бүр аюулгүй ажиллагааг хангах үүрэгтэй” гэсэн тэмдэглэгээг алхам тутамд байршуулсан байх аж.

Сургалтын дараа сурвалжлах багт Оюутолгойн ил уурхайг бүхэлд нь тольдож,  олборлолт хэрхэн явагдаж байгааг харах боломж тохиов. Ил уурхайгаас шууд Машин механизмын засвар үйлчилгээний төвийг зорилоо. Төвтэй танилцахаас өмнө “Оюутолгой” компанийн Ил уурхайн засвар үйлчилгээний хэлтсийн менежер Жэймс Лийс аюулгүй ажиллагааны талаар танилцуулга хийв. Зочдод зориулан богино илтгэл тавих аж. Харин шинэ ажилтан бол 5 хоногийн сургалтад зайлшгүй суудаг. Энэ төвд том оврын, хүнд машин механизм, техникт засвар хийгдэх талбай, засварын явцад анхаарах тэмдэглэгээ, төвд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид засварын ажилд саад болохгүйгээр явах ёстой газруудыг бүгдийг өнгөөр ялган буджээ. Өнгө бүр нь аюулгүй ажиллагааны тодорхой дүрэмтэй. “Оюутолгой” компани нь ажилчдын аюулгүй ажиллагаанд нэн тэргүүнд анхаардгийн нэг жишээ нь Аюулгүй ажиллагааны тусгай сургалтын төв юм. Тус төвд үйлдвэрлэлийн бүсэд учирч болзошгүй аваар осол, тэдгээрээс хэрхэн сэргийлэх талаар  макет, 3D видео, компьютер тоглоом зэргээр харуулан сургалт явуулдаг байна.

“Оюутолгой” уурхайд ашиглагдаж байгаа каск болон Хятадад үйлдвэрлэсэн каскны хооронд чанарын ямар ялгаатай, согтууруулах ундаа хэрэглэсэн үед хүний нүдний харах өнцөг ямар болдог, эвдэрч гэмтсэн багаж тоног төхөөрөмж дээр ажиллах аюулыг бодит мэт харуулсан  үзүүлэх сургалтууд явагдах аж. Мөн ажилчид тодорхой нэг сэдэв сонгон “бодит” сургалтыг улиралд нэг удаа зохион байгуулдаг байна. Оюутолгойн ажилчид аюулгүй ажиллагааны дүрэм журмыг өдөр тумын ажлын мөрдлөг болгон ажиллаад хэдийнэ хэвшсэн нь дэлхийн хэмжээний уурхай хэмээн тодорхойлох нэг үзүүлэлт болж байгаа юм.

Дэлгэрэнгүй сурвалжлагыг Mongolian Mining Journal-ийн 5 дугаар сарын дугаараас уншаарай.

Э.Оджаргал