Украйнтай үүсгээд буй хурцадмал байдлын улмаас газрын тос, хийн бүтээгдэхүүнийхээ гол зах зээл-Европыг алдахад хүрээд буй Орос улс Энэтхэг рүү тос нийлүүлэх хоолой тавих яриа хэлэлцээрийг аль хэдийнэ өрнүүлж эхэлжээ. Тус улс Хятад, Энэтхэгийн түлшний үлэмж эрэлтийг анхааралдаа авч, ирээдүйн гол зах зээлээ болгохоор зэхэж буй нь улам бүр тодорхой болсоор байна. Орос улс Энэтхэгийн “Oil and Natural Gas Corporation” компанитай энэ оны дунд гэхэд газрын тос дамжуулах хоолой байгуулах төслийг бүрэн тохиролцож дуусах төлөвтэй байна. Уг төсөлд ойролцоогоор 30 тэрбум доллар зарцуулагдах тооцоотой байгаа ажээ. Харин төслийн бүтээн байгуулалтыг 2020-2022 онд гүйцэтгэж дуусгах юм байна.
Хоолойг Хятадын баруун хойд нутгаар дамжуулан Энэтхэгийн хойд хэсэгт хүргэж байгуулахаар урьдчилан төлөвлөжээ. Энэхүү хоолойг байгуулснаар Хятадын хувьд газрын тосны транзит тээврийн орон болох боломж бүрдэх юм. Харин Оросын хувьд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын зах зээлд нэвтрэх завшаан тохиох юм.
Ийнхүү Орос улс эрчим хүчний экспортын бодлогоо Хятад, Энэтхэг рүү чиглүүлж буй нь илэрхий боллоо.
Гэхдээ Энэтхэг, Оросын хувьд газрын тос дамжуулах хоолойгоор холбогдох асуудлаар нэлээд олон жил тууштай ярилцаж ирснийг энд тэмдэглэе.
Үүнээс гадна Хятад улсын хувьд
цаашдаа Оросын түлшийг харьцангуй хямд үнээр худалдан авах боломж уг төслөөр
дамжин улам бүр батжиж байж мэдэх юм.
Б.Төгс