Англи-Швейцарийн хамтарсан “Glencore Xstrata” компани нь Перу дэх Лас-Бамбас зэсийн ордоо худалдах асуудал багагүй хугацаанд үргэлжилж олны анхаарлыг татаж байлаа. Ийнхүү энэ томоохон ордыг Хятадын консорциум худалдаж авахаар болж байна. Хэлэлцээрийг энэ оны 3 дугаар улиралд багтаан дуусгахаар төлөвлөж байгаа тухай “Glencore Xstrata” компаниас мэдэгджээ.
Хятадын консорциумд багтаж буй “MMG Ltd” компани 62,5%,”Guoxin International Investment” корпораци 22.5% болон “Citic Metal Co” компани 15%-ийг Перу дэх зэсийн төсөлд тус тус эзэмших юм. Хоёр талын худалдааны хэлэлцээрийн нийт үнэ 6,25 тэрбум ам.доллар бөгөөд үүнд үндсэн ордын үнэ 5,85 тэрбум доллар болон “Glencore Xstrata” компанийн эхний улиралд төсөлд оруулсан 400 сая долларын хөрөнгө багтаж байгаа аж.
Лас Бамбас ордын ашиглалт 2014 оны 4 дүгээр улиралд эхлэхээр төлөвлөгджээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 4,23 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа юм. 2013 оны эцсийн дүнгээр “Glencore Xstrata” компани төсөлд нийт 3,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна. Нийт 10,5 сая тонн зэсийн нөөцтэй Лас Бамбас ордын уурхайг ашиглалтад оруулснаар жилд 400 мянган тонн зэс, 5 мянган тонн молибден үйлдвэрлэх юм.
Э.Од